Маргаан дэгдээгээд буй Сенкаку арлууд нь өчүүхэн хэмжээтэй

Хятад, Японы хоорондын маргааны гол бай болоод байгаа Сенкаку буюу хя­тадаар Дяоюйдао арлууд нь Зүүн Хятадын тэнгист Тай­ваниас 170 километрийн зайд оршдог.

Уг бүлэг арал нь хүн амьдардаггүй таван арал, гурван хадан цо­хио­ноос бүрддэг бөгөөд нийт­дээ 6.3 километр квадрат талбайтай. Энэ нь манай Улаанбаатар хотын нэг хо­роо­ны нутаг дэвсгэрээс ч бага гэсэн үг.

Гэвч энэхүү жижиг ар­луудын төлөө Азийн нөлөө бүхий хоёр улс тэмцэлдэж буй нь цаанаа учиртай аж. Тус арлуудад 1999 онд 200 тэрбум шоо метрээр хэм­жигдэх байгалийн хийн асар их нөөц илэрсэн нь Хятад, Японы сонирхлыг ихэд татжээ.

Сенкаку буюу Дяоюйдао арлуудын түүхийг товч сөхөж үзье.

Бээжингийн талын ба­талж буйгаар Хятад улс уг арлуудыг Дундад зууны үед, тодруулбал, 1371 онд нээсэн гэж үздэг. Харин 1783-1785 оны Японы газрын зураг дээр эдгээр арлыг Хятадын газар нутаг гэж тэмдэглэсэн аж.

1895 онд Япон, Хятад улс анх удаа дайн хийсний үрээр тус арлууд Японы мэдэлд шилжсэн байна. Ин­гээд булаан авсан арлууд дээрээ Японы үйлдвэрлэгч Кога Тацуширо гэгч загас боловсруулах үйлдвэр барьж, 1940 он хүртэл үйл ажил­лагаагаа явуулжээ. Гэвч тун удалгүй эдгээр арлыг эзэнгүй хаясан юм.

Харин дэлхийн хоёр­дугаар дайны дараа Сенкаку арлыг АНУ улс эзэлж аваад, 1972 онд Японд эргүүлэн өгчээ. Үүнээс өмнөхөн буюу 1969 онд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн зас­гийн комисс эдгээр аралд нефть, хийн нөөц байж болзошгүй гэдгийг тэм­дэг­лэсэн байна.

Япон улс таван арлаа АНУ-аас буцаан авсны дараа загас боловсруулах үйлд­вэрийн эзэн Тацуши­рогийн уд­мынхан дөрвийг нь Кури­харагийн гэр бүлд заржээ. Харин тав дахь арал Японы Засгийн газрын мэдэлд үлдсэн аж.

Ингээд арлуудын хувь заяа хэсэг хугацаанд чи­мээ­гүй байсны эцэст 1992 онд Хятад улс энэ бүлэг арлыг “түүхэн газар нутаг” хэмээн зарласан юм. Удалгүй тус арлуудад байгалийн хийн үлэмж их нөөц илэрсэн нь маргааныг улам дэгдээжээ. Энэ үеэр япончууд на­рийн арга хэрэглэж, Кури­хара­гийн гэр бүлээс дөрвөн арлыг нь түрээсэлж авсан байна. Харин энэ оны есдүгээр сард тус улсын Засгийн га­зар энэхүү дөрвөн арлын гурвыг нь худалдан авах тухай шийдвэр гаргаснаас болж, хоёр орны харилцаа тасрахад хүрчээ.

Манай улсын газар нутгийг 250 мянга хуваасны нэгтэй тэнцэх уг жижиг арлуудын төлөө Япон, Хятад улс энэ жил тохиож буй дипломат харилцаа тог­тоос­ны 40 жилийн ойн арга хэм­жээгээ хүртэл цуцалсан.

Түүнчлэн ард иргэдийнх нь харилцаа муудаж, эдийн засагт нь хүртэл нөлөөлсөн билээ. Таван арлын төлөө энэ хоёр улс цаашид дайн зарлаж ч болзошгүй байна. Газар нутгийн энэхүү мар­­­гаан ирээдүйд хэрхэн шийд­­­вэрлэгдэхийг харах л үлдлээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих