Налайхын Засаг дарга Б.Баяндэлгэр 108 га газрыг бусдад олгосон уу?

Б.Баяндэлгэр Эрчим хүчний яамны дэд сайд асан Т.Энхтайвантай садан төрлийн холбоотой бөгөөд түүнд 108 га газрыг хууль бусаар өмчлүүлсэн тухай нэлээд баримттай яриа чих дэлслээ.

Аймгуудын Засаг ноёд шил даран аавын хаалга татсаар багагүй хугацаа өнгөрсөн. Сүүлийн үед Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэртэй холбоотой таагүй мэдээллүүд чих халууцуулж эхлэв.

Түүнийг солонгосчуудад газар зарж, их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй хэмээн нэг хэсэг шалгасан. Мөн төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас нь халсан, иргэдийн ЭМД-ын мөнгөнөөс нэг тэрбум төгрөг завшсан хэргээр хуулийнхан түүнээс мэдүүлэг авсан.

Харин энэ удаа түүний шинэ булхай дахин гарч ирэв бололтой. Тодруулбал, Б.Баяндэлгэр Эрчим хүчний яамны дэд сайд асан Т.Энхтайвантай садан төрлийн холбоотой бөгөөд түүнд 108 га газар хууль бусаар өмчлүүлсэн гэх яриа чих дэлслээ.

Дэд сайд асан Т.Энхтайваныг өнгөрсөн жил Налайх дүүргээс их хэмжээний газар авсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй сенсаци болж байсан. Гэхдээ тэрбээр энэ мэдээллийг эрс эсэргүүцэж “Төрийн сайдын нэр төрийг сэвтээлээ. Би тийм газар аваагүй. Нэр төрөө сэрээлгэнэ” хэмээгээд энэ тухай бичсэн сониныг шүүхэд өгч, ихээхэн хэмжээний мөнгө нэхэмжилж байв. Сайд асан төрийн алба хашихаасаа өмнө “Хангай сервис” ХХК-ийн захирал байсныг мэдэхгүй хүн байхгүй биз ээ.

Харин сайд болсноосоо хойш компаниа ах дүү нартаа өгч ажиллуулах болсон хэмээн мэдэгдэж байсан. Налайхын иргэдийн хэрэгцээний газраас Б.Баяндэлгэртэй нийлж багагүй хэмжээний газар авсан гэдгийг тус дүүргийн иргэд одоо ч ярьдаг. Хэрвээ Т.Энхтайван газар авсан нь батлагдвал Налайхын Засаг дарга Б.Баяндэлгэр АТГ-т дуудагдах нь дамжиггүй.

Эх сурвалжийн мэдээлснээр Налайхын иргэд Засаг даргаа газрын наймаа хийсэн гэж үзэн, холбогдох албаныханд шалгуулах хүсэлт гаргасан аж.

Тэрбээр төрийн албыг хувийн компани байгуулж буй мэт гүйцэтгэдэг гэдгийг захын хүн нотолдог. Түүнийг дөрвөн айлын газар олгох захирамж гарган, төрсөн дүүдээ өгсөн талаар тус дүүргийн иргэд барим тавин баталж байна.

Мань Засаг дарга ажил авсан өдрөөсөө л ойрын хамаатан, найз нөхдөөрөө төрийн албыг дүүргэж эхэлсэн байдаг. Тухайлбал, Эрүүл мэндийн нэгдлийн Санхүүгийн тасгийн нягтлангаар ойрын хамаатан болох Б.Энх-Эрдэнэ, эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар Б.Оюунчимэг, даатгалын эмч, ажилтан Т.Энхмаа гэх мэтээр цааш дурдаж болно.

Ийнхүү Б.Баяндэлгэр төрийн ажлыг хийхдээ хувийн ашиг, эрх мэдэл, мөнгө төгрөгийг нэн түрүүнд тавьсан байх юм. Гэхдээ манай засаг ноён ихээхэн арга бааштай нэгэн. Ингэж тодорхойлох болсон нь урьд өмнөх хэргүүд хуулийн байгууллагад нэг их удалгүй хаагддаг байсан. Тиймээс тэрбээр хэрэг хийсэн нь нотлогдсон ч “ажрахгүй” өнгөрөх магадлал тун өндөр аж.

Уг нь хэрэг шуугиан тарихгүй намжмал байх боломжтой байсан гэнэ. Гэтэл Б.Баяндэлгэр дүүргийнхээ Боловсрол, соёлын газрын дарга Р.Цэдэндамбааг үндэслэлгүйгээр аж­лаас нь халсны улмаас шүүхэд дуу­дагдан, улмаар урьд өмнөх булхай, луйврууд нь ийн цухалзаж эхэлжээ. Хамгийн гол нь, хоёр ч шатны шүүх Р.Цэдэндамбааг ажлаасаа үндэслэлгүй халагдсан гэж үзсэн.

Харин Засаг дарга Б.Баяндэлгэр өөрийгөө зөв зүйл хийсэн гэдэгтээ итгэж Нийслэлийн давж заалдах шат­ны шүүхэд хандаж дахин ялагджээ. Тэрбээр нийтдээ гурван шатны шүүхээр орж ялагдал хүлээсэн учир Улсын дээд шүүхэд хандахаар болоод байгаа гэсэн. Ямартай ч Засаг ноён 108 га, газрыг дэд сайдад зүгээр нэг бэлэглэлийн жур­­­маар өгсөн бол асуудал дагуулах нь ойлгомжтой. Дур мэдэн аашилдаг Зас­гуудыг хэзээ нэг цэгцлэх юм бол доо.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих