Ерөнхий сайд согтууруулах ундаагаар үйлчилдэг газрын эзэдтэй уулзалт хийнэ
Нийслэл Улаанбаатар хотод согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх эрх бүхий дэлгүүр, нийтийн хоол, цэнгээний газар нийтдээ 3951 байна. Тусгай зөвшөөрөлтэй эдгээр газрууд Архидан согтуурахтай тэмцэх тухай Монгол Улсын хуулийг биелүүлэх учиртай. Эл хуульд согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах, түүгээр үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүн авч ажиллуулах, 21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно гэсэн заалт бий. Харамсалтай нь энэ заалтыг хэрэгжүүлдэг газар цөөхөн байгаа юм. Тиймээс ч Шинэчлэлийн Засгийн газраас зохион байгуулсан “Шинэчилж шийдье 222” анхны уулзалтын үеэр 21 нас хүрээгүй хүүхдэд архи худалдаалахыг хатуу хориглож өгөөч гэсэн гэсэн хүсэлтийг нэгэн ээж Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан юм. Энэ дагуу архи, тамхины зохисгүй хэрэглээг хязгаарлах, дээрх хуулийн заалтын биелэлтийг хангуулах болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.
Энэ удаагийн хурлаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын эзэдтэй дүүрэг дүүрэгт нь уулзалт зохион байгуулж, дээрх хуулийн заалтыг мөрдөж ажиллах талаар заавар, зөвлөмж өгөхөөр боллоо. Ийн анхааруулсны дараагаар зөрчил дутагдал гаргаж, 21 насанд хүрээгүй хүнд архи худалдаалах буюу түүгээр үйлчилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах нь зүйтэй гэж ажлын хэсгийнхэн үзэж байгаа юм.
21 насанд хүрээгүй буюу архи хэрэглэдэггүй залууст зориулсан бүжгийн клуб байгуулах, кино театрт хүүхдийн тасалбараар, хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлдэг байх, спорт заалуудыг хямд түрээслүүлэх зэрэг олон боломжийг эрэлхийлэх, өөрөөр хэлбэл хүүхэд залуустаа согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэж байгаа ч тэдний цуглаж уулзах, бүжиглэж дуулах, спортоор хичээллэх зэрэг сонирхлыг нь дагасан илүү олон боломж гаргаж өгөх ёстой гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлын хэсгийн хурлын үеэр хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: