ХЯТАДУУД ХАР ТАМХИНААС АЙН БОЛГООМЖИЛДГИЙН УЧИР БОЛОН СЭНГЭРИНЧЕН ЖАНЖИН

Европ, Америкт хар тамхины элдэв хэрэгт орооцолдсон хүмүүсийг шорон гянданд хорихоосоо аль болох татгалзах болсон талаар өмнө нь манай сонинд өгсөн ярилцлагадаа Европын холбооны хар тамхины агентлагийн хуулийн шинжээч Брендан Хьюз өгүүлж байсан. Гэтэл БНХАУ зэрэг Азийн зарим оронд энэ төрлийн гэмт хэрэгтнүүдэд цаазаар авах ял оноох нь элбэг байдаг. Яагаад БНХАУ-д хар тамхины хэргийг хатуу чангаар шийтгэдгийн учрыг ойлгоход энэ нийтлэл нэмэр болно байх гэж найдаж байна. Хамгийн хачирхалтай нь 1842 онд Хятадын хүн ам 416.118.200 байснаас 2 сая нь хар тамхичид байсан бол харин 40-хөн жилийн дараа 1881 онд 369.183.000 хүн амынх нь 120 сая нь буюу бараг 3 хүний нэг нь хар тамхичин болоод байсан гэнээ. Иймээс ч хар тамхи мансууралд олон улсын зүгээс хяналт тавих ажиллагаа анх чухамхүү хятадын Шанхай хотод 1909 онд эхэлж байсан нь санамсаргүй хэрэг биш байх нь ээ. Түүнээс хойш бүтэн 100 жил өнгөрчээ… Гэсэн хэдий ч энэхүү хөнөөлт урхагийн хор хөнөөл тасрахгүй л, дэвшилтэт хүн төрөлхтөн хар тамхитай хийж буй дайндаа ялалт байгуулж чадахгүй л явна.

Тэгш бус солилцоо

Хар тамхины анхдугаар дайн 1840 онд дэгдсэн боловч түүний үндэс суурь нь олон арван жилийн турш бэлтгэгдсэн байжээ. Хятад болон Их Британийн худалдаа их бага хэмжээгээр XVIII зууны эхээр тогтоод байсан бөгөөд их британичуудын хувьд энэ нь ашиг олз муутайхан байж.
Тэдний наймаалцаж эхэлсэн үеэс л худалдааны баланс нь хятадын экспортын талд ашигтай гарч байжээ. Хэрвээ тэр үед хятад бараа нь Европт нандин ховор зүйлд тооцогдож эрэлт ихтэй байсан бол харин Чин гүрэн улс орноо гадаад ертөнцөөс салангид тусгаар байлгах, гадаадын нөлөөг аль болох нэвтрүүлэхгүйг хичээж байсан  нь Японы тэр үеийн дүр зургийг санагдуулам аж. Тиймээс гадаадын хөлөг онгоцнуудад зөвхөн ганцхан боомтоо нээж өгөн, гадны худалдаачид түүний нутаг дэвсгэрээс гарах бүү хэл хятад хэл сурахыг нь ч хориглож байжээ. Харин хятадын зүгээс 12 худалдаачны бүрэлдэхүүнтэй наймаачдын холбоонд л гадаадынхантай арилжаа наймаа хийхийг зөвшөөрч байж. Ийм нөхцөлд гадаадын худалдаачид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах ямар ч боломжгүй байсан бөгөөд харин оросын амьтны арьс үс, италийн шилэн эдлэл л хятадуудад эрэлттэй байжээ. Иймээс Британи нь нутагтаа улам өсөн нэмэгдсээр байсан хятад барааг үнэт металлаар л солилцохоос өөр аргагүйд хүрч байжээ.

Тэр цагийн харьцангуй хангалуун амьдралтай байсан хятадуудад санал болгочихоор бараа таваар британичуудад байсангүй гэнэ. Дээрээс нь Хятадын эрх баригчид гадаадын худалдаачдыг өөрийн баян бөгөөд хүн ам ихтэй умард нутгуудад / түүний дотор Бээжинд/ нэвтрүүлдэггүй, тэгээд ч улсынхаа хамгийн өмнөд цэг болох зөвхөн Кантонд худалдаа эрхлэхийг нь зөвшөөрдөг байв. Орон нутгийн оршин суугчид гадаадын худалдаачдын бүхий л харилцааг хатуу хянан хязгаарлаж, тусгаарласан бүс нутагт л тэднийг суулгадаг тул хот орох нь ч тэдний хувьд хориотой байв.
Гэтэл англичууд хятад цайнд улам иэхээр идээшин дасахын хэрээр XVIII зууны дунд үе гэхэд хятад цай нь Британийн импортын чухал бүтээгдэхүүн болон хувирчээ.

1785 он гэхэд Энэтхэг болон Хятадтай худалдаа хийх монополь эрхийг гартаа оруулж авсан “East India Company” нь жилд 15 сая фунт / 1 фунт нь 0,43 кг-тай дүйнэ/ хятад цайг худалдан авч байлаа. Энэхүү худалдааныхаа төлбөрийн 75 хувийг англичууд металл мөнгөөр хийдэг байсан нь тэдний хувьд харамсалтай, тэгээд ч тэр нь хүрэлцэхээ больж ирсэн байдаг.  Учир нь хятадуудын хамгийн ихээр итгэдэг байсан испанийн мөнгөөр Их Британи нь хятад цайныхаа төлбөрийг хийдэг байж. Гэтэл XVIII зууны хоёрдугаар хагаст Испани нь тусгаар тогтнолынхоо төлөө Англитай дайтаж байсан АНУ-ын холбоотон болон хувирах нь тэр. Үүнээс үүдэн 80-аад оны эхнээс испани мөнгө Энэтхэгт нийлүүлэгдэх явдал үндсэндээ зогсчээ. Ингэснээр хятадын цайг төлж авах зүйл Британид үгүй болох нь тэр.

Хятадын худалдаачдын сонирхлыг татах бараа гадаадынханд огт байсангүй гэж хэлж бас болохгүй юм. Тэр үед Америкаас Хятадад хүн орхоодойг оруулж байсан нь эмийн хувьд ихээхэн эрэлттэй байжээ. Мөн XIX зууны эхнээс америкчууд далайн муурны арьсыг худалдаалах болсон нь тун сайн борлогдох болжээ. Гэвч далайн муур ч гэсэн тоо толгойтой билээ. Хэрвээ 1812 онд Хятадад 1 сая 700 мянган далайн муурын арьс оруулсан бол 1830 он гэхэд америкийн анчид ердөө л 6000 далайн муур агнаж амжсан мэдээ байдаг..
Хятадууд британийн “хонхтой цаг” гэх зэрэг барааг сонирхдог байсан ч энэ нь өсөн нэмэгдсээр асан хятад цайны импортыг нөхөхөд даан ч хангалтгүй байв. Ийм учраас Хятад болон Их Британийн эзэнт гүрний хоорондын худалдааны шинж чанарыг үндсээр нь өөрчлөх тийм шинэ шийдэл шаардагдах болжээ.

Хар тамхи ба хятадууд

Ази дахь худалдаандаа хар тамхийг ашиглах ноу- хауг англичууд бус харин голландчууд анх сэдсэн аж. Тэд XVII зуунд  Индонезид чинжүү буюу перецээр арилжахдаа хар тамхийг ашиглаж эхэлжээ. Бүүр тэр үед л энэ худалдаа нь далд зорилготой байсан нь голландчуудын тариалангийн эдлэн газрууд өргөжин дэлгэрч буйг эсэргүүцсэн индонезчүүдийн зориг зүрхийг хар тамхины тусламжтайгаар хатаан нугалах явдал байсан гэнээ.
Гэтэл британичууд зөвхөн XVIII зууны дунд үеэр л энэтхэгийн Бенгаль буюу Азидаа хамгийн алдартай хар тамхины мак хэмээх ургамлын төвийг байлдан дагуулсныхаа дараа л хар тамхинд анх нэвтэрч чадсан аж. Гэхдээ  анхандаа тэдэнд олдсон энэ  их “алтан боломж”-ийг хэрхэн ашиглахаа мэдэхгүй байсан тул хар тамхины арилжаа худалдааг зогсоох, хаахыг хүртэл оролдож байсан гэдэг.

Тиймээс 1771 онд Гонконг дахь “East India Company”-ийн төлөөлөгчид энэтхэг түнш нартаа хандан “бидний хууль ёсны худалдаанд ихээхэн саад тотгор учруулж байгаа тул Хятадад байр суурь эзлээд байгаа хар тамхины наймаагаа зогсоох”-ыг хүсч байжээ. Мөн ийм байр суурийг ч Бенгалийн амбан захирагч британийн губернатор Уоррен Хастингс баримталж байв.

ГЭВЧ ТЭР САЙХАН САНААГ НЬ ИХ УЛС ТӨР ҮГҮЙ ХИЙХ НЬ ТЭР ЭЭ.

Хэдийгээр Бенгальд хар тамхины ихээхэн нөөц хуримтлагдсан ч гэлээ британичууд энд хүрэлцэн ирснээр түүнийг худалдах борлуулах нь эрс багасаад байсан цаг. Гэвч “хараал идсэн” хятад цайны эсрэг тавих “бэрс” гэнэт гарч ирсэн тул британичууд түүнээс татгалзаж  даан ч чадсангүй. 1782 онд Бенгалийн амбан захирагч Хастингс хар тамхи ачаалсан хоёр ч хөлөг онгоцыг Өмнөд Хятадын эрэг рүү илгээх нь тэр. Хэдийгээр тэдгээрийн нэг нь францын далайн дээрэмчдийн отолтонд орж баларсан боловч харин нөгөөх нь зорьсон Макаодоо эсэн мэнд хүрэлцэн очжээ. Ийнхүү хар тамхины агуу замын эх суурь тавигдсан байна.

Хятадуудын хуучны танил нь

Тэд манай эриний V-VI зуунд анх хар тамхитай танилцсан ч гэлээ үндсэндээ эмчилгээнд л ашиглаж ирсэн түүхтэй юм санж. Харин эмчилгээний журмаар оруулж буй хар тамхиндаа ихээ хожим 1678 оноос манжийн эзэн хаантан татвар оногдуулсан  байдаг. Үүнээс хойшхи 77 жилийн туршид хууль журмын дагуу оруулж ирсээр байсан хар тамхины импорт нь бараг өсөөгүй бөгөөд жилд 200 хайрцагаар / хар тамхийг тусгай саванд агуулан зөөдөг байсан бөгөөд нэг ийм хайрцагт 150 фунт буюу 62-63 кг хар тамхины түүхий эд багтдаг байж/ хязгаарлагдаж байв. Тэгэхээр нийтдээ 1260 кг орчим хар тамхины “жилийн нормтой” байж.

Гэтэл хар тамхи нэвтрүүлэх албан ёсны дээрх сувгаас гадна бас хууль бус зам ч байжээ. Хар тамхи нь Төвд, Бирмээр дамжин баруун Хятадын мужуудад нэвтэрч мөнөөх л эмчилгээний зориулалтаар хэрэглэгдсээр байлаа. Баруун хятадууд жилд 1000 хайрцаг хар тамхийг эмчилгээндээ хэрэглэдэг байсан гэнэ. Харин хар тамхи татах явдлыг “хууль бус” гэж үзэж байсан тул хатуу ял шийтгэл оногдуулдаг байжээ.

ГЭТЭЛ ӨМНӨД ХЯТАДАД ЭНЭ ҮЕД ХАР ТАМХИЙГ БАРАГ МЭДДЭГ Ч ҮГҮЙ БАЙЖ. Иймээс ч энд хар тамхи борлуулан цулайх гэсэн Хастингсийн анхны оролдлого нь 250 мянган мөнгөн долларын алдагдлаар дуусваа. Учир нь  Макаод аваачсан барааг нь авах худалдан авагч олдоогүй учир Сингапурт аваачин өчүүхэн бага үнээр борлуулахад хүрсэн гэдэг.

ГЭВЧ БРИТАНИЧУУДЫН ШАРГУУ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙН ҮР ДҮНД НӨХЦӨЛ БАЙДАЛ 15 ЖИЛИЙН ДАРАА ГЭХЭД ЭРС ӨӨРЧЛӨГДӨХ НЬ ТЭР ЭЭ. Иймээс ч Хастингсийн хар тамхитай хөлөг Макаод зангуугаа буулгаж байснаас 17 жилийн дараа 1799 онд Манжийн эзэн хаан хар тамхины наймааг хатуу чанд хориглосон шинэ хууль цааз гаргахад хүрчээ. Ингэснээр хар тамхи нь Кантонд чөлөөтэйгээр худалдаалагддаг барааны нэрсээс хасагдсан цорын ганц бараа болон хувирлаа. Тэгсэн хэдий ч тухайн онд Хятадад контрбандаар 4000 хайрцаг хар тамхи нэвтэрч, хэрэглээ нь цаашид өссөөр байлаа.

Баланс олдож, британичууд башийв

Хятад дахь хар тамхины өргөн хэрэглээ нь Хятад Их Британийн худалдааны балансад шууд нөлөөлж эхлэх нь тэр ээ. Бээжин рүү чиглэсэн олон жилийн мөнгөний урсгал 1805 он гэхэд зогссон төдийгүй, 1806 он гэхэд харин ч эсрэг чиглэлд урсах болов. Гэтэл Хятадаас Британид хүргэх цайны хэмжээ ч тогтвортой өссөөр байлаа. Энэтхэгт цай үйлдвэрлэж эхлэхээс өмнө “East India Company” нь жилд 30 сая фунт цайг нутагтаа худалдаалж, улмаар цайны татвар нь Их Британийн төсвийн орлогын 10 хувийг эзлэх болжээ.

1817 он хүртэл дээрх компани нь хар тамхи боловсруулалтад монополио тогтоож, түүнийг Хятадад хүргэх замыг бүрэн хянахыг хичээсээр байжээ. Энэ жилүүдэд Хятадын хар тамхины импорт бараг өсөөгүй бөгөөд жилд 4-5 мянган хайрцгаар хязгаарлагдаж байсан нь тус компани өөрийн ашгаа өндөр хэмжээнд хадгалахыг эрмэлзсэнээс нийлүүлэлтээ нэмэгдүүлэхгүй байсантай холбоотой гэнэ.

Тэгээд ч өндөр үнэ цэнэ, олдоц ховор зэвэр зэргээс болж 30-аад он хүртэл хар тамхи нь хүн амын зөвхөн баян чинээлэг хэсгийнхэний зугаа цэнгэлийн зүйл байсан бөгөөд хар тамхины “агуу гайхамшиг”-ийн талаар бүх нийтээрээ мэддэг ч зөвхөн цөөхөн хэсэг нь л түүнийг хүртэж чаддаг байжээ.

ГЭТЭЛ БАРАГ ТЭР ҮЕЭС АМЕРИК БОЛОН ПОРТУГАЛЬЧУУД ХАР ТАМХИАР АРИЛЖАА ХИЙХ БОЛСНООР ТҮҮНИЙГ БҮҮР ХЯМД ҮНЭЭР ХЯТАДАД НИЙЛҮҮЛЭХ БОЛОВ. Кантон дахь хар тамхины худалдааны 10 хувийг эзлэх болсон америкчууд 1817 онд туркийн хар тамхийг хагас сая долЛараар худалдан авч арилжаалах гэсэн боловч энэ нь амжилтанд хүрээгүй гэнэ. Учир нь тэрхүү турк хар тамхины амт нь өөр байсан тул хятадуудад таалагдаагүй хэрэг.

1818 онд Энэтхэгийн султанат Малва гэдэг газарт хар тамхины шинэ эх сурвалж нээгдсэнээр 1820 оноос тэндээс Хятад руу  жил бүр 2000 хайрцаг хар тамхи нийлүүлэх болов. Монополь байдлаа алдаж эхэлсэн “East India Company” үүний хариуд нь тамхиныхаа үнийг бууруулахын сацуу нийлүүлэлтээ ч нэлээдгүйгээр нэмэгдүүлжээ. Ингэснээр ХХ зууны 20-иод оноос Хятад дахь хар тамхины худалдаа хяналтаас бүрмөсөн гарчээ. 1821 оноос Хятадын эрх баригчид хар тамхины эсрэг ээлжит кампанит ажлаа эхлүүлснээр бүүр Англи улсад цай нийлүүлэх явдлаа хоёр сараар зогсоож ч үзсэн гэдэг. Гэвч энэ нь ч тусыг эс хүргэв.

1830 он гэхэд Хятадад хар тамхи нийлүүлэлт 10 дахин өссөнөөр 20 мянган хайрцаг давжээ. 1829 онд Энэтхэг дэх амбан сайд лорд Вильям Бентикийн хувийн хөрөнгөөр “Red Rover” хэмээх тэр үеийнхээ хамгийн түргэн хөвдөг хөлөг  онгоцыг хар тамхи зөөвөрлөхдөө ашигладаг болсноор өмнө нь жилдээ ганцхан удаа зөөвөрлөдөг байсан бол одоо гурван ч удаа зөөвөрлөх боломжтой болжээ. Түүний араас бусад хөлгүүд замд олноор гарсан хэдий ч хар тамхи зөвөрлөхөд хүрэлцэхгүй байсан учраас Африк тивээс негрүүдийг АНУ руу зөөвөрлөдөг байсан боолын худалдааны онгоцуудыг ч “эргэлтэнд оруулжээ”.

ИЙНХҮҮ 1830 ОН ГЭХЭД ХАР ТАМХИ НЬ ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ ХУДАЛДААЛАГДДАГ БАРАА БОЛОН ХУВИРСАН БӨГӨӨД УЛАМ ОЛОН ТООНЫ ХЯТАД ХҮМҮҮС ТҮҮНД ДОНТОХ БОЛЖЭЭ.

Гутамшигт хоёр дайн

1833 онд “East India Company” нь Их Британид цай нийлүүлэх монополио бүрмөсөн алдсан бөгөөд үүний дараагийн жил нь цайны импорт 40 хувь өсөхийн хэрээр Хятадад хар тамхи экспортлох явдал 1830-1836 онд гуравны нэгээр нэмэгдэн 30 мянган хайрцагт хүрч дөнгөжээ.
Манжийн эзэн хааны сан хөрөнгө хүнд байдалд орлоо. 1830-1840 ОНЫ 10 ЖИЛД ГАДААДЫНХАН ХЯТАДЫН БАРАА ТАВААРТ 7 САЯ МӨНГӨН ДОЛЛАР ТӨЛСӨН БОЛ ХАРИН ХЯТАДУУД 56 САЯ МӨНГӨН ДОЛЛАРААР ХАР ТАМХИ ТАТАН УУГИУЛЖ ОРХИСОН ДҮН ГАРАХ НЬ ТЭР. Худалдааны энэхүү алдагдал нь Хятадын эдийн засгийг хямралд оруулж, улс орны дотоод дахь металл мөнгөний үнийн өсөлтөөс үүдэн тариачдад татвараа барагдуулахад нь улам хүнд хэцүү болж ирснээр нийгэм дэх бухимдал гаарсан байна. Ер нь ч аливаа хямралт бухимдалт үед хүмүүсийн ирээдүйдээ итгэх  итгэлийн оньс нь мултарахын хэрээр гэмт хэрэг, архидан самууралт, нийгмийн замбараагүйдэлт хэмжээ хязгаараа алдан,  нийгэм даяараа доройтол сүйрэлд автдаг нь ёс буй за.

Иймээс 1839 онд хятадууд хар тамхины арилжаа наймааг, түүний хор урхагийг эцэслэхийг хүссэн анхны оролдлогоо хийсэн байдаг. Гуандун мужийн тэнгисийн цэргийн хүчнийг захирагч Линь Цзэсий гэгч Гуанжоугийн орчимд оршин суугч гадаадынхныг бүтэн хагас сарын турш цэрэглэн бүслэн хааж, 3 сая фунт стерлингийн үнэтэй 20 мянган хайрцаг хар тамхийг нь хураан авч орхив оо.

Үүний хариуд 1840 онд Их Британи Хятадын эрэг рүү тэнгисийн цэргийн флотоо илгээснээр хар тамхины анхдугаар дайн /1840-1842 он/  хятадын цэргийг хэд хэдэн удаа бут ниргэх нь тэр. Үр дүнд нь 1842 онд Нанжин хотод энхийн гэрээ байгуулснаар Их Британи нь Гонконг арлыг үүрд мөнх эзэмших эрхтэй болсноор энэ арал нь олон арван жилийн турш Европ, Америкийн хар тамхины наймаачдын гол бааз суурь болон хувирсан түүхтэй. Мөн хятадын Гуанжоу, Самэнь, Фучжоу, Нинбо, Шанхай гэсэн 5 боомт хот гадаадынхны хувьд “нээлттэй хот” болон хувирсан байдаг.

Харин 1856-1860 онд үргэлжилсэн  хар тамхины хоёрдугаар дайн нь Хятадын хувьд бүүр ч илүү эмгэнэлтэйгээр өндөрлөсөн байна. Франц болон английн цэрэг 1860 оны есдүгээр сарын дундуур Бээжин хотын ойролцоо манж-монголын морин цэргийг бут ниргэснээр  эзэн хааны Зуны ордонг эзлэн дээрэмдсэн ажээ. Энэ нь Чин гүрэн гадаадын эзлэн түрэмгийлэгчид хийгээд дотоодын тэмцэн босогчдынхоо эсрэг хоёр фронт дээр байлдаж, Тайпиний бослого эрч хүчээ улам авч байсан цаг үе байв. 1860 онд холбоотнууд Чин гүрэнтэй Бээжинд энхийн гэрээ байгуулснаар Хятад нь дайны төлбөрт 8 сая лянь мөнгө төлөх болж, Хятад дахь хар тамхины наймаагаа хууль ёсны болгосон төдийгүй Хятад орон гадаадын бараа бүтээгдэхүүнд бүрэн нээлттэй зах зээл нь болон хувирчээ.

Харин энэ дайнд хятад цэргийг монголын Сэнгэринчен гэдэг хүн командплан байлдсан гэсэн сонирхолтой нийтлэлийг олу үзсэнээ та бүхэнтэй  хуваалцая.
“Хар тамхины эхний дайны дараа өөрийгөө Исүс эзний хүү хэмээн зарласан Хонг Шуухуаны удирдсан Тайпиний (Тай Пинг Тиян Гоу) бослого дэгдэж, 1845 оноос 1864 оныг хүртэл 19 жилийн турш үргэлжилж, 20 сaя хүний амийг авч, Манжийн төрийг хүчтэй ганхуулсан байна. Тайпингийн босогчид Нанжин (өмнөд нийслэл) хотыг эзлэн авсны дараа цэргийн хүчээ Бээжингийн (умарт нийслэл) зүгт эргүүлжээ. Хамгийн эхний том тулаан Жиантанд 1851 оны 1 дүгээр сарын 1-нд болсон ба Манжийн морьт цэргийн монгол захирагч Ихдамбын удирдсан 7 анги Тайпингийн бослогын цэргийн галын шугамыг сэтлэхийг орoлдсон боловч араараа бүслэгдэж шахагдан жижиг толгод руу ухарчээ. Бусдаасаа таслагдсан түүний 300 орчим цэрэг, дарга алагдаж, гүүрэн дээр морь нь бусгахад мориноосоо унасан Ихдамба босогчдын явган цэрэгт алагджээ. Удирдлагагүй болcон манжийн цэрэг гол гатлан ухарсан байна.

1851 оны 10 дугаар сарын 10-нд Манжийн цэргийн Улаантай жанжины цэрэг Ёнгон хэмээх газрыг босогчдоос буцааж авaх гээд бүтсэнгүй ухарчээ. Тайпингийн босогчдын цэрэг Бээжинд ойpтох тутам Манжийн Түгээмэл Элбэгт хаан улам сандарч, итгэлтэйгээр нь Монголын өвөр 49, ар 86 хошуунаас морин цэрэг дайчлан татаж, хорчин монгол жанжин Сэнгэринчинд цэргийг захируулжээ. 1825 онд 24 настайдаа Хорчин зүүн (Xар тугийн) хошууны ноён Сэнгэринчин Манжийн хааны гүнжтэй гэрлэж жүн (хоёдугаар зэргийн) ван болсон байна. “Манжийн хааны ордны хамгаалалтанд байсан үнэн итгэлт эфү Сэнгэринчин Хаант Оросоос галт зэвсэг зөөсөн 300 орос цэргийг Их Хүрээнд оруулaлгүй, их буу, зэр зэвcгийг Хиагтад тосч авcaн” тухай мэдээ байдаг. Сэнгэринчин 1853 онд бүх Монголоос татсан морин цэргээ авч Тайпингийн босогчдын 30 гаруй мянган цэргийг Тианжингийн боомт хавиас тосон байлдаж, 2 жил тогтоосны эцэст 1855 онд бослогын удирдагчдын нэг Ли Кайфанг барьж цаазлан Тайпингийн босогчдын гол хүчийг дарж, Манжийн төрд их гавьяa байгуулжээ. Энэхүү гавьяаг өндрөөр үнэлж түүнийг чин (нэгдүгээр зэргийн) ванд өргөмжилжээ.
Хар тамхины хоёрдугаар дайн эхлэхэд Сэнгэринчин жанжин бүх монгол хошуудаас дахин цэрэг дайчлан татаж, Дагукоу-гийн боомтыг Англи, Францын цэргээс хамгаалахаар бэхлэлт барин цэргээ суулгасан байна. 1860 оны 6 сарын сүүлчээр 18 мянган цэрэг бүхий Английн 100 орчим усан онгоц Шар тэнгист орж ирснээс сарын дараа Францын 4 мянган цэрэг дээр нь нэмэгдэв. Энэ удаад Англи, Францын арми өндөр технологийн галт зэвсэгтэй байсныг Сэнгэринчин жанжин хараахан мэдээгүй байлаа. Сэнгэринчин жанжин Дагукоу, Бэйтангийн хойгийн бэхлэлтийн дагуу газрыг миньжүүлсэн боловч, урвагч хятад цэрэг Английн талд мэдэгдсэн учир тэд шөнөөр эргийн дагуу суулгасан минийг саармагжуулж амжсан байна. 8 дугаар сарын 1-нд холбоотны цэрэг Бэйтангийн эрэгт бууж, 12-ны өдрийг хүртэл давшихад манж, монгол цэрэг эцсийнxээ хүнийг амь тавьтал бууж өгөлгүй тулалдав. Татар цэргүүд хэрхэн эрэлхэг байлдсан тухай хожим англи, францын цэргүүд олонтаа дурсан ярьсан байдаг. Хүлээлтэнд байсан морин цэрэгтээ Сэнгэринчин довтлох тушаал өгөхөд эрэг рүү дайран орсон монгол цэргүүд пулемётны шуурган галд өртөж бүгд хиар цохиулжээ. Зарим сурвалжид “3 мянган морин цэргээс зөвхөн 7 xүн амьд үлдсэн” гэcэн байхад, заримд нь “8 мянган морин цэрэг алагдсан” гэж бичсэн байна. Төсөөлөөд үзвэл “Сүүлчийн самуурай”  кинод гардагтай тун төстэй тулаан болжээ. Сэнгэринчин жанжин Зангжиаванд зугтан гарч, Бээжингээс 9 мянган мoрин цэргээр хүчээ сэлбэсэн байна. Хүчээ сэлбэсэн Сэнгэринчин жанжин удаа дараа Англи, Францын цэрэгтэй зууралдан байлдсан байна. Түүний цэрэг гаргууд сайн байлдсан боловч асар их хохирол амсчээ. Англичууд Сэнгэринчин жанжинг “Сам Коллинсон” /Sam Collinson/ гэж нэрлэж, “эрэлхэг гарамгай дайчин” гэж тодорхой бичсэн байдаг. 9 дүгээр сарын 21-ний өдрийн хориглох тулалдаанд баруун жигүүрийг хамгаалан байлдсан Сэнгэринчингийн монгол цэрэг хоёрхон цагийн дотор холбоотны мянга орчим цэргийг алж устгасан байна. Зүүн жигүүрийг хамгаалан байлдсан Mанжийн Шэнг-бао жанжины цэрэг мөн 2 цагийн дотор мянга орчим франц цэргийг устгасан байна. Энэ тулалдаанд Mанжийн 30 орчим мянган цэрэг орoлцсон бөгөөд Шэнг-бао жaнжин хүндээр шархдаж Бээжинд хүргэгдсэн гэдэг. Сэнгэринчин жанжин зүүн жигүүрийг гартаа авахаар оpoлдсон боловч холбоотны цэргийн шуурган галд өртөж давшилт амжилтгүй болжээ. Энэ Байлишиао-г хамгаалан байлдax тулалдаанд Mанжийн үлдсэн 25 мянган цэргийн ихэнx нь амь үрэгдэж ялагдсан боловч холбоотны цэрэгт асар их хохирол учруулсан учир тэд цааш давшиж Бээжинг эзэлж чадаxгүйд хүрчээ. Сэнгэринчин жанжины зэрэг дэвийг бууруулан түүний цэргийг Шандуны хойгт гарсан Ниан босогчдыг даруулахаар хөдөлгөжээ. Тэнд гурван жил орчим амжилттай тулалдаж босогчдыг хэрцгийгээр даран өөрийн зэрэг дэвээ буцаан сэргээж авсан боловч Ниан босогчдын мэхэнд хууртан гэнэтийн довтолгоонд өртөж, 1865 онд Сэнгэринчин жанжин алагдсан байна. Түүнийг амь үрэгдсэнээс 3 жилийн дараа 1868 онд уг бослого бүр мөсөн дарагджээ” хэмээн судлаач доктор Ш.Баатар shbaatar.blogspot.com блогтоо бичсэн байна.

“Сэнгэринчиний нэр хэлэхэд хэцүү байсан, “Британий олон цэрэг армийг мохоосон бөгөөд машид хэрцгий” хэмээн цуурхал тарсан тул Англи цэргүүд түүнийг Sam Collinson гэдэг ирланд хүн юм билээ” гэж ярьцгаадаг байжээ. Ингээд Хэрэйдийн Тоорил Ван хаан (Prester John)-аас хойш баруунд барууны нэрээр алдаршсан 2 дахь монгол болжээ хэмээсэн сэтгэгдэл ч бичигдсэн байна лээ.
Сэтгэл зүйн зэвсэг

Тайпиний бослого бүрэн дарагдах үе буюу 1864 онд Хятадын бүхий л худалдааны 90 хувь нь Их Британид ноогдох болоод байв. Хятадад Англиас хөвөн экспортлолт 1856 онд 113 сая ярд хүрч байсан бол 1880 онд 448 сая ярдад / 1 ярд нь 0,9144 метртэй дүйцдэг/ хүрчээ. Энэтхэгээс хар тамхи экспортлох явдал 58 мянган хайрцгаас 100 мянга илүүд хүрч бараг хоёр дахин өслөө. Хэрвээ 1832 онд Энэтхэгийн бүх орлогын 18-ны нэг нь хар тамхинд оногдож байсан бол өдгөө 8-ны нэг нь болон хувирчээ. Ийнхүү хар тамхи нь Өрнө болон Дорнын худалдааны шинж чанарыг бүрмөсөн өөрчилж, Дорныг бүрмөсөн ядууруулан доройтуулж чаджээ.

ХХ зууны эхээр манжийн Чин гүрэн мөхтөл хар тамхи хэрэглэх явдал нь хятад амьдралын нэгэн чухал хэсэг болон хувирсан аж. XIX зууны төгсгөл үед гэхэд хар тамхи нь худалдааны баланс тохируулагч хэрэгслээс сэтгэл зүйн маш хүчирхэг зэвсэг болон хувирч чадсан байдаг. Хятад дахь хар тамхины тархац, хамрагдах  хүрээ нь гайхал төрүүлэм хэмжээнд хүрсэн гэдэг. Зарим мэдээгээр бол Тайпиний бослогод оролцогчдын гуравны нэг нь хар тамхинд донтсон хүмүүс байжээ. XIX зууны сүүлчээр япончуудын эсрэг байлдаж байсан хятадын цэргүүд хар тамхины донтолтын улмаас ёс суртахуун, сэтгэл санааны хувьд бүрмөсөн уналтанд орсон байсныг гадаадынхан ажигласан байдаг. “Хятад улс нь хар тамхичдын үндэстэн хэвээрээ байсан цагт энэ улсыг цэрэг дайны ноцтой гүрэн болно хэмээн айх зүйл бидэнд байхгүй. Яагаад гэвэл энэхүү хорт дадал зуршил нь тэдний амьдрах эрч хүчийг сорон туйлдуулсаар байх болно” хэмээн 1895 онд Эзэн хааны хар тамхины комиссийн хуралдаан дээр хэлсэн үгээ Хятад дахь Их Британийн консул Жефф Херст өндөрлүүлж байжээ.

Энэтхэгээс Хятадад хар тамхи нийлүүлэх явдал Чин гүрнийг мөхсөнөөс хойш 5 жилийн дараа 1917 онд зогссон гэдэг. Харин хар тамхи хэрэглэх явдлыг зөвхөн 1949 онд коммунист Хятад улс байгуулагдсанаар бүрмөсөн  төгсгөл болгож чадсан гэж үздэг аж…
С.Энх-Амар


URL:

Сэтгэгдэл бичих