Улсдаа ганц Гэмтлийн эмнэлгийн эмгэнэл
Улсдаа ганцхан энэ эмнэлгийн бүтэн нэр уг нь Гэмтэл, согог судлалын үндэсний төв юм.
Эмнэлгийн түүхийг сөхвөл Улаанбаатар хотын хүн амыг 500 мянга орчим байхаар төлөвлөсөн 1991 онд клиникийн эмнэлэг болон өргөжсөнөөр одоогийн зургаан давхар шар тоосгон байрандаа оржээ. Түүнээс хойш бүхэл бүтэн 20 жил өнгөрч, Улаанбаатар хотын хүн ам бараг гурав дахин өсчихөөд байхад анх байгуулагдсанаасаа өчүүхэн ч өөрчлөгдсөнгүй. Байгуулагдахдаа 360 ортой байсан бол 20 жилийн дараа 60 ор нэмэгдэж, өнөөдөр 420 өвчтөн хэвтүүлж эмчлэх боломжтой болжээ.
2006 оны арваннэгдүгээр сард Гэмтэл, согог судлалын үндэсний төв хэмээх сүрхий догь цол гуншинтай болсон ч тэр жилдээ л өөрийн мэдлийн эргэн тойрны газраа бусдад булаалгаж, клиникийн эмнэлгээ өргөжүүлэн томруулах ямар ч боломжгүй болсон гэдэг.
Монгол Улс хоёр сая найман зуун мянгаад хүн амтай хэмээн саяхан ажлаа өгсөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга асан мэдэгдэж байсан. Тэгвэл тэр бүх хүнд тохиолдох хүндэвтэр гэмтэл, согогийн яаралтай тусламжийг үзүүлэх үндэсний хэмжээний ганцхан төв маань өнөөдөр ёстой л “үүрээ эвдүүлсэн шоргоолж” мэт бужигналдаж, гэмтэж, бэртсэн өвчтөнүүдээ хүлээж авч дийлэхгүй шар нар, бор хоногийг төөрүүлж сууна.
Гэмтэл, согог судлалын үндэсний төв өнөөдөр хагалгааны 10 хэсэг, 15 ортой сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний клиник, эмчилгээний 16 тасаг, нийт 490 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэй ажиллагсадтайгаар жилдээ 12 мянган өвчтөн хэвтэн эмчлүүлж, 7500 гаруй төрөл бүрийн мэс ажилбар хийж, 90 мянган хүнд осол гэмтлийн яаралтай тусламж үзүүлж байгаа ажээ. Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 40 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байдаг гэнэ.
2012.10.04-ний 11:00 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үүдээр ороход хүлээн авахын гурван залуухан эмч дээр гэмтэж бэртсэн 40 гаруй насны өвчтөн орь дуу хадааж, тэднийг эмнэлэгт хүргэж ирсэн ар гэрийнхэн нь нарийхан хонгилд багтаж шингэхгүй жинхэнэ хөл толгой нь мэдэгдэхгүй аймшигтай орчин угтсан юм.
Төв аймгаас авто ослын улмаас хүргэгдэж ирсэн нэгэн өвчтөн сэхээний тасаг руу хүргүүлэх тэрүүхэн замд нүдэн дээр минь амь нь тасрахыг харлаа. Бараг найдваргүй болсон түүний амийг торгоохоор гүйн ирсэн Монгол Улсын гавьяат эмч, анагаах ухааны доктор, порфессор Р.Шагдарсүрэнтэй тавхан хором уулзахыг хүстэл яаралтай хагалгааны тасаг руу гүйх зуураа “Орой 18 цаг хүртэл ямар ч боломжгүй. Ар араасаа маш хүнд хагалгаанууд хүлээгдэж байгаа” гэчихээд харайж одов.
Тэгтэл эмнэлгийн нарийхан хонгилыг нураачих нь халгүй орилсон нэгэн залуу хоёр найзаараа тэврүүлсээр хар гүйхээрээ орж ирлээ. Нэг талынх нь хацрын товгор яс хуга үсэрч, сэрийгээд наашаа гараад ирчихсэн түүнийг харах ч юм биш. Ёстой жинхэнэ аймшиг тэнд л буцалж байлаа. Харин тэр зэргийн гэмтэлд дөжирсөн залуухан эмч нөгөө залууг орилуулан байж боолт хийж өгөөд, “Хонгилд ч хэвтүүлэх боломжгүй. Амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа маш хүнд өвчтөнүүдээ ч багтаах боломжгүй байгаа. Өрхийн эмнэлгээрээ боолт хийлгээд яв. Үгүй бол аль нэг хувийн эмнэлэгт хэвтээд, боолтоо ирж солиулж бай” гээд хэнэг ч үгүй хөөх шахам гаргачихлаа.
Үнэндээ бусад клиникийн эмнэлгийн эмч нар өдөрт 15-20 өвчтөнд үзлэг, эмчилгээ хийдэг бол тус эмнэлгийн хүлээн авахын нэг эмч өдөрт доод тал нь 70-80 өвчтөнд анхан шатны тусламж үзүүлдэг аж. Хүлээн авахын гурван эмчийн хоёр нь залуухан эмэгтэй эмч байх юм. Сонирхоод Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хүний нөөцийн албаны мэргэжилтэнтэй уулзаж тодруулга авах гэтэл “Цайны цаг болсон” гээд халгаасангүй. Харин үүдэнд нь өлгөөтэй байгаа тодруулгаас нийт 490 гаруй эмч, мэргэжилтний 409 нь буюу 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд, тэдний 63.5 хувийг 39 хүртэлх насны залуучууд эзэлдгийг олж мэдэв.
Үхэл, амьдралын заагт золгүй тохиолдлоор орж, орь дуу хадаасан янз бүрийн осол гэмтэлд өртөгсөдтэй хамгийн эхлээд улаан нүүрээрээ халз тулж, амь насыг нь торгоодог халширмаар энэ ажилд бүсгүйчүүд голдуу ажилладаг нь бас л нэгийг бодогдуулсан юм.
Үнэндээ нүүр тулсан аймшигт учрал, барьц алдмаар гэнэтийн тохиолдолд эмэгтэй хүн эрчүүдээс илүү зориг зүрхтэй, сэтгэлийн тэнхээтэй байдаг нь өнөөдрийн Улаанбаатарын аймшигт амьдралын толь болсон Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөр ороод гарсан хэдхэн хоромд бүр ч илүүтэй анзаарагдсан юм.
Монголдоо ганц гэгдэх Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хөл гишгэх зай үнэндээ алга. Зургаан давхар эмнэлгийн урт нарийхан хонгил босч чадахгүй, битүү боолттой, гэмтэж бэртсэн өвчтөнүүдийн сэтгэл сэглэсэн тарчлаантай орилоон, ёолох дуунд дайвалзаж байна, цаана чинь.
Уг нь бид чинь Азийн цагаан дагина гэгддэг байсан Улаанбаатар хотдоо дайн дажингүй энх амгалан л амьдарч байгаа ухаантай юмсан. Гэтэл ямар гээч аюул нүүрлэхээрээ дайны хөлд сүйдэж байгаа Сири, Афганистан, Ирактай адилхан эмнэлэгтээ багтахгүй гар хөлөө тасдуулж, битүү боолтны цаанаас аврал эрсэн аймшигт дуунд тарчилж, эмчилж дийлдэхгүй болтлоо бэртэж гэмтэцгээнэ вэ.
Өдөрт 250-300 гаруй хүн янз бүрийн ослоор бэртэж гэмтэн, орь дуу хадаасаар зорин ирж байгаа Гэмтлийн эмнэлэг өвчтөнүүддээ дарагдаж, хөл гишгэх газар байтугай амьсгалах агаар ч алга. Шинээр гэмтэл согогийн томоохон эмнэлэг барих газар нь ч алга.
Сая гурван зуун мянган иргэнээ багтааж ядан бужигналдаж байгаа Улаанбаатар хотод XXI зууны станртад нийцсэн, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй Гэмтэл согогийн клиник эмнэлгийг нэн яаралтай байгуулах шаардлагатай байна. Тийм газар байна уу, Э.Бат-Үүл баатар аа.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: