Х.Тэмүүжин шөнийн клубын ажиллах цагийг сунгана
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрсөн бямба гарагт Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа шөнийн цэнгээний газрын эзэдтэй уулзжээ.
Архи, тамхины зохисгүй хэрэглээг хязгаарлах, 21-ээс доош насныханд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх болон холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан бөгөөд иймээс ч ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэдэнтэй уулзаж яамнаас баримтлах бодлогоо танилцуулсан нь энэ юм.
Хууль зүйн яамнаас шөнийн цэнгээний газруудад стандарт тогтооно. Стандартад зааснаар тухайн цэнгээний газар гадна болон дотор талдаа шаардлага хангасан камер суурьлуулах, ойр орчмоо гэрэлтүүлэх, хамгаалалтын албатай, эмчилгээний өрөөтэй байх юм. Тавьж буй стандартыг дагаж мөрдвөл үйлчилгээний цагийг сунгах талаар хуульд тусгана. Хэрэв зөрчил дутагдал гаргаж, 21 насанд хүрээгүй хүнд архи худалдаалах буюу түүгээр үйлчилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэдгийг сайд сануулав.
Шөнийн цэнгээний газрын эзэд ч энэхүү шаардлагыг дэмжиж, дагаж мөрдөн ажиллана, гагцхүү ажиллах цагийг сунгах хүсэлтээ дахин дахин илэрхийлж байлаа.
С.Сарнай
URL: