Нийслэлийн МАН-ын хороо түрээсийн мөнгөө өгөх шаардлагад хариу өгсөнгүй

Сүүлийн үед олны анхааралд өртөөд байгаа Лениний музейд байрлаж байсан Нийслэлийн МАН-ын хороо Хүүхэд, залуучуудын соёлын төвд байрлаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Энэ хооронд түрээсийн гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй нийслэлд 490 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Тиймээс Нийслэлийн өмчийн газар уг асуудлаар шаардлага тавьж, Нийслэлийн МАН-ын хороонд бичиг хүргүүлжээ. Уг шаардлагад нийслэлийн өмчит газарт түрээсэлж байсан хугацааныхаа мөнгийг төлөх, мөн Ашиг, сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу улс төрийн нам улсын өмчит газар үйл ажиллагаагаа явуулахгүй байх ёстойг дурдсан байна.

Харин Нийслэлийн өмчийн газар шаардлагынхаа хариуг авах хугацаа өнгөрсөн бямба гаригт дууссан бөгөөд энэ хугацаанд нийслэлийн МАН-ын хороо ямар ч хариу өгсөнгүй. Уг нь дөрөвхөн жилийн дотор есөн давхар орд харш шиг байрыг МАН бариулсан хэрнээ ийнхүү хотын намын хороо нь нийслэлийн өмчит газар түрээсээ төлөхгүй байдаг нь хачин. Тусгаар тогтнолын ордон хэмээх МАН-ын төв байр ч төсвөөс их хэмжээний мөнгө гаргуулж, дээр нь ихээхэн хэмжээний хандиваар боссон гэдэг. Гэтэл Улс төрийн намын тухай хуулиар бол намууд аж ахуйн үйл ажиллагаа явуулж болохгүй гэж заасан ч МАН шатсан гэх хуучин байрандаа ч, одоогийн шинэ байрандаа ч томоохон түрээслэгчдээсээ мөнгө авдаг. Тэгсэн хэрнээ Нийслэлийн намын хороо иь орох оронгүй гээд түрээсээ өгөхгүй Нийслэлийн өмчит байранд байгаад байдаг. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Лениний музейн засвар дуусахаар тийшээ нүүж орох юм гэсэн. Хаашаа нүүх нь хамаа юу байхав. Хүлээсэн үүргээ биеүүлэх нь зүйн хэрэг байлтай. Ер нь МАН-ын өмчлөлд байдаг гэх Лениний музейг өмч хувьчлах үед намынхаа мэдэлд авч үлдсэн нь ч өөрөө анхаарал татсан хэрэг.

ССАЖЯ-ны удирдлагууд ч Лениний музейд нурах дөхөөд байгаа Байгалийн түүхийн музейн үзмэрүүдийг байрлуулъя гэсэн саналаа Засгийн газарт хүргүүлээд байгаа юм билээ. Үүнтэй холбоотой музейг хариуцсан хүмүүстэй уулзах гэхээр эзэн олдохгүй байгаа. Тиймээс өнөөдөр холбогдох хүмүүстэй нь тус яамныхан уулзах асуудлаа тавих юм. Үүнийг МАН-ынхан зөвшөөрөх эсэх нь бас эргэлзээтэй юм. Хэрэв Лениний тус музейн барилгыг засаад МАН-ын нийслэлийн хороо орох юм бол музейн үзмэрүүдийг байрлуулахыг зөвшөөрнө гэж үү.

Хамгийн хачирхалтай нь ийнхүү хууль зөрчин Нийслэлийн өмчийн газар байрлаж байсан хэрнээ “Э.Бат-Үүл биднийг хөөж, тууж дээрэлхээд байна” гэсэн маягтай улстөржүүлээд эхэлсэн байна лээ.

Д.ДАЛАЙ


URL:

Сэтгэгдэл бичих