С.Ганбаатар, С.Баярцогт нарын хэн нь илүүрхэх бол?
“Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлнэ” гэдэг. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нар ирэх даваа гаригт Төрийн ордонд халз мэтгэлцэхээр өдрөө товлоод байна. Гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг үзэглэсэн С.Баярцогт болон холбогдох бусад албан тушаалтныг уг гэрээг алдаатай байгуулсан хэмээн үзэж халз мэтгэлцээнд дуудаад байсан юм. Тэрбээр сарын өмнө “Оюутолгойн гэрээ алдаатай байна уу, оноотой байна уу гэдгийг мэргэжлийн хүмүүсийг суулгаж байгаад нээлттэй ярилцъя. Засгийн газар мэргэжлийн бус шийдвэр гаргасны төлөө 2.7 сая Монгол бүгдээрээ уул уурхайн гэрээний мэргэжилтнүүд болчихлоо. Би 46 хоногийн өмнө халз мэтгэлцье гэдгээ дуулгасан.
Хэн нь буруутай болохыг шийдье гэсэн ч ирсэнгүй. Тэгвэл өнөөдөр хугацаагаа зарлая. Аравдугаар сарын 8-ны даваа гаригт 12.00 цагаас дуэльд дуудаж байна” гэсэн юм. Түүний “урилга”-ыг С.Баярцогт гишүүн хүлээн авснаа мэдэгдсэн юм. Ийнхүү хоёр гишүүн халз мэтгэлцээнээ сэтгүүлчдэд нээлттэй явуулна. Энэ мэтгэлцээнд хэн нь илүүрхэхийг уншигч та ч сонирхоно биз ээ.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: