Томыг нь бардаггүй юм бол жижгийг нь дэмжээч!
Манай Хөгжлийн банк ойрын хоёр жилийн дотор 5 тэрбум хүртэлх ам.долларын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаад, орж ирсэн мөнгөөр нь өмнөх евро бондын хөтөлбөрийнхөө үр дүнд хэрэгжүүлэх гээд чадаагүй төслүүдээ жинхэнэ утгаар нь хөрсөн дээр буулгах юм яриад байгаа. Ийм хэмжээний мөнгөөр хэмжигдэх үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төсөл эрхэм спикерийн ширээн дээр байж байгаа. Ерөнхийдөө ногоон гэрлээр батлагдах нь тодорхой тогтоолын төсөл гэж ойлгож болно.
Тэгэхээр бидний хувьд мөнгө босголоо гэхэд, тэрийгээ тарамдаад хаячихгүй, бодит эдийн засагтаа өгөөжтэй зарцуулах нь гол асуудал. Энэ утгаар нь харвал ер нь манай улстөрчид Хөгжлийн банкныхаа зорилтот зах зээлийг, тодруулбал санхүүжилт хийх салбаруудыг хэр оновчтой тодорхойлчихоод байгаа юм бэ гэдэг асуулт тавигдана. Түүнчлэн гадны жишиг ямар байдгийг харах хэрэгтэй болж байна л даа. Ер нь бол дэлхийн улс орнуудын Хөгжлийн банкуудын үүрэг болоод үр ашгийг нэмэгдүүлэх арга замын талаар хийгдсэн судалгаанууд байдаг. Тэдгээрээс Дэлхийн банкны судалгаанд тулгуурлан өгүүлэхэд:
Канадын Бизнесийн хөгжлийн банк 2009 онд олон улсын жишиг тогтоохоор дэлхийн 7 эдийн засгийн бүсийн 92 улсын Засгийн газрын хөтөлбөрүүд болон 373 орны Хөгжлийн банк, Экспортын зээлийн агентлагууд, Хөгжлийн санхүүгийн байгууллага зэрэг хөгжлийн байгууллагуудыг судалсан байна. Санал болгож байсан бүх бүтээгдэхүүн, үйлчилгээг онцлон үзэж, тодорхой дүгнэлт гаргахын тулд баримтуудыг судалжээ. Улмаар судалгааны үр дүнд Хөгжлийн банкуудын хамгийн нийтлэг 6 зорилтот зах зээлийг тодорхойлсон байгаа юм. Тэдгээр нь: 1- Бичил-бизнес/эхэлж буй, 2- Жижиг дунд үйлдвэр, 3- Олон улсын худалдаа/даяарчлал, 4- Орон сууцжуулалт, 5- Дэд бүтэц, 6- Хөдөө аж ахуйн салбар тус тус байна.
Харин эдгээрээс Хөгжлийн банкуудын хамгийн түгээмэл зорилтот зах зээл нь ЖДҮ аж. Хөгжлийн банкуудын 60 -аад хувь энэ зах зээлийг сонирхдог аж. Дэлхийн жишгээр бол Жижиг дунд үйлдвэрлэл гэж 5-250 ажилтантай үйлдвэрлэлийг хэлдаг байна. Дэлхийн хэмжээнд нийт аж ахуйн нэгжийн 95%-ийг ЖДҮ эзэлдэг бөгөөд тэдгээр нь ажил олгох гол эх үүсвэр, тухайн улсын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь байдаг.
Гэтэл эдийн засгийн чухал хөдөлгөгч энэ хүчнүүдийг зах зээл адилаар авч үздэггүй. Ялангуяа ЖДҮ-д тавьж байгаа банкны шаардлагууд нь бичил санхүүгийн шийдлийн хувьд дэндүү ахадсан бөгөөд хэт эрсдэлтэй буюу хэд өндөр өртөгтэй гэж тооцогддог байгууллагын санхүүгийн загварын дагуу үйлчлүүлэхэд дэндүү жижигддэг. Энэхүү ЖДҮ-д шаардлагатай санхүүжилтийн хомсдолыг “дутагдаж байгаа дунд үе” гэж нэрлэдэг тухай судлаачид бичсэн байна.
Манай тухайд ЖДҮ эрхлэгчид бодит дэмжлэгийг авч чадахгүй байгааг бид бэлхнээ харж байгаа билээ. Засгаас ЖДҮ-ийг дэмжих жил энэ тэр гэсэн сүржин уриа дэвшүүлдэг ч хийгдсэн ажлууд нь даржин гэдгийг хаа хаанаа мэднэ. Арилжааны банкуудын өндөр шаардлага, өндөр хүүг давах нь ЖДҮ эрхлэгчдийн өмнө тээг болж байгаа том асуудал мөнөөс мөн билээ. Тэгэхээр том төслүүдийг дэмжиж гавьдаггүй Хөгжлийн банкны зорилтот зах зээлүүдийн нэг нь ЖДҮ-ийн салбар байж яагаад болохгүй гэж. Тийшээгээ томоохон дэмжлэгийг үзүүлж яагаад болохгүй гэж!
Мөн түүнчлэн Хөгжлийн банкны хоёр дахь том зах зээл бол олон улсын худалдаа аж. Хөгжлийн банкуудын ойролцоогоор 45 хувь нь худалдааны салбарыг санхүүжилтийн зах зээл гэж үздэг юм байна. Эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр нь худалдаа байдаг бөгөөд ихэнх Засгийн газруудад энэ салбарыг тэргүүлэх салбараа гэж тодорхойлдог аж. Экспортлогчдын олонхи нь том үйлдвэрүүд байдаг ч, олон улсын худалдааны төвөгтэй байдалтай холбоотой эрсдлүүд нь худалдааны санхүүжилт авахад саад учруулдаг байна. Үүнээс гадна худалдааны зах зээл нь том үйлдвэрээр хязгаарлагдахгүй бөгөөд ЖДҮ ч мөн олон улсын худалдааны боломжуудыг түргэн шаламгай мэдэрч, хөрөнгө оруулалтын болон худалдааны боломжуудыг ашиглаж чаддаг байх хэрэгтэй аж. Тиймээс олон Хөгжлийн банкууд ЖДҮ болон худалдааны зах зээлийг хоёуланг нь сонирхож тэдгээрийг тойруулан өөрсдийн бүтээгдэхүүнээ санал болгодог юм байна.
Түүнчлэн Хөгжлийн банкуудын сонирхдог бусад зорилтот зах зээлд эдийн засаг дахь орлого багатай хэсгийн орон сууцны моргейжийн санхүүжилт, дэд бүтцийн төслүүдэд урт хугацааны их хэмжээний санхүүжилт олгох боломж, үйлчилгээ явуулахад дэндүү үнэтэй тусдаг алслагдсан нутагт санхүүгийн үйлчилгээ үзүүлэх болон үр тарианы ургац хураалттай холбоотой гардаг эрсдлийн улмаас хөдөө аж, ахуйн салбарт хөрөнгө оруулах зэрэг салбарууд орж байна.
Ямартай ч, манай тухайд өмнөх Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулан 600 сая ам.долларын дунд хугацааны евро бондын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөр, “ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “ Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”, “ Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтад орсон төсөл хөтөлбөр” –үүдийг санхүүжүүлэх эхний боломжууд нээгдэнэ, төмөр зам, орон сууц, замын хөтөлбөрүүдийн гарааны мөнгө болно гэж байсан ч, өнөөдрийн тухайд ямар ч гараа харагдахгүй байгаа.
Харин ойрын хоёр жилд 5 тэрбум хүртэлх ам.долларын үнэт цаас арилжаалчихвал орж ирэх мөнгийг нийгмийн халамжид зарцуулахгүй, төсвийн алдагдлыг нөхөхгүй. Харин эдийн засгаа эрчимжүүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжихэд зориулах бөгөөд өнөөх л төмөр замын сүлжээ, авто зам, эрчим хүч, Тавантолгойн уурхай, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэж байгаа. Цаашлаад банкны зээлийн хүүгийн хэмжээг бууруулж, инфляцийг багасган, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хамааралтай санхүүгийн өнөөгийн тогтолцоог эрс өөрчлөх тухай яриад байгаа.
Мэдээж ярих нэг хэрэг, ажил болгох бас нэг хэрэг. Том, том төслийг бардаггүй юмаа гэхэд томын хажууд жижиг ч, чухал үр дүн дагуулах салбарт анхаарал хандуулвал яасан юм бэ!
Э.Болорхажид
URL: