Агентлагуудын дарга нар ажлаа өгсөөр байна

Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн томилгоо хийлээ. Тодруулбал СЕХ-ны дарга Н.Лувсанжав өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах өргөдлөө өгчээ. Тиймээс уг асуудлыг УИХ-аар хэлэлцэн түүний оронд СЕХ-ны нарийн бичгийн дарга асан Ч.Содномцэрэнг томилсон юм. Үүнийг тайлбарлахдаа АН-ынхны шахалтаар Н.Лувсанжав ажлаа өгч байна гэж байгаа. Ийм тайлбар хөврөх болсон ч МАН-ынхан бас шахалт дарамт үзүүлж байсан сурагтай. МАН-ын харьяалалтай ажиллаж байгаад төрийн албан хаагч болсон, өнгөрсөн сонгуулийн үеэр эсрэг намынхаа талд ажилласан гэх шалтгаанаар МАН-ынхан утасдаж элдэв гомдол гаргах болсон гэнэ. Тиймээс ийм шийдвэрт хүрэх болсон гэдэг тайлбар гарч байна.

Түүнчлэн Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Тэрээр өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанд оролцож удирдаж буй салбартайгаа холбоотой асуудалд тайлбар хийж суусан ч маргааш нь буюу бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар ийн албаа чөлөөлсөн байна. Түүний оронд Т.Дуламдорж гэх нэгнийг томилон ажиллуулахаар болжээ. Ер нь газар, агентлагуудын дарга нарыг ийн ажлаа өгөөд байгаа нь удахгүй болох төрийн албаны болоод бусад шалгалттай холбоотой гэх хүмүүс ч байгаа. Учир нь төрд, удирдаж байсан албандаа олон жил ажиллачихаад гэнэтийн шалгалтаар тэнцэхгүй бол нэр хүнд нь сэвтэнэ гэсэн болгоомжлол байгааг эх сурвалжууд дурдаж байгаа юм. Мөн бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар шинээр байгуулагдсан хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын даргаар Д.Энхжаргалыг томилжээ.

Уг томилгоонуудтай зэрэгцэн УБТЗ-ын ерөнхий хорооны удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гаригт болсон юм. Хуралд Оросын талаас УБТЗ-ын ерөнхий хорооны дарга В.Н.Морозов, Тээврийн яамны дэд сайд А.С.Цыденов, Оросын төмер замын Монгол дахь төлөөлөгч В.В.Морозов нар болон Монголын талын төлөөлөгчид оролцжээ. Тэд хурлаараа УБТЗ-ын дарга Т.Очирхүүг ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна. Ийн асуудлыг хэлэлцэж түүний оронд УБТЗ-ын ерөнхий инженер асан Д.Сэрээнэндоржийг сонгон ажиллуулахаар болжээ. Харин санал хураах явцад Д.Сэрээнэндоржийг ажиллуулах нь зүйтэй гэдэг дээр бүх хүмүүс санал нэгдэж 100 хувиар дэмжсэн нь бага зэрэг хардлага дагуулаад байгаа гэсэн. Тодруулбал хурлыг хайрцаглаж явуулсан байх магадлалтай гэх хүн байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт энэ мэт олон томилгоо, бас ажлаасаа гарах хүсэлт холбогдох албан тушаалтнуудын ширээн дээр овоорсны нэг нь Үндэсний аудитын газрын дарга Ч.Раднаагийнх байв. Тэрээр өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хуралд оролцож УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Гэтэл гишүүдийн асуусан асуултад тодорхой хариулт өгөөгүй, ажлаа олигтой хийхгүй байна, гэж УИХ-ын нэр бүхий гишүүд зэмлээд авсан. Ингэж загнуулсныхаа маргааш нь Ч.Раднаа дарга ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.

Л.Мөнх


URL:

Сэтгэгдэл бичих