Сэтгэл шингэсэн бүтээн байгуулалт гэдэг цаанаа л өөр байдаг юм байна
Улсаас шинэ төрөх эмнэлэг барих ажилтай зэрэгцэн яригдаж байсан Нэгдүгээр төрөхийн өргөтгөлийг улсын комисст хүлээлгэж өгөх гээд сүүлчийн хадаасаа хадаж байна
Манайхан нэг хэсэг уул уурхайн салбарыг ихэд шүүмжилдэг, тэр хэрээр нь хөрөнгө оруулагчид ч жийрхдэг байлаа. Харин одоо арай зөөлөрч, хариуцлагатай уул уурхай гэдэг зарчмыг баримталдаг болжээ. Тэгэхээс ч биш яах вэ. Уул уурхайг болохгүй, бүтэхгүй нүдээр хараад л байвал улс орны эдийн засаг, хөгжил, дэвшил яаж ахих билээ.
Тэгвэл хариуцлагатай уул уурхай гэж яг юу юм бэ. Мэдээж байгаль, экологийн нөхөн сэргээлт, бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжил, ажил олголт. Хөрөнгө оруулагчид энэ бүгдийг орхигдуулалгүй шийдэж байж хариуцлагатай уул уурхайн тухай ярина. Монголд ийм аж ахуйн нэгжүүд байна. Үүний нэг нь “Бороо гоулд” ХХК. Эднийх хариуцлагатай уул уурхайг Монголд “нутагшуулах” их ажлын эхлэлийг тавьж буй цөөхөн компанийн нэг. Хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэгчдэд хамгийн түрүүнд тавигдах шаардлага нь байгаль орчин болон улс оронд хийж буй бүтээн байгуулалт гэдэг юм билээ.
“Бороо гоулд” ХХК-ийн хамгийн том бүтээн байгуулалтаар Нэгдүгээр төрөх эмнэлгийн барилгыг нэрлэж болно. Манайханд өмнө нь төрөх эмнэлэг барьж өгч байсан компани бий бил үү. Энэ бол Монголын нийт эх үрсэд барьж буй том бэлэг.
Өнөөдөр манай улсад эх, нялхсын эмнэлэг үнэхээр дутмаг байгаа. Нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод ердөө гуравхан төрөх эмнэлэг бий. Тэд нь ачааллаа даахаа байчихсан.
Эмнэлгийн коридорт хэвтүүлж эмчилдэг улс манайхаас өөр байхгүй. Нэг дор хэт олон хүн байрласнаас болж элдэв халдварт өвчин гарч, хэд хэдэн хүүхдийн амь нас эндсэн тохиолдол бий. Тиймээс шинэ төрөх эмнэлэг барих асуудал С.Ламбаа сайдын үед хүчтэй яригдаж байсан. Харамсалтай нь, өнөө хэр нь бодит ажил болоогүй л байна.
Хан-Уул дүүрэг, Яармагийн дэнжид шинэ төрөх эмнэлэг барихаар Засгийн газрын түвшинд гарын үсэг зурагдсан ч барилгын ажил нь сууриа цутгаад зогсчихсон байна лээ. Юунаас болоод ажил зогссон эсэх нь тодорхойгүй.
Улсын хэмжээнд эх, нялхсын эмнэлэг дутагдаж гачигдсан энэ үед “Бороо гоулд” ХХК нүдээ олсон хөрөнгө оруулалт хийсэн нь Нэгдүгээр төрөх эмнэлгийн өргөтгөл байв. “Бороо гоулд” гэдэг компани төрөх эмнэлгийн өргөтгөл барихын тулд 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ гэдгийг сонсоод би л хувьдаа “Овоо ш дээ” гэж баярласан. Гэхдээ “хулхидчихгүй байгаа даа” хэмээн хэрэндээ санаа зовж байсан юм. Харин саяхан “Барилгаа ашиглалтад өгөх гээд эмнэлгийн удирдлагуудад танилцуулах гэж байна, Ирж сурвалжилна уу” гэсэн урилга ирсэн. Үнэхээр ярьсан шигээ хийсэн бодит бүтээн байгуулалтыг нь хараад догдолж л байлаа.
Гадаадын мөнгөтэй хөрөнгө оруулагч нэг нөхөр эмнэлгээр хуурч байна гэж бодох хэрэггүй. Нийгмийн хариуцлага гэдгийг ухамсарладаг, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нэр төртэй компани учраас сэтгэл шингээсэн сайхан бүтээн байгуулалт хийсэн байна лээ. Магадгүй, уншигчид маань төрөх эмнэлэг ашиглалтад орсных нь дараа үйлчлүүлээд надтай санал нийлэх байх.
Эднийх барилгын ажлаа хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн. Хамгийн гол нь, улсаас шинэ төрөх эмнэлэг барих ажилтай зэрэгцэн яригдаж байсан Нэгдүгээр төрөхийн өргөтгөлийг улсын комисст хүлээлгэж өгөх гээд сүүлчийн хадаасаа хадаж байна. Энэ оны Арванхоёрдугаар сарын 1-н гэхэд Нэгдүгээр төрөхийн 150 ортой, бүрэн тоног төхөөрөмжтэй өргөтгөлийн барилгын түлхүүрийг гардуулахаар төлөвлөж байгаа гэсэн.
“Бороо Гоулд” компанийн зүгээс эмнэлгийн барилгын ажилд нийт 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүний найман тэрбум нь барилгын ажилд, хоёр тэрбум нь эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилгад зориулагджээ. 150 ортой шинэ өргөтгөл нэг дор 100 нь эмэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ, 50 нь эмчилгээтэй нярайд үйлчилгээ үзүүлэх боломжтой. Тиймээс ч өргөтгөл ашиглалтад орсны дараа эмнэлгийн зүгээс эмч, сувилагч гээд хүний нөөц нэлээд шаардагдах аж.
Одоогоор эх барих эмэгтэйчүүдийн эмч хангалттай байгаа ч нярайн эмч, хагалгааны сувилагч, мөн эрчимт эмчилгээний эмч, сувилагч нарын хүрэлцээ тааруу байгаа аж. Гэхдээ эмнэлгийн удирдлагууд шинэ байр ашиглалтад орох үед хүний нөөцөөр бүрэн хангахаар ажиллаж байгаа гэсэн.
Хамгийн гол нь, өргөтгөлийн барилгад орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг суурилуулсан. Тухайлбал, хүчилтөрөгчийн болон салхивчийн системийг байрлуулж, вакумжуулсан хагалгааны өрөөтэй болгохоор төлөвлөжээ.
Энэ бол маш том бүтээн байгуулалт. Тэр дундаа нийгэмд тулгамдаж буй эх, нялхсын салбар руу чиглэсэн гэдэг утгаараа онцгой ач холбогдолтой. Сэтгэл нь шингэсэн бүтээн байгуулалт гэдэг ийм л өөр байдаг юм байна. Харин манайхан хүний бэлэглэсэн юмыг аятайхан ажиллуулаад явчихаасай билээ.
Тэгэхээр энэ нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага мөн үү, мөн. Дэлхийн жишиг болсон хариуцлагатай уул уурхайн зарчмын нэгээхэн хэсэг. Өнөөдөр Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдаас ийм л зүйл хүсэх хэрэгтэй юм байна.
Эх сурвалж:”Өглөөний Сонин”
URL: