Монгол шинэ Дубай болж чадах уу

Дэлхийн хэвлэлүүдэд Монголын баялгийн талаар бичсэн сүүлийн нийтлэлүүдийг тоймлон хүргэж байна.

Монгол Улс нь 2014-2015 он гэхэд, нүүрсний Тавантолгойн орд ба алт-зэсийн нөөц бүхий Оюутолгойн ордыг Улаанбаатар төмөр замтай холбож, цаашлаад Хятадтай холбох төмөр замын сүлжээг бий болгохоор төлөвлөөд байгаа. Төмөр замын нөгөө салаа нь Чойбалсантай холбогдох бөгөөд энэ үед Чойбалсан-Соловьёвск салаа төмөр зам хэдийнэ бэлэн болсон байх учиртай аж. Монголоос Байгалийн чанад дахь төмөр замаар дамжуулан энэ улсын ашигт малтмалыг тээвэрлэн Алс Дорнодын усан боомтуудаар дамжуулна Ази- Номхон далайн бүс нутгийн улс орнуудад хүргэх учиртай. Орос улсад үйл ажиллагаа явуулдаг “The Moskow Times” англи хэл дээр гардаг сонинд “Монгол Улс төмөр замаар Орос, Хятадтай холбогдоно” нэртэй нийтлэл гарчээ.

Уг нийтлэлд, Монгол Улсын Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны төлөөлөгч Ю.Манлайбаяр, Хонконгт болсон олон улсын чуулга уулзалт дээр “Манай улс 2014 гэхэд ашиглалтад орох шинэ төмөр замаар дэлхийд томоохонд тооцогддог Тавантолгойн ордын нүүрсийг Монгол болон Хятадын чиглэлээр тээвэрлэх болно. Монгол Улс төмөр замын сүлжээгээ нэмэгдүүлснээр байгалийн баялгийн экспортын хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлэх хэтийн төлөвлөгөөг 2010 онд баталсан юм. ОХУ-ын газар нутгаар тээвэрлэлт хийснээр Хятадын хэрэглэгчдийн хараат байдлаас ямар нэг хэмжээгээр ангижрах боломжтой болно” гэж цохон тэмдэглэсэн байна. Үүнээс гадна, хуучин ЗХУ нь Монголд Улаанбаатар төмөр замыг барихад тусалж байсны зэрэгцээ, Орос улс нь өнөөдрийг хүртэл “УБТЗ” хамтарсан нийгэмлэгийн хувьцааны 50 хувийг эзэмшиж байгаа. Тавантолгойн ордоос Хятад руу салаалан очих 270 км төмөр зам нь, Оросын хил хүртэл 1000 гаруй км төмөр зам тавьсны дараа ашиглалтад орох учиртай аж.

“Оросын төмөр зам” нийгэмлэг нь Тавантолгойн ордын баруун хэсгийг эзэмших эрхийг олж авсан гэж ноён Сэдбазарын Отгонбат Хонконгийн чуулган дээр мэдэгдсэн байна.

Жижигхэн Монголын хөрсөн доорхи байгалийн баялгийн нөөц нь нэг их наяд долларын үнэ хүрнэ гэж үздэг. Монголын төр засгийн удирдагчид алдаа гаргахгүйн тулд, байгалийн нөөц ихтэй байсан улс орнуудын туршлагыг ихэд анхааран судалж байна. Саяхан нэгэн сайт дээр “Монгол шинэ Дубай болж чадах уу? нэртэй нийтлэл гарчээ. Уг нийтлэлийн эхэнд, хүйтэн сэрүүн болоход Монголын цаг агаар хахир хатуу байдаг тухай дурджээ. “Хойд туйлын хүйтэн салхи Монголын тал хээрийг нэвт сийгүүлэн үлээж эхэлснээр урт удаан хахир өвлийн улирал эхэлдэг. Нүүдэлчин уламжлалтай монголчууд энэ үеэр урин хаврын улирал иртэл нэг газраа байхыг эрхэмлэдэг. Харин энэ жилийн хувьд байдал огт өөр болсон агаад, улс орон нь уул уурхайн салбараас маш их ашиг олно гэсэн сэтгэгдэл хүн бүхнийг эзэмджээ. Гурван сая ч хүрэхгүй хүн амтай энэ улс, мал аж ахуй болон хөдөө аж ахуйн салбар голлон хөгжиж байсан бол харин одоо дэлхийн санхүүгийн тэнгэрт шинээр цойлон гарч ирсэн хурц од болон гялалзаж эхлээд байна. Монгол нь үнэт металл болон эрдсийн нөөцийн хайгуулын дүнгээр нөөц нь нэг их доллараар үнэлэгджээ. Тэгвэл энэ улсын хүн ам, тэр ч байтугай өлгийтэй нэг хүүхдэд дунджаар 333 мянган ам.доллар оногдож гэсэн үг.

2011 оны байдлаар Монгол Улсын эдийн засаг 6,7 хувийн өсөлттэй гарчээ. Азийн Хөгжлийн банкны урьдчилсан тооцоогоор, зөвхөн энэ жилд л гэхэд эдийн засгийн үзүүлэлт 14 хувьд хүрнэ гэх. Зарим шинжээчийн үзэж байгаагаар, сүүдрийн эдийн засгийн үзүүлэлтийг нэмбэл 40 хувьд хүрэх магадлалтай гэжээ. Оюутолгойн орд 2013 онд ашиглалтад орж үйл ажиллагаа нь эхэлбэл 50 жилийн хугацаанд ашиглаж дуусна гэж шинжээчид тооцоолж байна. Оюутолгойн ордын зэсийг нь дангаар олборлолоо гэж үзвэл дэлхийн бүх нөөцийн 3,0 хувьтай тэнцэх аж.

В.Батболд


URL:

Сэтгэгдэл бичих