Сонгуулийн дараа жирийн ажилтнууд хохирох магадлалтай
Тийм ээ, ялангуяа сонгуулиар эрх барьж байсан нам солигдоход төрийн алба хаагчдыг үндэслэлгүй халах, бүтцийн өөрчлөлт нэрээр ажилгүй болгох явдал их гардаг. Ийм үед гурван талт бүтэц бүхий “Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо /ХМШЗСХ/ ажил чухал үүрэгтэй” хэмээн Ховд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Нарандорж хэлж байсан. Ховд аймагт зохион байгуулсан “Хөдөлмөр” сонины редакцийн өдрүүдийн үеэр түүнтэй хийсэн ярилцлагыг нийтэлж байна.
-Аймгийн түвшинд гурван талт Хамтын хэлэлцээрийн үзүүлэлтүүд нь хэт ерөнхий, дүгнэхэд хүндрэлтэй байсан гэж шүүмжилж байна.
-Гурван талт зөвшилцөл ялангуяа дээд түвшиндээ сайн хэлбэржиж, сайжирч байна. Орон нутагт сайжруулах зүйл их байгаа. Хэлэлцээрийн өмнө талуудын ажлын хэсэг гарч тус тусдаа хуралдаж байгаад хэлэлцээрээ хийдэг. Харин өнгөрсөн жил хөдөлмөрийн улсын үзлэг хувийн хэвшлийн аж ахуйнуудыг хамарч хөдөлмөрийн харилцааг сайжруулах чиглэлээр чухал дүгнэлт, зөвлөмж гаргасан. Энэ нь дараагийн хэлэлцээрийг сайжруулах гол үндэслэл болж байна.
Төрийн зүгээс хууль, дүрмийг хангуулах, ҮЭ хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр чамгүй ажиллаж байна. Харин энэ хооронд эздийн оролцоо тааруу байдаг нь харагдаж байна. Иймд аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийг энэ чиглэлд татан оролцуулах, хөдөлмөрийн харилцаа болон бусад асуудлаар эздийг чадваржуулах явдал чухал байгаа.
Манай аймагт татварын албанд бүртгэлтэй 780- аад аж ахуйн нэгж байгаа. Цаашдаа ч нэмэгднэ. Орон нутгийн төсвийн дийлэнхийг бүрдүүлэгч нь хувийн хэвшлийнхэн болж байна. Тэдний үйл ажиллагааг анхаас нь хууль, дүрэмд нийцүүлэх, тэдэнд ямар бэрхшээл байгаа, тэдний зүгээс хууль эрх зүйд ямар өөрчлөлт хийх шаардлагатай зэрэг саналыг авч оролцоог нь нэмэгдүүлснээр гурван талт түншлэл илүү бодитой ажил хэрэг болж хөгжинө. Энэ чиглэлээр ч манай аймаг ажиллаж эхлээд байна.
-ҮЭ-ийн ажлыг хэрхэн үнэлж байна вэ?
-Ер аймгийн ҮЭ-ийн холбооны ажил нь гайгүй. МҮЭХ-ноос санаачлан бий болгосон ХМШЗСХ-ны үйл ажиллагаа хөдөлмөрийн харилцаанд гардаг асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Ялангуяа сонгуулийн дараах шилжилжилтиин үед их хэрэгтэй. Орон нутгийн засаг дарга нар солигдоод эхлэнгүүт хүмүүсийг үндэслэлгүйгээр ажлаас халж улс төрийн бохир явуулга хийж жирийн ажилтнуудыг хохироох магадлал их болдог.
ХМШЗСХ-ны ажлын эхлэл манай аймагт амжилттай байсан. Гэхдээ сүүлийн үед ажил нь удаашралтай болчих шиг боллоо. Үйл ажиллагааны зардлыг нь энэ жил төсөвт тусгаж өгөөгүй байсан. Мэдээж үйл ажиллагаа явуулахад бичиг хэрэг, харилцаа холбооны гээд зардал, үндсэн ажлынхаа хажуугаар цаг зав гаргахаас эхлээд асуудал гарна. Тамгын газартайгаа гэрээ байгуулаад санхүүжилтээ аваад гүйцэтгэлээ гаргаад явах боломжтой гэж бодож байна.
-Олон ястны өлгий болсон Ховд аймгийн нийгмийн бодлогын туршлагаас танилцуулна уу?
-2007онд “Оюунлаг Ховд” хөтөлбөр боловсруулаад хэрэгжүүлж байна. Бид Ховд аймгийн хөгжлийн гарц бол хүн, аймгийн хөгжил, хүний хөгжлөөр тодорхойлогдоно гээд хөтөлбөрийн тэргүүлэх зорилт, уриагаа
“Эрүүл биетэй
Саруул ухаантай
Бүтээлч сэтгэлгээтэй
Ховд хүний төлөвшүүлнэ” гэж тодорхойлоод дөрвөн багц үйл ажиллагаа явуулж байна.
Нэгдүгээрт, хүмүүст амьдралын зөв дадал хэвшил бий болгох үйл ажиллагаа. Энэ хүрээнд “Амны хөндий-эрүүл мэнд”, “Хөдөлгөөн-эрүүл мэнд” гэсэн хоёр аян явуулж байна. 2021 он гэхэд Ховд аймгийн хүүхдүүдийг шүдний өвчингүй болгох зорилготой. Өнгөц харахад байдаг л зүйл мэт боловч олон бодитой ажлыг хэрэгжүүлснээр хүмүүстээ амьдралын зөв дадал хэвшил бий болгох гол зорилготой.
Хоёрдугаарт, оюунлаг үйл ажиллагааг дэмжих нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх. Бүгд л халамж дэндүү хавтгайраад хүмүүсийн сэтгэлгээнд муу нөлөөлж байгааг шүүмжилдэг. Бид үүний эсрэг оюунлаг хүмүүсээ дэмжиж тэдний араас бүгдийг нь дагуулж хөгжүүлье гэдэг үүднээс багц ажиллагаа явуулж байна. Жил бүр таван багш, гурван эмч, гурван залуу, гурван гэр бүл, гурван оюутан, 100 сурагчийг Ховд аймгийн оюунлаг багш, эмч гээд тус бүрээр нь шалгаруулж 1.0 сая төгрөгөөр урамшуулж алдаршуулж байна. 2009 оноос эхэлсэн. Улс ядуу хүүхдүүдэд хичээлийн хэрэгслэл өгдөг бол бид сайн 100 сурагчийг шагнаж байгаа.
Гуравдугаарт, Ховд аймаг олон ястны өлгий, их даяаршсан ард түмэн. Бие биедээ хүндэтгэлтэй ханддаг. Их соёл байгаа. Энэ өв соёлыг хөгжүүлэх зорилгоор олон ястны соёлын наадам, өв соёлоороо гоёдог өдөрлөг зохиодог. Өв соёлын хүрээлэн байгуулаад ястан ястны гэр барьж эд зүйлийг нь байрлуулж эхлээд байна. Цаашдаа энд биет бус өв, товшуур, хөөмий гээд зан заншлыг зааж сургах сургалт явуулна. Энэ жилийн хувьд Ховдчууд удам ургаа дээдлэх, ургийн бичгээ бичих аян явуулж байгаа. Ингэснээрээ удам судраа хойч үедээ зөв үлдээх юм.
Дөрөвдүгээрт, төр иргэний нийгмийн байгууллагын түншлэлийг бэхжүүлэх багц ажил. Орон нутагт сайн засаглалыг бий болгохдоо иргэдийн оролцоо чухал гэж тооцож энэ үйл ажиллагааг явуулж байгаа. Аймагтаа “Төр хувийн хэвшлийн түншлэлийн хороо”-г байгуулаад ажиллаж байна. Гурав гурван хүний төлөөлөлтэй. Төрийн бодлого шийдвэрт санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах, төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажил буюу тендерт хяналт тавих гээд байгууллагын нийгмийн хариуцлагыг бүх түвшинд сайжруулах чиглэлээр олон ажил хийж байна.
Б.Жаргал
Эх сурвалж:”Хөдөлмөр Сонин”
URL: