Хугарсан ноён нуруу

Улс төрийн ямар намд орох, хэнтэйгээ ннйлэх, яаж улс төр хийх нь хувь хүнд Үндсэн хуулиар олгогдсон эрх л дээ. Гэхдээ тухайн улстөрчийн хэн бэ гэдгийг Үндсэн хуулиар олгогдсон тэр л эрхээ хэрхэн эдэлж байгаагаас нь дүгнэлт хийн дүнгээ тавьдаг нь ард түмэн. Сонгуулийн дараагаар их бялуу хуваалт учир тоймоо алдан эрээ цээргүй наймаалдсан бол одоо энэ бүхний төгсгөлд матрын нулимс унагагсад болон магнайгаа хагартал баярлагсдын орон гаран үйлдлүүдээр шувтарч байх шиг. Саяхнаас МҮАН-ын Ц.Цолмонг МАХН-д элслээ гэх мэдээлэл тарав. Энэ талаар аль аль намынхнаас нь асуухад үгүйсгэсэнгүй. Харин өөрөө энэ талаар дуугарахаас зайлсхийн зугтаж байгаа сурагтай. Ингэхээр эл мэдээлэл баттай байх нигууртай. Ц.Цолмон парламентын гишүүний тангарагаа сүүлдэж өргөсөн. Харин энэ квот нь угтаа МАХН-ын нэр устай байж, үүний төлөөсөнд Ц.Цолмон намаа сольж байгаа гэнэ. Тангараг өргөхөөр Ерөнхийлөгчид нэр өгөхөд л МАХН-ынхан “яагаад гэнэт МҮАН-ын Ц.Цолмон ороод явчив. Энэ манай данстай суудал шүү дээ” хэмээн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал дээрээ хэл ам хийн оржээ.

Тэгэхэд Н.Удвал “Улс төрийн том тохироо явж байгаа. Та нар ойлгох ёстой. Цаана нь том эрх ашиг бий тул дуугүй л байх хэрэгтэй” гэх ухааны үгээр амыг нь тагласан ажээ. Харин тэр том эрх ашиг нь МҮАН-аас Ц.Цолмонг урвуулах байж гэдгийг өдгөө МАХН-ынхан ярьцгааж байна. Ийм ч асуудал болох төлөвтэй байсан учраас М.Энхсайхан яаран сандран хэвлэлд хандаж Н.Энхбаярт “хайргүй” болсноо зарласан гэнэ. Харин Ц.Цолмонгийн тухайд уугуул улс төрийн нам нь МАХН байжээ. Тэрбээр МАХН (МАН)-ыг шинэчлэх эрдэмтдийн бүлэгт ажиллаж байгаад Ардчилсан намд элсээд, дараа нь М.Энхсайхан нартайҮШН-ыгбайгуулж даргаар нь ажиллаж байсан юм. Мөн Ц.Цолмон хааяа нэг хэвлэлийнхэнд ам нээхдээ МАХН, МҮАН хоёр яваандаа нэгдэхэд гэмгүй гэх маягийн мессеж хаячихдаг болоод байсан. Ингэхээр М.Энхсайхан Н.Энхбаяр хоёрын хайр дурлалд Ц.Цолмон ийн цэг тавьж байгаа болотой. Н.Энхбаярын хувьд нэлээн дээхнээс Ц.Цолмонг урвуулах талаар эрчтэй ажиллаж байсан нь өнөөдөр нэгэнт ил болов. Ц.Цолмон долоо хоногийн өмнө М.Энхсайхантай уулзахдаа МАХН-ыг сонгож байгаагаа дуулгасан гэнэ. М.Энхсайхантай намын даргын албаа ээлжилж хашихын хамт шинэ Үндсэн хуулийг батална хэмээн хэдэн жил зүтгэсэн Ц.Цолмонгийн улстөрчийн ноён нуруу энэ парламентад суух суудалд дарагдан хугарлаа.

Мөн эдийн засагч Н.Дашзэвэг Н.Энхбаярт хайргүй болсноо олон нийтэд зарлах болсон. Учир нь ямар нэгэн албан тушаал “Шударга ёс” эвсэл өгөөгүй учраас МАХН-ыг гэх ноён нуруу нь өөрийн эрхгүй хугарч байгаа юм байх. Үүний дараа ИЗНН-ын гурван даргын нэг Д.Энхбат намаасаа гарч байгаагаа мэдэгджээ. Д.Энхбатын тухайд УИХ-ын сонгуулиар намын жагсаалтын эхний таваас зургаа дахь квотоо 600 сая төгрөгөөр үнэлэн зарсан нь таалагдаагүй тул намаа орхиж байгаа юм байх. Тэрбээр уг нь Ногоон намын дарга байж байгаад бөөн хэл ам дагуулан байж ИЗН-тай нийлүүлж ИЗНН гээчийг бий болгон нэг даргаар нь суусан. Гэвч өнөөдөр шударга үнэний төлөө намаасаа татгалзаж байна гэж мэдэгдэв. Харин үлдэж байгаа хэсэг нь “Огтоос тийм зүйл болоогүй, харин өөрөө нэгдүгээрт байхыг хүсээд хүсэл нь биелэгдэхгүй болохоор арга мухардахдаа гарч байгаа юм” гэх тайлбар хийж байна билээ. Ингэхээр Д.Энхбат гишүүний ИЗНН гэх чин сэтгэл, ноён нурууг хугалах ямар үнэ цэнэ байсан нь олонд хоёр үзүүртэй зүү мэт хачин олон тайлбартайгаар үлдэж байна. Эр хүний ноён нуруу хаана хугардаг нь тодорхойгүй бол улстөрчийн ноён нуруу зөвхөн албан тушаалын үзүүрт хугарч нугардаг нь ийнхүү дээрх эрхмүүдийн үйлдлээр баталгаажлаа.


URL:

Сэтгэгдэл бичих