Хууль зүйн сайд эмнэлгийн барилгыг прокурорынхонд бэлэглэхээр шийджээ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрсөн баасан гаригт Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн удирдлагатай уулзаж, тус эмнэлгийн өргөтгөлийг Хууль зүйн яам болон прокурорын байгууллагын байр болгох гэж буйгаа дуулгажээ. Тэрбээр эл шийдвэрээ эмнэлгийнхэнд тайлбарлахдаа “хотын төвийн А зэрэглэлийн бүсэд эмнэлэг байх нь тохиромжгүй. Тиймээс өргөтгөлийн барилгыг Хууль сахиулах байгууллагын цогцолбор болгоно” гэжээ. Эмнэлгийн удирдлагууд сайдын энэ үгийг сонсоод мэл гайхаж хоцорчээ. Учир нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн өргөтгөл барих тухай асуудлыг гурван жилийн өмнө хэлэлцэж, 9.3 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Түүгээр ч зогсохгүй Засгийн газрын 2008- 2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудын нэг нь уг өргөтгөлийн барилга юм. Гэтэл шинэчлэлийн Засгийн газрын шинэ сайд маань гэнэт л өргөтгөлийн барилгыг “бид авна” гэж дайрахаар эмнэлгийнхэн гайхах нь аргагүй биз. Эмч, сувилагчдыг мэл гайхахад хүргээд буй эл асуудлын талаар Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Батмөнхөөс тодруулахад “Хууль зүйн сайд Х.Тэмүүжин манай удирдлагатай уулзахдаа аман байдлаар хэлсэн юм билээ.
Түүнээс албан бичиг ирүүлээгүй. Эмнэлгийн өргөтгөлийн барилгыг прокурорын байр болгоно гэсэн сурагтай. Өргөтгөлийн байрны зориулалтыг өөрчлөх гэж байгааг бид эсэргүүцэж байна. Тиймээс эмнэлгийн хамт олон цуглаж, цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар ярилцаж байна. Зөвхөн эмнэлгийн ажилчид дургүйцээд байгаа юм биш, иргэд ч дургүй байгаа. Түүнээс гадна өргөтгөлийн барилгын А корпуст сүүлийн үеийн оношлогооны тоног төхөөрөмж суурилуулсан. Өндөр үнэтэй эл төхөөрөмжийг буцааж салгах ямар ч боломж байхгүй.
Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байгаа учир хүлээлтийн байдалтай байна“ гэв. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг 239 ажилтантай бөгөөд жилд дунджаар 90000-100000 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг аж. Үйлчлүүлэгчдийн олонхи нь төрийн албан хаагчид байдаг учраас иргэдээ төрийн, жирийн хэмээн алагчиллаа гэсэн шүүмжлэл тасардаггүй. Тус эмнэлгээр үйлчлүүлэгч эмэгтэй ярихдаа “Харьяа өрхийн болон дүүргийн эмнэлэгт биеэ үзүүлэхэд хүндрэлтэй байдаг. Харин энэ эмнэлэг хурдан шуурхай, бидэнд амар юм. Тэгээд ч төрийн албанд насаараа зүтгэсэн хүмүүс хэдэн хоног хэвтэж эмчлүүлэхэд иргэдээ алагчилсан болохгүй” гэв.
Ийн эмнэлгийн ажилчидтай уулзсаны дараа Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Мягмартай уулзаж үүсээд буй нөхцөл байдлын тапаар цөөн асуултад хариулт авлаа.
-Яагаад эмнэлгийн өргөтгөлийн барилгыг оффис болгох гээд байгаа юм бэ?
Хуулийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулахын тулд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн өргөтгөлийн барилгыг хуулийн төв байгууллагын цогцолбор болгох гэж байгаа юм. Ингэснээр иргэд хуулийн байгууллагын үйлчилгээг нэг цэгээс авна гэсэн үг. Бид хотын А зэрэглэлийн бүсэд эмнэлэг байх ёсгүй гэж үзэж байгаа. Өмнөх Засгийн газар ч ингэж үзэж байсан. Түүнчлэн эмнэлгийн зарим тоног төхөөрөмж, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээний аюултай. Энэ талаар тагнуулын байгууллага шалгаж байгаа юм билээ.
-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг байхгүй болно гэсэн үг үү?
-Хотын А зэрэглэлийн бүсэд эмнэлгийн үйл ажиллагаа явуулахгүй гэсэн үг. Түүнээс үйл ажиллагааг нь зогсооно гэж байгаа юм биш. Хэрэв хуучин чиг үүргээрээ төрийн апбан хаагчдад үйлчилнэ гэвэл Цэргийн госпитальтай нэгдэнэ. Мэдээж хоёр эмнэлэг нэгдэхээр байр сууцны асуудал үүснэ. Тиймээс Цэргийн госпиталийн ойролцоо шинэ эмнэлэг барих шаардлага гарч байгаа юм. Энэ асуудлыг бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.
-Гадаадаас оруулж ирсэн эмчилгээний тоног төхөөрөмжийг аль хэдийнэ суурилуулчихсан, салгах боломжгүй гэсэн. Энэ талаар та нарт мэдэгдсэн үү?
-Эмч нар эмчилгээний төхөөрөмжийг салгах боломжгүй гэдгээ хэлсэн. Үнэн эсэхийг нь мэргэжлин байгууллага шалгаж тогтооно. Ер анх яаж авчирч суурилуулсан яг тэр аргаар нь зөөж, тээвэрлэх шаардлага гарна. Хууль зүйн яамны булаалдаад буй уг өргөтгөл А, Б гэсэн хоёр корпустай. Гүйцэтгэгч компаниар “Шинэ барилга” ХХК ажиллаж байгаа юм.
Энэ оны сүүлээр ашиглалтад орох байсан ч зам засварын ажлаас үүдэн удааширч ирэх оны тавдугаар cap хүртэл хойшлогдоод байгаа Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн одоогийн үйл ажилгаа явуулж буй байр нь 1933 онд баригдсан. Тиймээс зайлшгүй засвар шинэчлэлт хийх шаардлагатай хэмээн үзэж өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлжээ. Ийн тэдний эхлүүлсэн ажлыг үл тоож, эмнэлгийн барилгыг булааж байгаад эмзэглэж буйгаа уулзсан эмнэлгийн ажилтнууд хийлж байсан юм. Хэрэв эцсийн шийдвэр Хууль зүйн яамны талд гарвал амаа үдүүлсэн юм шиг чимээгүй сууж чадахгүй гэдгээ ч дуулгасан.
Ц.Оюунтунгалаг
URL: