Иргэд газраа өгөхөд бэлэн, гэхдээ…
100 айл”-аас Баянбүрд хүртэлх гэр хорооллыг газарт оруулж орон сууцны шинэ долдугаар хороолол барих ажил яригдаж эхэллээ. Хөрөнгийн эх үүсвэр нь тодорхой хэмжээгээр шийдэгдсэн. Одоо шийдвэрлэх ганц том асуудал байна. Энэ нь газрыг чөлөөлөх. Шинэ долдугаар хороолол нь Сүхбаатар дүүргийн IX, X, XI хорооны нутаг дэвсгэр дээр баригдах бөгөөд үүнд “100 айл”, 32-ын тойрог, Баянбүрд хавийн айлууд хамрагдаж байгаа юм. Өнөөдөр харагдах байдлаараа газрыг нь чөлөөлөх гэсэн нийслэлийн удирдлага, газраа үнэд хүргэх гэсэн иргэд хоорондын үл ойлголцлын асуудал шинэ орон сууцны хороолол босоход гол тээг болж байна. Газар дээрээ бодит байдал ямар байгааг сурвалжиллаа.
ГАЗРАА ХУДАЛДАХ ТАЛААР ИРГЭД ЯМАР Ч МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙНА
Дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр болох 32-ын тойрог руу чиглэх шинэ замын буруун талд байрлах улаан худаг дээр очиж сурвалжлах ажлаар яваагаа иргэдэд ойлгуулав. Худаг дээр ус авахаар дугаарлах иргэд олон байлаа. Тэгсэн сонгосон УИХ-ын гишүүн нь ирж байгаа юм шиг иргэд бөөнөөрөө шавлаа. Тэд хэд хэдэн зүйлийг тодорхой ярьж хэлж байна.
Нэгдүгээрт тус хорооны иргэд газраа хэрхэн зарж юм болгох талаар ямар ч мэдээлэл, цэгцтэй ойлголт алга. Тухайлбал, газраа иргэн хэнд зарах юм, улсад юм уу, хувь компанид юм уу. Хэдэн төгрөгөөр үнэлэх юм. Байраар солилоо гэхэд тодорхой хугацаанд хаана амьдарцгаах, газар чөлөөлөх ажил нь хэзээ эхлэх, хашааныхаа газрыг хамт эзэмшиж буй гурван өрх айл хэрхэн хуваах, өрх бүрийн хашаанд буй хөрөнгө болох сууцны байшин, гарааш, гүний худаг, хүнсний дэлгүүр… гэх мэт зүйлсийг зах зээлийн ханшаар яаж үнэлэх юм гэхчлэн олон асуудлыг иргэд ярьж байна. Гэхдээ иргэд нэг зүйлийг сайтар ойлгожээ. Энэ нь “Бид газраа чөлөөлж өгөх ёстой” гэж. Харин дээр дурдагдсан асуудлуудыг төр засгийн зүгээс сайтар нягтлан үзэж шийдвэрлэж өгөхийг л хүлээж байгаа бололтой. Иргэдэд бас ийм нэг ойлголт байна. Төр засгийн зүгээс хашаа бүрийн газрыг нэгээс хоёр өрөө байраар солино, эсвэл 20-25 сая төгрөгөөр худалдаж авна гэсэн. Харин иргэд болохоор нэг метр квадратаа 200 мянган төгрөгөөр буюу 300 метр квадрат талбайтай айл 60 сая төгрөгт газраа үнэлж байгаа юм байна. Тэр хавийн газар голдуу 300 орчим метр квадраттай гэнэ. Төр иргэн хоёрын хооронд үнийн саналын ийм л зөрүү байна гэж ойлгогдлоо. Гэхдээ хашаа бүрийн хэмжээ өөр өөр, иргэн бүрийн бодол санал ч бас янз бүр байгаа нь ойлгомжтой. Ер нь бол төр засгийн зүгээс шинэ орон сууцны хороолол барих гэж буйтай холбоотойгоор ард иргэдээс санал бодлыг нь урьдчилан авч төлөвлөгөөндөө тусгах тал дээр хойрго хандсан юм болов уу даа гэх бодол дээрх хорооны иргэдтэй уулзахад төрж байлаа. Иргэд ч ийм саналыг олноор тавьж байв.
Гэхдээ иргэдээс газрыг нь үнэлж авах энэ ажил огт эхлээгүй байгаа юм биш билээ. Зарим нэг аж ахуйн нэгжүүд цөөн тооны айл өрхөөс хашааных нь газрыг худалдаж авах, зарим өрхөд нь бүр нисэх рүү шинэ байр өгсөн байна. Жишээлбэл, “Бэрэн” констракшн, “Анд интернэшнл”, “Орон сууц санхүүжилтийн корпараци” зэрэг аж ахуйн нэгжүүд. Харин энэ компаниудын өмнө тулгарж буй бэрхшээл нь шугам сүлжээг шийдвэрлээгүй асуудал аж. Төрийн зүгээс хийсэн ажил нь одоогоор бол тус дүүргийн найман зуу орчим өрхийн хашааны газрыг авах судалгааг гаргаж нэрсийн жагсаалтыг хороодын Засаг дарга дээр байршуулсан юм байна. Энэ мэдээллийг Засаг даргатай нь уулзаж байж олж мэдлээ. Харин иргэд болохоор мэдээгүй байх юм. Ер нь мэдээллийн шуурхай байдал төрийн зүгээс дутагдаж байх шиг.
Газарт оруулна гэсэн мэдээлэл цацагдсанаас хойш хүмүүс айл өрхүүдээр явж газрыг чинь худалдаж авъя, эсвэл байраар сольё… гэх мэт үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлийг ярин хашааны хаалгыг нь тогших болжээ. Хашаа бүрийн хаалган дээр “Гарын үсгээр байр солино” гэсэн бичиг наасныг иргэд сайн ойлгохгүй байгаа аж. “Дээгүүрээ л яриад байх юм. Доогуураа, иргэдтэйгээ ирж уулзаач, бодитой мэдээлэл өгөөч” гэцгээж байлаа.
Бас нэг гомдол бол тус хорооны Засаг дарга энэ талын мэдээллийг иргэдэд хүргэдэггүй гэнэ. Түүнчлэн хэвлэлийн байгууллагад янз бүрийн мэдээлэл өгөхгүй байхыг анхааруулсан гэх.
Ингээд хорооны Засаг даргатай нь уулзахаар очлоо. XI хорооны Засаг даргыг Ч.Хандсүрэн гэдэг юм байна. Түүнээс зарим зүйлийг асууж тодрууллаа.
-Газар чөлөөлөх ажил хэзээ эхлэх вэ. Танд мэдсэн зүйл байна уу?
-Таван хүний бүрэлдэхүүнтэй төслийн нэгж байгуулагдсан гэсэн. Газар чөлөөлөх ажлаа удахгүй эхлүүлнэ гэж байсан. Эхний ээлжинд газарт орох 854 айлын нэрсийн жагсаалт ирсэн. Үүний 426 хашаа нь манай хорооны нутаг дэвсгэр дээр байрладаг. Ер нь судалгааны түвшинд асуудлууд нь шийдэгдчихсэн гэсэн. Гэхдээ газар чөлөөлөх ажил яг хэзээ эхлэхийг хэлж мэдэхгүй байна. Мөн ямар үнээр худалдаж авахыг нь тодорхой мэдэхгүй байна. Удахгүй төслийн нэгжийнхэн ирж уулзана гэсэн. Ирэх долоо хоногт тодорхой болчих байх.
-Газраа хэрхэн худалдах талаар иргэд ямар ч мэдээлэлгүй байна. Та энэ тал дээр ямар арга хэмжээ зохион байгуулсан бэ. Иргэдтэйгээ уулздаггүй гэх яриа ч байна?
-Бөөнөөр нь цуглуулж уулзаагүй нь үнэн. Нийслэлийн удирдлагаас тодорхой батлагдсан мэдээлэл ирээгүй байна. Тиймд би дур мэдэж худал зүйл ярих эрхгүй. Харин тэдэн сарын тэдэнд албан ёсоор ажил эхэлнэ. Ийм ийм ажлыг ингэж явуулна гэсэн заавар журам ирэхээр нь иргэдээ цуглуулж хурал хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Иргэдийн зүгээс газраа худалдах талаар танд санал гомдол ирж байна уу?
-Газраа байраар солих саналыг зарим иргэд дуртай хүлээн авч байгаа. Зарим нь болохоор зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл нэг хашаанд ах нь дүү нь, аав ээж нь гээд гурав, дөрвөн өрх айл амьдарч байна. Хашааны эзэн байрандаа орлоо гэхэд өнөөх үлдсэн айлууд нь яах вэ гэдэг асуудал их гарч байна. Тийм хүмүүс мөнгөө аваад өөр газар хашаа байшин аваад гарах сонирхолтой байгаа. Зарим нь газраа үнэд хүргэж дундаас нь ашиг хонжоо олох гэсэн хүмүүс ч байна. Мэдээж хүний хүсэл хязгааргүй юм чинь янз бүрийн л санал хүсэлт ирүүлдэг дээ. Үүнийг аль аль талыг нь уялдуулж л зохицуулмаар байна.
-Газар худалдаж авах анхны үнэлгээ нь яаж гарсан юм бол?
-400 метр квадрат талбайтай хашааг нэг өрөө байраар, 700 хүртэлх метр квадрат талбайтай хашааг хоёр өрөө байраар солино гэж байсан шүү дээ. Гэтэл 700 метр квадрат талбайтай айл өрхүүд тун бага байдаг. Голдуу л 300 орчим талбайтай айлууд. Тэгэхээр бараг бүгдээрээ нэг өрөө байраар солих болж байгаа юм. Үүнийг л зохицуулах хэрэгтэй байна даа гэв.
Тод хараар тэмдэглэсэн нь эхний ээлжинд газарт орох айлууд
А.БИЛГҮҮН
URL: