УИХ-ын гишүүд Монгол банкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугарт ам сайтай байв
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугарыг томилохыг хэлэлцэн, санал хураахад 48 гишүүн оролцсоноос 41 нь дэмжиж, 85.4 хувийн саналаар баталлаа.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Сонгууль болгонд захирал, удирдлагууд нь өөрчлөгддөг байдал хэзээ солигдох вэ? Энэ удаа залуу, чадвартай боловсон хүчин орж ирж байгаа нь сайн хэрэг. Э.Батшугарыг үнэхээр дэмжиж байна” гэлээ.
Мөн Ж.Батзандан “20 гаруй настай, чадвартай, сайхан залуу хүн орж ирж байгаад дэмжиж байна. Монгол хүнд шударга ёс, хүн чанар хэрэгтэй. Төрийн өндөр албан тушаалд очиж байгаад баяр хүргэе” гэсэн бол Г.Баярсайхан гишүүн “Хэний аав, хүү байх нь хамаагүй. Энэ салбарт өөрийн замаар ажиллах хэрэгтэй. Дэмжиж байна” гэлээ. Харин С.Оюун, Х.Тэмүүжин, Д.Дэмбэрэл, Су.Батболд нарын 7 гишүүн татгалзсан санал өгсөн юм.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар : “Монгол банкны 2013 онд тавьсан том зорилтыг биелүүлэхийн тул өөрийн туршлагаас хуваалцан ажиллах болно. Ямар нэг улс төрийн зорилго байхгүй мэргэжлийн түвшинд ажлаа хийнэ” хэмээв.
С.Сарнай
URL: