“Хар” бямба гарагийн томилгоо

Шинэхэн Засгийн газар шижигнэсэн их ажил ам­жуулахаар бямба гараг буюу амралтын өдөр хуралд­даг болсон нь мон­гол­чууд залхуу, назгай, ажил хий­дэггүй гэх олиггүй муу үгэнд өгөх хамгийн шилдэг  хариулт болоод буй.

Шинэчлэлийн Засгийн газар маань ч шинэчлэл, өөрчлөлтийг ширээ сандлаас эхлүүлж халж, солихыг харин ч нэг үзүүлээд өгч байгаа. Саяхныг хүртэл “Дарга нарын үхэл баасан гарагт буюу “хар баасан гараг” гэж яригддаг байв шүү. Харин өнөөдөр бол шинэчлэл, өөрчлөлт, халаа сэлгээний бүгчим халуун салхи бямба гарагаас хиншүү үнэрттэл салхилах боллоо, та минь. Хөөрхий хэдэн дарга маань ч “Энэ бямба гарагийн Засгийн газрын хурал­даанаар хэний  маань  суудал өнцөгдөж, албан тушаал, олбог сандлаасаа огло үсэртэл онхолдох бол” гэцгээн яс нь хавталзаж, газар шагайн гэлдэрцгээж байна, хөөрхийс.

За тэгээд яах вэ дээ. Болдог  юм болдгоороо л болж, уржигдрын Засгийн газрын хуралдаанаар Зас­гийн газрын тохируулагч агент­лаг ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаярын мэнгэ голлож, суудал өнцөгдсөнөөр албанаас бууж, ажилгүй иргэний тоог нэгээр нэмлээ.

Харин түүний оронд Т.Дулам­дорж хэмээх аз нь шовойж, од нь гийсэн аавын хүү ОБЕГ-ын даргын зөөлхөн суудалд залрав аа хө.

“Хар” бямба гарагийг гял­тайлгасан бас нэгэн буянт­наар Д.Энхжаргал гэгч тодорч, шинээр эмхлэн байгуулагдсан Худалдан авах ажиллагааны газрын даргаар томилогдлоо.

Н.Алтанхуяг Ерөн­хий сайд ЦЕГ-ын шинэ­хэн, ши­рүү­хэн дарга Б.Билэгтэд томил­гоогоо үргэлж­лүү­лэ­хийг “үүрэгдсэн” гэх.

Өнгөрсөн баасан га­рагт “Улсын доторх улс” хэ­­мээгддэг УБТЗ-ын Ерөн­хий хорооны хурал­даан болж, УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ерөн­хий ин­женер байсан Д.Сэрээнэн­доржийг тохоон томилжээ.

“Хар” бямба гарагийн томил­гоо, халаа сэлгээний сураг чимээ дарга даам­луудын зүрхэнд шар ус ху­руулж байхад ард олноосоо нууж сэмхэн хийсэн Зас­гийн газрын хуралдааны эхний  томилгоонуудын тар нь танигдаад эхэлжээ. Мэдээлэл, шуудан харилцаа хол­боо, технологийн газ­рын даргаар суга үсрэн томилогдоод байгаа АН-ын нарийн бичгийн дарга асан Ц.Жа­дамбаагийн талаар тэндхийн мэргэшсэн албан хаагчид тун ч базаахгүй амтай байгаа сурагтай. Арга ч үгүй. 2004 онд “Их Засаг” их сургуулийг бака­лавр зэрэг­тэй төгссөн Ц.Жадам­баа дарга  мэдээлэл, шуу­дан харилцаа холбооны та­лаар үнэндээ “А” ч үгүй нэгэн болохоор албатууд нь “Наашаа харж инээж, цааш харж уйлчихаад” өдөр хоногийг аргацаан ажлаа зал­гуул­сан болж байгаа гэнэ.

Цаг­­даа­гийн байгууллага дотооддоо сэлгээ хийж эх­лээд байсан. Энэ удаа тус газ­рын­хан то­мил­­гоогоо эрчим­жүүлжээ. Тодруулбал, Цаг­­­­­­­­даа­­гийн Ерөнхий газ­­рын даргын тушаалаар цаг­­даа­­­гийн дэд хурандаа М.Отгонбаярыг Төмөр зам дахь Цаг­­даа­гийн хэлтсийн дар­гаар цаг­даа­гийн дэд хуран­­даа П.Эрдэнэчулууныг Мэ­дээ­лэл, шуур­хай удирд­лагын төвийн даргаар томил­жээ.

Мөн цагдаагийн хуран­даа Л.Батбаярыг Баянгол дүүр­гийн Засаг даргын дэр­гэдэх Цагдаагийн хэлт­сийн даргаар, цагдаагийн дэд хуран­даа Г.Эрхэмбаярыг Чин­­гэл­тэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаа­гийн хэлт­­сийн даргаар, цагдаагийн дэд хурандаа Б.Даваазулыг Орхон айм­гийн Засаг даргын дэр­гэдэх Цагдаагийн газрын дар­гаар, цагдаагийн хурандаа Ц.Намс­райжавыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэр­­гэдэх Цагдаагийн газрын дар­­гаар тус тус томилсон бай­на.

XXI зуун мэдээллийн зуун гэж байдаг. Гэтэл “Урагш­гүй ноёнд ухаангүй албат” гэгчээр тийм ч дарга тавьж байх гэж. Бас нэг сүр­хий дампуу томилгооны сургаар Харилцаа холбооны зохицуулах газрынхан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л бужигналдаж байгаа сураг­тай. Яав, юу болов гэсэн чинь С.Батболдын үед Мэ­дээлэл, шуудан харилцаа хол­боо, технологийн газрын дарга болонгуутаа элгээр нь хэвтүүлчихэж байсан  Ж.Бат-Эрдэнэ гэгч “Би аль ч төрд нүүртэй” хэмээн данал­заж  хуучин албаа гэм ялгүй хүлээлгэж өгчихөөд тун ч удах­гүй ХХЗГ-ын даргаар зал­рах сурагтай.

“Хар” бямба гарагийн хачин жигтэй томилгоонууд харин ч нэг ар араасаа цу­варч байна даа, та минь. Зах зухаас нь тоочвол нэг иймэр­хүү.

Томилгоо зөвхөн Засгийн газраар хязгаарлагдаж бай­гаа ч юм биш. УИХ-ын нам­рын чуулганы нээлт өнгөрөгч долоо хоногт болсон. Пар­ла­ментын гишүүд ээлжит хурал­даанаар Ерөнхийлөгч агсны хүү Э.Батшугарыг “Мон­голбанк”-ны дэд ерөн­хий­лөгчөөр томилж, олныг алмайруулав. УИХ-ынхны ногоон гэрлээр жирийгээд гараад ирсэн түүний албан тушаал, нийгмийн дунд орж үзээгүй, амьдрал мэдэхгүй “бацаан”-д ахадсан суудал гэдгийг монголчууд төдийгүй дэлхийн хэвлэлүүд ч дурдсан байсан гэх.

Томчуудын томилгоо олныг гайхшируулж, ал­майруулж дуусах болоогүй болол­той. Учир нь СЕХ-ны дарга Д.Лувсанжав өөрийн хүсэл­тээр гэдэг шалтгаанаар халаг­дах өргөдлөө өгч, ший­дүүлэв. УИХ-ын сон­гуулийн маргаанууд эцэслэн шийдэгдээгүй байхад дарга нь албан тушаалаа өгч буй нь олны анхаарлыг эрхгүй татаж байгаа. Үндсэндээ СЕХ-ны даргын албан тушаал гэдэг парламентын гишүүдийн бүрэн эрхтэй адил дөрвөн жилийн хугацаатай байдаг болоо юу гэх харыг ч төрүүлж байгаа юм. Юутай ч Д.Лувсанжавын орыг тус хорооны ерөнхий на­рийн бич­гийн даргын албыг ха­шиж байсан Ч.Сод­ном­­цэрэнгээр залгуулахаар болсон. Мөн СЕХ-ны нарийн бичгийн дар­гаар Б.Алтанжаргал гэх эмэг­тэйг томилов. Ийнхүү төрийн гэх тодотголтой бай­гууллагуудын дарга нарын халаа сэлгээ дуусаагүй үед ёстой л дээдэс нь сууд­лаа олохгүй бол доодос нь гүйд­лээ олохгүй гэгчээр хэзээ мөдгүй халагдах байх гэсэн сэтгэлтэй хүмүүс ажил хийх бус алмайрч суухаас өөрийг мэдэхээ байсан тухай ч яригдсаар л байна.

Эх сурвалж:”Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих