Чихэнд шивнэсэн охин нас /эргэцүүлэл/

Өчигдөрхөн үсээ гурваар дарж сүлжээд, дэргэд чинь дэгдэж явсан охин нас тань чихэн дээр чинь ирж аальгүйхэн инээмсэглэчихээд гүйгээд явчихсан уу? Хэзээ мөнхөд дэргэд нь байх юм шиг бодож хайр найргүй “үрж” явсан 18 насандаа эргэж очихсон. Ай, даа хавар цагийн яргуйтай хамт анхны бүхэн дурсагдаж, уйлмаар, дуулмаар бүхэн минь нүдний өмнө харагдана.  Ховорхон даашинз өмсөөд ижийдээ хөтлүүлэнхэн алхаж явсан охин одоо өөрөө гэрийн эзэгтэй, үрээ хөтлөөд алхаж явна.

Анхны хайр минь, санах бүрийд өр зүрхнээс урагдтал татдаг түүнийг жижиглэж нугалаад халаасандаа хийчихдэг. Би түүнд дурлачихсан, харин тэр надад хайртай. Тэгсэн мөртлөө бие биедээ халдаж үл чадах тийм нэг дурсамж. Хайрын харцаар бие биерүүгээ хааяахан харчихаад, түүнийгээ тоглоом шоглоомхон болгоод л өнгөрөөдөг. Сурагчийн ширээнд ядаж л тохой минь хүрэлцээд сууж байх миний хувьд жаргал. Эгцлэн харж чадахгүйн зовлон, сэтгэлээ илчлэхээс айхын зовлон, хэн нэгэн түүнд дурласныг минь анзаарах вий хэмээн эмээх зовлон бүгд “жаргал” минь байжээ.

Хааяахан бодогддог “утгагүй” бодлууд, хэрэв түүнтэйгээ гэрлэсэн бол, бидний хүүхдүүд, бидний амьдрал, бидний хайр чухам ямархан байдлаар үргэлжлэх байсан бол оо. Ай, хавар минь чи юунд сэтгэл гэгэлзүүлэн, охин нас минь чи юунд чихэнд элдвийг хүүрнэн, томоогүй инээмсэглэлээрээ сэтгэл гижигднэм?


URL:

Сэтгэгдэл бичих