Баянхошууны шинэ замыг иргэд хүлээсээр байна
Шинэ бүтээн байгуулалтын хүрээнд нийслэлд хаа сайгүй автозамын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа билээ. Нэг өдөр зургаагаас дээш авто замын хөдөлгөөнийг хаахгүй байхыг НИТХ-ын дарга Д.Баттулга нийслэлийн Авто замын газрынханд сануулсан.
Харин Баянхошууны авто зам засварын ажил удаашралтай байгаа хэмээн иргэд нэлээд бухимдалтай байсан. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны урдуур явдаг авто замыг 1980-аад онд тавьснаас хойш дахин засварын ажил хийгээгүй байна. Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас буюу Ханын материалын хоёр салдаг уулзвараас Баянхошуу чиглэлд 3,4 км авто замын ажлыг “Хувай Монгол” компани хийж гүйцэтгэж байгаа аж. Энэ чиглэлд авто замыг өргөтгөөд, шинэчлэх ажил он дамжин хийгдэх юм байна. Харин энэ жилдээ зорчих хэсгээ хүлээлгэн өгөх аж.
Уг нь гэрээний дагуу бол наймдугаар сарын 1-нд хүлээлгэн өгөх ёстой. Гэтэл тодорхой шалтгааны улмаас хойшилсоор өнөөдрийг хүрчээ. Одоогоор Зүүн салаа талаасаа гурав хувааж хаагаад графикийн дагуу ажиллаж байгааг албаны хүмүүс хэлж байсан. Хуучин авто зам нь долоон метрийн өргөнтэй, явган хүний замгүй байсан юм байна. Үүнийг 14 метрийн ергөн болгож хоёр талдаа явган хүний зам хийхээр ажиллаж байгаа гэнэ. Харин тус компани гэрээний хугацаандаа авто замаа хүлээлгэж өгөөгүй шалтгаан нь иргэдийн газар чөлөөлөхөөс болсон гэж байлаа.
Замын хоёр талд 50 гаруй байшин, 200 гаруй хашаа байгаагаас зарим айлууд замын ажилд тусалж хашаагаа татсан байна. Ингэснээр хүйтрэхээс өмнө зорчих хэсгийн авто замаа хүлээлгэн өгөх аж. Тус авто замын ажил хэр явагдаж байгааг сонирхохоор Баянхошууны долдугаар хорооны автобусны буудал дээр буулаа. Автобусны буудал арай хүрэлгүй автозамыг нь хаачихжээ. Цаг орой болсон тул иргэд автобуснаас буун гэрлүүгээ яаран алхаж байв.
Тэд шинэхэн хучсан авто замаар нэлээд алхаад Тойрогоос цааш явах чиглэлийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа гэнэ. Тэнд зам засварын ажил хийж байгаа хүн харагдсангүй. Харин ажлаасаа бууж байгаа бололтой авто зам засварын ажилчинтай таарлаа. Тэд авто замаа хэсэгчилэн хааж, хучилтын ажлаа хийж байгаа гэнэ. “Засварын ажил графикийн дагуу хийгдэж байна. Уг нь орой ажилладаг юм. Өнөөдөр тог тасраад
манайхан байхгүй байна” гэснээр бидний яриа өндөрлөв.
Үнэхээр Баянхошууны гэр хороолол бүхэлдээ тог тасарсан байв. Авто зам хаасантай холбоотой микро автобусны чиглэл өөрчлөгджээ. Иргэд энэ тал дээр нэлээд бухимдалтай хандаж байсан юм. Учир нь замаа товчлохын тулд гэр хороолол дундуур сүлжин явдаг болжээ.
Хаа сайгүй шороо овоолсон, тоос бужигнасан дүр зураг харагдана. Харин иргэд сайхан авто замтай болж байгаадаа сэтгэл хангалуун байгаа гэнэ. Сайхан автозамтай болж байгаа болохоор алхахад хүндрэл гарахгүй байгаа гэсэн иргэд олон байв.
Ж.Марал
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: