Ард түмэн “заводын дарга” шиг нөхдөөр удирдуулахдаа дуртай байх уу?
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад шил шилээ дарсан ажлууд төлөвлөөд сүрхий л байх шиг. Эхнээсээ авч байгаа арга хэмжээнүүд нь ч ард түмэнд таалагдаж, сэтгэлд нь хүрч байгааг хэлэх хэрэгтэй. Гэхдээ бас юм байна аа байна. Тэр дундаас жижиг ч гэмээр нэг зүйлийг зориуд хэлмээр байгаа юм. Хэдийгээр том ажлын дэргэд энэ шүүмжлэл яамай байна аа гэж хэлж болох ч аливаа юм жижигддэггүй билээ. Тэр тусмаа том ажил хийх гэж яваа бол жижиг асуудал гэж байх ёсгүй.
Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд гэж нэг л цамцныхаа захыг гозойлгосон нөхөд байх юм. Тэр хүмүүст зангиа зүүхгүй, энгийн хувцаслаж байвал ажил хийдэг хүн шиг харагдаж, ард түмэнд таалагдана гэж хэн нэгэн нь хэлчихсэн болтой юм. Гэтэл яг үнэндээ дээхнэ үеийн сүүн заводын дарга нар шиг л харагдаад байна. Соц цагийн сүүн заводын дарга нар гэж заваандуу сорочкин цамцаа сүү цөцгийн тосонд халтартсан өмдөөрөө даруулаад өмсчихсөн нөхөд явж байдаг сан. Сахал үсэндээ баригдчихсан, бас тэрүүхэндээ хөөрхөн гүзээтэй. Хөдөө нутагт байгаа нэгждээ хамгийн ойр төр засгийн төлөөлөл ч гэмээр. Гэвч багахан сэтэртээ таарамгүй энгийн тэднийг хэн ч дарга даамал гэж хардаггүй байв. Тэдний өмссөн зүүсэн нь, өрвийсөн үс нь, нэрмэл эргүүлж, илүү дутууг гоочилж яваа нь тийм итгэл үнэмшил торүүлж чаддаггүй байв даа.
Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд ч хуралдаа зангиагүй, иргэдтэй уулзаж явахдаа ч зангиагүй, бүр спорт хувцастай, телевизийн ярилцлагад орохдоо ч тамхины утаа сааралтуулж үнсний саваар чамирхаж байна. Шинэ залуу дэд сайд нар нь ч ингэдэг юм байна гээд бодчихсон футболктой ажил яриад явж байна. Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэсэн шиг хувцаслах юм. Уучлаарай, та бүхэн ерөөсөө төрийн сайд шиг харагдахгүй байна. Харин сүүн заводын дарга нартай адил байна.
Цайвар цамц, бараан хослол өмсөөд цэмцгэр гэгч нь зангиа зүүсэн дүр төрх бол дэлхийн стандарт ажил хэрэгч хүний дүр төрх. Үүнийг цагаан захтан, хоосон хээнцэрлэл гэж буруутгах хэрэггүй. Ямар ч орны төрийн ёслолын албанд ийм жишгийг л барьдаг. АНУ-ын хар арьст Ерөнхийлөгч Б.Обама ч зангиа зүүж, Солонгос, Хятадын өтөл хашир улстөрч нар ч энэ жишгийг дагадаг. Төрдөө хүндэтгэлтэй хандаж байгаагийн, түмэн олноо хүндэлж байгаагийн илрэл болгож энэ жишгийг барьж, төрийн буурал тэргүүнүүд үсээ ч товлосон хугацаанд будуулдаг гэж байгаа. Хойд Солонгосын парламентын дарга, түшээд ч гэсэн өөрсдийн үйлдвэрийн хийц муутайхан гонжоомоо ч хилийн чинадад жимбийлгээд өмсөөд явж байдаг. Энэ бол тогтсон жишиг.
Гэтэл манай ардчиллынхан дадаж сурснаараа явах гээд байх шиг байна. Одоо та нар хуучин шигээ гудамжинд лааз өшиглөж яваа биш, парламентад олонхи суудлыг нь авч Засгийн газраа байгуулчихаад байгаа шүү дээ. Ард түмэн сүүн тасгийн дарга нар шиг хүмүүст биш харин өөрсдөд нь хүндэтгэлтэй хандаж буйгаа гадаад байдлаараа эхний шатанд илэрхийлчихсэн үсээ самнаад, гэдсээ татчихсан хүмүүст илүү итгэнэ л дээ. Ер нь өөрийгөө аятайхан аваад явчихгүй байгаа хүнийг өөрсдийг нь аваад явна гэдэгт хэн итгэх юм бэ.
Одоогоос хэдэн жилийн өмнө Ядамдорж гэдэг хурандаа Замын цагдаагийн газрын дарга болонгуутаа “Гүзээтэй замын цагдаа гэж юу байдаг юм. Ийм хүнийг ажлаа хийхгүй байгаад тооцно” гэж бүгдийг нь эрээн мод бариулаад гаргаж байсан гэдэг. Ажлаа хэрхэн хийж буй нь байгаа байдлаас нь харагддаг ажил мэргэжил гэж бас байх юм. Түүн шиг шинэчлэлийн Засгийн газар гээд хүний сэдэхгүйг сэдээд, хийж бүтээгээд мундаг байж болно л доо. Гэхдээ жаахан юм шиг боловч үүн дээрээ анхаарчихмаар байна.
Шинэчлэлийн Засгийн газрын сайд нарт зааж зөвлөдөг имиж мэйкер энэ тэр байдаг л байлгүй. Үүнийг хэлж туслаач ээ. Ажил мундаг хийдэг хүний дүр бүтээж байгаа нь энэ гээд зангиагаа тайлж хаяад чөлөөтэй хувцаслаад яваад байгаа нь тийм ч эөв шийдвэр бишийг. Амралтын өдрөөр Засгийн газар хуралдаж байгаа нь энэ гээд арван жилийн хүүхдүүд шиг цугларч ирмээргүй байна. Нэгэнт л төр засгийн ажлыг ярьж байгаа бол тэгж итгэл төрүүлэхээр харагдах ёстой. Тэгэхгүй бол нэг л алхаг залхуу, замбараагүй харагдаж байна. Тийм хүнийг элэг барьдаг л байхгүй юу. Нүдээрээ олзлогдоод л эхэлнэ.
Муу хэлүүлсээр ирсэн МАН-ынхан гэхэд ядаж үүнийгээ мэддэг болчихсои байсан шүү дээ. Одоо АН-ынхан гудамжинд байсан имижээ гээж, төр авч яваа хүмүүсийнхээ төрхөнд ормоор байна. Ядаж л нүдээрээ хараад эрх баригч гэдэгт тань итгэмээр байна ш дээ. Ард түмэн “сүүн заводын дарга” шиг нөхдөөр удирдуулахдаа дуртай байдаггүй юм.
Э.ЭНЭРЭЛ
URL: