Үлгэрт итгэх монголчууд 2

Яг ийм нэртэй нийтлэлийг яг жилийн өмнө бичиж байсан юм. Харин өнөөдөр үргэлжлүүлж бичмээр санагдлаа.

Үлгэр их олон янз. Ихэмсэг баян хүн ядуу гуйлгачин болж байгаа тухай, залхуу тэнэгдуу эр заль мэх гарган буян, алдартай болж байгаа тухай, хэн нэгэнд /бурхан биш шүү/ хүлэг морь нь, загасны уурга нь, атгасан шагай нь тус болж сайн сайхан амьдралд хүргэж байгаа гээд тоймгүй олон “загвартай”. Гэхдээ үлгэрт голдуу баян тарган, ихэс дээдэс язгууртан хүнийг ихэнхдээ муу муухай, тэнэг мангарын “үлгэр жишээ” болгох нь элбэг. Энэ нь эртнээс нааш хүн байх уг чанартай нь холбоотой бололтой. Ерөөс хүн нийгэмшин амьдрах болсон үеэс ажил хөдөлмөрөөс хойш сууж, амар хялбар аргаар амьдарчих сонирхолтой хүмүүс олон байсан байх. Тийм хүмүүсийн хувьд хөдөлмөр хийж, эд баялагтай болж байгаа хүмүүстэй эртнээс өштэй. Ингээд л эртний өшт язгууртнуудад зориулан тэднийг тэнэг мангарын туйл, эргүү зүүлэгийн загвар гээд л үлгэр зохиож ярин түүндээ бага ч болов итгэн өөрсдийн бухимдлаа тайлж байсан болов уу. /жаахан дэгсдүүлсэн бол уучлана биз ээ.

Улс орон бүр өөрийн гэсэн үлгэртэй. Зарим улс оронд энгийн тариачин асар амсхийх чөлөөгүй ажиллаж байж амжилтанд хүрсэн тухай гардаг байхад манай Монголчуудын хувьд арай өөр амар хялбар аргаар амжилтанд хүрсэн тухай өгүүлдэг. Ийм жишээ нь Бушхүүгийн үлгэрээс харж болно. Энэ үлгэрт, Лусын хаан гөрөөсний дүрд хувилан явсан охиныг нь амийг нь аварсан Бушхүүд өгсөн бэлэг болох шагай нь түүнийг эхнэр, өргөө гэр, адуу малтай болгодог. Орчин үеийн хэллэгээр бол Лусын хааны бэлгийн шагайг Бушхүү дэрлээд унтаад гүйцээ, өглөө нь бүх юм ОК гэсэн үг. Харамсалтай нь энэ бүхэн үлгэр.

Бүүр харамсалтай нь үлгэрт итгэх Монголчууд олон байгаа явдал. Өнөөдөр ч гэсэн хонжворт сугалаанд, утасны хонжвортой нэгжид, лам, зурхайчийн өгсөн тарни шившлэгт зүйлд битүүхэндээ итгэн хэдэн хүн дэрлэж унтах нь холгүй байгаа бол. Тэдний хүсэн хүлээсэн үр нь гэнэт баяжиж, байшин машинтай болох, алдар нэрийн оргилд хүрэх, идэх хоол өмсөж зүүхээр дутахааргүй болох тухай.

Өдгөө барууны соёлжсон улс орнуудад сугалаат худалданы менежмент үеэ өнгөрүүлсэн, бараг хэрэглэдэггүй гэнэ. Өөрөөр хэлбэл сугалаатай худалдаанд худалдан авагчид итгэхгүй гэсэн үг. Харин манайд бол тэс өөр. Байр орон сууц, унаа машины сугалаатай худалдаа араа араасаа цуварна. Бие биеэ давах гэсэн учир утгагүй сугалаат уралдаанууд ар арааасаа үргэлжилнэ. Нийтлэлч Аанхаагийн бичснээр удахгүй байр, машин, эхнэр амласан хонжворт сугалаат худалдаа зарлаж магадгүй болчихоод байна.

Ерөөс хүмүүсийн үлгэрт итгэх нэг чухал шинж бол ямар хялбар аргаар баяжих. Ажил хөдөлмөр эрхлэж, өөрийн биеэ зовоолгүй баяжих ямар арга байнэ вэ? Энэ бол үлгэрт итгэх хүмүүсийн үндсэн сонирхол. Мэдээж эрэлт байгаа газар нийлүүлэлт байдаг зах зээлийн зарчмын дагуу иргэдийн эрэлтэд нийцсэн нийлэлтүүд байх.

Тэдний нэгийг Саран авхай гэнэ. Мань хүнд академич, зурхайч, ШУ-ны доктор, бясалгагч, зөн билэгтэн, энерги аура тэнцвэржүүлэгч гээд олон цол гуншин байдаг юм билээ. Гэхдээ тэрээр бусдад “амархан мөнгөтэй болох аргыг заагч” гэдгээрээ их алдартай. Ноднин өдийд UB паласын их танхимд 2-3 өдөр дараалан уншсан түүний “Яаж мөнгөтэй болох вэ?” лекцийг сонсохоор ирсэн Монголчууд пиг дүүрэн байсан. Лекцийн агуулга хүмүүст их таалагдсан гэнэ. Учир нь хүн мөнгөтэй болохын тулд ажил хйихээс илүүтэй түрийвчиндээ мөнгөө зөв авч явах ёстой л гэнэ, тарни шившлэг унших ёстой л гэнэ, дороо тойрон эргэлдэх ёстой юм байх. Гол эдгээрийг сэтгэлээсээ, үнэн зөв хийгээд байхад л мөнгө өөрөө түрийвч рүү чинь үсрээд ороод ирэх юм гэсэн шүү. Бүх насаараа шинжлэх ухааны мөр хөөгөөд “баяжиж” чадаагүй нэгэн энэ лекцэнд очсон гэнэ билээ.

Харин энэ жил Саран авхай маань усны тухай лекц уншсан гэсэн. Чих тавин сонирхвол мань авхай энэ талаар бараг л “шинэ шашин” нээчихсэн суут нэгэн болтой. Түүний шашныг “Усанизм” гээд нэрлэчихэж болмоор. Одоогоос 2500 гаруй жилийн тэртээ эртний Грекийн анхны философич Фалес ертөнцийн бүх зүйл уснаас бүтсэн гэж үзсэнийг хүн төрлөхтөн өдгөө болтол нотолж, танин мэдэж чадаагүй байсныг талын Монголын Саран авхай ийнхүү 2500 жилийн дараа нотолж байгаа ажээ. Зүй нь бол түүний энэ алдар гавъяаг Геннесийн номонд бүртгүүлж, дэлхийн хэмжээний философич гэж хүлээн зөвшөөрөх ёстой юм билээ. Усанизмын гол онцлог усны тусламжтай хүнийг эмчлэх, эдгээх, баяжуулах явдал гэнэ. Ямартай ч Усанизмын өөрийн гэсэн “сүм”-тэй бөгөөд энэ сүмд зочлон усны үр шимийг хүртэхээр олон хүмүүс зорьж байгаа гэсэн.

Дараагийн хүнийг Оюунгэрэл хадагтай гэнэ. Манайхан Орифлэймийн гэдгээр нь андахгүй. Бас л хэцүү зүдүү ажил төрөл хийлгүйгээр амархан баяжих аргыг бусдад заагчдын нэг. Орифлэймийг дагавал сард 1-5 сая төгрөг авах боломжтой гэж тэрээр ухуулдаг. Орифлэйм гэдэг нь угтаа бол гоо сайхны бараа бүтээгдэхүүний сүлжээний бизнес. Ерөөс сүлжээний бизнесийн нэг онцлог бий. Пирамид тогтолцоогоор үйл ажиллагаа нь явагддаг тул хэдий чинээ олон хүн энэ сүлжээнд элсэж, энэ компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэнэ, төдийчинээ Оюунгэрлийн түрийвч түнтийнэ гэсэн үг. Үнэн хэрэгтээ олон хүмүүсийг ажилтай орлоготой болгож байгаа гэж ярьдаг ч олон хүний хөлс хүчээр өөрөө хүчирхэгжиж байгаа нэгэн. Гэхдээ саяхнаас Орифлеймд итгэгчийн тоо цөөрсөн уу яасан бүү мэд, Орифлэймийн ТОП лидер гэх эрхмүүд яг л Хритын цуглаанд болдог “гэрчлэл” /Орифлэймд элсэхээсээ өмнө би ядуу байсан, хүссэнээ авч чаддаггүй байсан бол одоо би асар их мөнгөтэй болж хүссэн зүйлээ авч чадаж байна гэх мэт/ шиг зүйлийг TV-үүдээр захиалгаар гаргаж эхлэнэ билээ.

Бүр сүүлдээ Оюунгэрэл хадагтай Орифлэймийг нь хүмүүс тоохгүй болохоор нь өөр зүйл ярьж олны анхаарлыг татахаар шийдсэн бололтой. Саяхан нэгэн TV-ийн төлбөртэй шууд нэвтрүүлгээр орж байхдаа энэ оны 12 сарын 21-нд нар гарахгүй, 3 шөнө наргүй байна, байранд байгаа хүмүүс хөлдөж үхнэ, соронзон орны үйлчлэлээс болж кран зэрэг металл биетүүд унана, монгол гэрт амьдарвал амьд үлдэнэ, үүнийг гадаадынхан мэдээд монгол гэрийг ихээр худалдан авч байна гэх мэтээр эрүүл хүний ухаанаас гарамгүй зүйл ярьжээ.

Хамгийн сонирхолтой нь Оюун хадагтай хэрхэн 12 сарын 21-нд амьд үлдэх вэ тухай лекц унших юм гэнэ. Лекцийн тасалбар нь 10.0 мянган төгрөг гэнэ. Тэгэхлээр одоо хүмүүс ирэх 12 сард амьд үлдэхийн тулд Оюун хадагтайн лекцийг сонсох ёстой болж байна. Хадагтай Оюун ч хүний амь настай ийм чухал зүйл хэлж өгч байгаа юм чинь нэгмөсөн лекцийн тасалбарынхаа үнийг 1 сая төгрөг болгочихвол зүгээр байх. Мөнгөгүй хүмүүс энэ нууцыг мэдэж чадахгүй үхнэ л биз.

Товчхондоо бол мөнгө олох шинэ менежментийн санаагаа Оюун хадагтай “Дэлхий сөнөх тухай” сэдвээр сонгоод авчихсан юм уу даа. Сонирхолтой нь бидний цөөн монголчуудын нэлээдгүй хувь нь ашиг хонжоо л олж байвал юу ярьж, юу ч хийхээс буцахгүй энэ мэтийн хагас галзуу хүмүүсийн ийм эмгэнэлтэй гэмээр, инээдэмтэй ч гэмээр ярианд итгэж байгаа нь харамсалтай.

12 сарын 21 болдгоороо болж, амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилж, дэлхий эргэдгээрээ эргэж, нар манддагаара л мандана. Харин энэ өдрийн дараа худал буруу ярьж олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэн хэргээр Оюун хадагтай мэт хүмүүсийг хариуцлагад татах хэрэгтэй.

Төгсгөлд нь хэлэхэд үлгэр, үнэн байдал хоёрт өдөр шөнө шиг ялгаа бий. Үлгэрт хэдий чинээ итгэнэ, үнэн бодит байдлаас төдийчинээ холдоно гэдгийг бид сайн санах хэрэгтэй. Энэ мэтийн шашин ч гэмээр, номлол ч гэмээр, яриа ч гэмээр, ятгалга ч гэмээр зүйлд итгэх нь оюунлаг ухамсарыг боомилж, хийрхэлт ухамсарыг өдөөдөг бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих