Чоно харайхын станц үлгэр болов уу?

Ойрмогхон Ховд аймгийн  Дөргөн суманд ажлаар очихын завсарт сумын төвөөс холгүй орших Чоно харайхын усан цахилгаан станцаар оров. Бидэнтэй хамт аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгал орчин, уул уурхайн хяналтын улсын байцаагч Эрдэнэчулуун, мөн иргэний нийгмийн байгууллагын зарим хүмүүс явсан бөгөөд Ховдын Мянгад сум болон Увс аймгийн Улаангом хотын хооронд тавигдах хатуу хучилттай авто замын ажлын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээд нийслэлийн зүг буцаж явсан зөвлөх инженер Батсүх, судлаач зөвлөх Туваандорж нараар ахлуулсан судалгааны багийнхан  мөн тааралдав. Энэ нь олзуурхууштай тохиолдол байсан бөгөөд тэдгээр мэргэжилтнүүдтэй станцын байдал, үйл ажиллагаатэй танилцахын дашрамд зарим онцлох асуудлыг сонирхсон юм.

Энэ цахилгаан станц баруун бүсийн аймгуудын хэрэглэж буй эрчим хүчний гуравний нэгийг үйлдвэрлэн гаргаж түгээлтийн сүлжээнд нийлүүдэг, 40 гаруй ажиллагсадтай томоохон үйлдвэр болжээ. Гагцхүү анх барьж байгуулж байх үеэс эхлэн хайхрамжгүй орхигдсон байгаль орчинд нөлөөлөх байдал, байгаль хамгаалахтай холбоотой зарим асуудлын сөрөг үр урхаг одоо хэр таагүй үзэгдлээ хадгалсаар байна. Тухайлбал, энд УЦС-тай болсноос хойш Чоно харайхын голын загасны өсөлт үржилтэд аюул заналхийлэх болсон тухай хэдэн жилийн өмнө яригдаж байсан ч одоо болтол түүнийг нэг мөр шийдвэрлэж чадаагүй байна. Загасны үржил явагдахгүй байгаагийн учир нь тус станцын гол байгууламж ажиллаж буй тэр хэсэгт хаврын улиралд загаснууд цуглан ирж түрсээ шахдаг байна. Ийнхүү түрсээ шахах газартаа нүүдэллэн очих замд нь нүсэр том байгууламж саад болж, замыг нь хааснаас ийм бэрхшээл үүсчээ. Үүнийг гэтлэх зорилгоор байгууламжийн ар, өврийг холбосон суваг татаж, загас өнгөрүүлэх байгууламж гэгч томоохон байгууламжийг барьсан нь ч тус болсонгүй гэнэ.

Мэргэжилнүүд яагаад энэ загас өнгөрүүлэх байгууламж руу загас ойртож ирэхгүй, дамжин өнгөрөхгүй байна вэ хэмээн нэг нэгнээсээ асууж, учир шалтгааны эрэлд хатаж байгаагаа бидний дэргэд илэрхийлцгээв. Гэсэн ч тэдний хэн нь ч тэр даруйд тоймтой хариуг хэлсэнгүй.

Үүнээс гадна УЦС-ыг барих үед сэндийчсэн газар, ухсан нүх зэргийг хуучин хэвшилд нь оруулж, нөхөн сэргээх ажил бараг хийгдээгүй нь анзаарагдав. Тус үйлдвэрийн газрын Байгаль орчны хяналтын инженер Алтансүх ч үүнийг гэрчилж, энэ талаар дорвитой ажил хийх шаардлагатай байгааг хэлж байсан. Энэ бүхний шалтгаан нь гэвэл мөнөөх станцыг барьж байгуулах ажилтай зэрэгцүүлэн хэрэгжүүлэх байсан Байгаль орчныг нөхөн сэргээх төлөвлөгөөг Засгийн газраас огт хэрэгсээгүй, шаардагдах төсөв хөрөнгийг нь олгож өгөөгүй явдал гэдгийг мэдэхгүй хүн бараг байхгүй болжээ. Энэ бол сургамж.

Өнөөдөр Томоохон үйлдвэрлэл, уул уурхайн бүтээн байгуулалттай холбоотой байгаль орчинд нөлөөлөх байдал, байгал хамгаалах асуудлыг олонтоо ярьдаг ч тэгж ингээд орхигдуулахыг хичээдэг нь зуршил болсон зүйл гэдгийг холбогдох эрх, мэдэлтнүүд хийгээд мэргэжлийн байгууллагуудын аль аль нь онцгой санамж болгож авч үзэхгүй бол болохгүй болсныг харуулж буй нь энэ.

Г.ТӨРМӨНХ (Ховд)


URL:

Сэтгэгдэл бичих