Учиртай гурван “Э”
МАХН, МҮАН хоёр нэгнийгээ үгүйсгэх болсон гэдэг нь Ц.Цолмон болон бусад нөхдийнх нь яринаас тодорхой боллоо. Энэ бол хагарлын цондон. Хэдийгээр эвслийг нэг болгох зорилгоор өөрөөрөө үлгэрлэж байгаагаа Ц.Цолмон зөвтгөж буй ч нөхөд нь үүнийг ойлгохгүй. Ойлгохыг ч хүсэхгүй. Г.Уянга гишүүний хэлсэнчлэн Шударга ёс эвслийг шударга бус байдал л задлах байх. МҮАН-аас МАХН руу нүүх Ц.Цолмонгийн үйлдлийг намынхан нь шударга бус гэж дүгнэж байгаа. Тойргоос бусад жагсаалтаар парламентын босго алхаж, тэр битгий хэл хуваарилагдсан албан тушаалын бялууны зүсмийг түүнд хаягласан. Иймээс энэ бүхнээ эргүүлэн авахын тулд мань хүнийг МҮАН-ынхан эргүүлэн татах, эрх зүйн үндэслэлийг судалж байна. Учир нь Ц.Цолмон бол тэдний хувьд урвагч учраас. Гэвч Ц.Цолмонгийн хувьд “тэтгэвэр”-т гарах дөхсөн нэгэн. МҮАН-ыг дагасаар байвал ганц энэ удаагийн парламентаар улс төрийн карьеар нь дуусч мэднэ. Намын нэр хүнд өсөөгүйгээс болж намаа сольж байна гэдэг бол ойлгомжгүй шалтгаан байж болно. Г.Уянга гишүүний хэлсэнчлэн МҮАН бол өөрийн гэсэн үнэ цэнтэй, нийгэмд эзлэх байр суурьтай, үзэл баримтлалтай нам. Энэ бүгдийг бүтээхэд оролцсон хүн бол Ц.Цолмон дарга. Гэсэн ч тэр энэ хүрээд тэтгэвэрт гарахыг хүсээгүй тул зоригтой алхам хийсэн болов уу.
М.Энхсайханы сэтгэл нь хөрж, МАХН-д татагдахаа больсон гэх мэдээлэл халуунаараа шахуу байна. Өөрөөр хэлбэл, зүү орох зайгүй нөхөрлөж явсан М.Энхсайхан, Н.Энхбаяр нарын хайр мөхөж, улс төрийн замнал нь энэ хүрээд өндөрлөлөө. Яг л Ц.Нямдоржийн хэлсэнчлэн улс төрд мөнхийн найзууд гэж хэзээ ч байдаггүйг тэд харууллаа. Хэн хэнийхээ нэр нүүр, хүчээр энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулсан хоёр “Э”-гийн гавьяаг өнөөдөр хэн хэн нь үгүйсгэх болж. Н.Энхбаяр байгаагүй бол МҮАН парламентад суудал авахгүй байсан гэх түрэмгийлэл МАХН-д газар авч, бялууны хуваарилалтыг ч тэр журмаар хийсэн нь энэ бүхний баталгаа. Гэхдээ М.Энхсайхан байгаагүй бол МАХН дангаараа бүлэг байгуулах хэмжээний суудал авах уу, үгүй юу. Өнөөдөр парламентад МҮАН, МАХН тэнцүү таван суудалтай байв. Харин Ц.Цолмон МАХН руу хөрөвснөөр МҮАН дөрвөн суудалтай болж, хоцорлоо. Энэ бол М.Энхсайханы мэдэгдлийн дараахан болсон үйл явц тул Н.Энхбаярын хариу арга хэмжээ ч байж мэднэ. Хэдийгээр Ц.Цолмон шийдвэрийг гаргасан ч МАХН-ынхан урьж, залсан тухай онцолж буй. Хэрэв эвсэл задарвал МАХН бүлэггүй болж хүчин мөхөсдөнө. Иймээс Ц.Цолмонгийн араас дахин нэг хүн урвуулчихвал гаднаас орж ирэх нэг хүнээ нэмээд найм болж, дангаараа бүлэг байгуулах эрх зүйн боломжтой. Тэгэхээр МҮАН-аас дахин нэг хүнийг урвуулах ажиллагаа удахгүй явагдах нь. Мөн МАХН-ын батлахгүй Ц.Оюунбаатарыг биш Э.Батшугарыг оруулж ирэх гэж чармайж байгаа нь ч үүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Ийнхүү МАХН УИХ-д өөрийн гэсэн бүлэгтэй болж, МҮАН ганц, хоёрхон суудалтай ИЗНН-ын ихэр болж хоцорно. Мэдээж, М.Энхсайхан тойргийн гадна анхнаасаа үлдсэн тул мянга хашгираад цуурай мэт.
Иймдээ ч Орон нутгийн сонгуульд МҮАН-ыг “жийж”, зарим газар МАН-тай хамтрах шийдвэр гаргасан бололтой. Энэ шийдвэрийг гаргахад Ө.Энхтүвшингийн хувь нэмрийг үнэлж барахгүй. Намын шинэхэн дарга эксийг эргэж очсон нь хоёр нам нэг цул биш ч нийлж, дөрөө харших боломжийг нээлээ. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын зуурдын нөхөрлөлийн уршгаар МАН сонгуулиар ялагдал хүлээсэн. АН-д гэхээсээ илүүтэй эвсэлд далаараа тавиулсан юм. Иймээс орон нутгийн сонгуулиар дахин бүдрэхгүйн тулд хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн бололтой.
МАН-ын араа бодсон алхам байсан уу, хүний мөс нь чангаасан уу ямартай ч Ө.Энхтүвшин ялтан болж, өвчин тусч өндийж чадахаа больсон Н.Энхбаярыг эргэж очлоо. М.Энхсайхан хүртэл нүүр буруулсан энэ үед угшил нэгт нөхдөөс нь өөр дотно сэтгэгдэл төрүүлэх хүн ч гэж үгүй болсон биз. Нам нь сонгуулиар “ялалт” байгуулж, АН-тай Засаг барьсан ч Н.Энхбаярт нэмэр биш нэрмээс л болох шиг. Гагцхүү наранд байгаа хэд нь албан тушаалд тухалж, түүний талаар ам нээхээ болив. Энэ үед угшил нэгт МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Хурал нь мэтгэлцээнгүй, хэрэг нь хохирогчгүй, нэхэмжлэгчгүй, хангалттай үндэслэл, нотолгоогүй сонин шүүх ажиллагаа болж өнгөрлөө гээд хүмүүс шуугиад байна. Энэ талаар шүүх олон түмэнд маш тодорхой хариулт өгөөсэй гэж бодох юм. Хүнийг ямар нэг хэлбэрээр хэлмэгдүүлэх вий гэдгээс Монголын төр, улс төрийн хүчнүүд үргэлж сэрэмжлэх ёстой” хэмээсэн нь экс Ерөнхийлөгчид нэгийг бодогдуулсан нь гарцаагүй. Мөн энэ бол хэлмэгдүүлэлт гэх утга бүхий үг унагасан нь Засгийн амин судсыг хөндсөн ч гэж болно. Тиймдээ ч тэдний уулзалт амжилттай болж, ирэх сонгуулиар зарим газарт хүч хавсрахаар шийдвэрлэсэн биз.
МАН, МАХН нэгдэхэд цаг хугацаа л шаардлагатай. Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар яагаад тохиролцож болохгүй гэж хэмээх олны үг ортой байсан ч байж мэднэ. Ямартай ч, Н.Энхбаяр нэг Э-гээс хагацаж, нөгөө Э-тэйгээ учирлаа. Угшил нэгт хоёр Э-гийн зам мөр илүү урт байх болов уу гэсэн найдвар улс төр ажиглагчдын дунд өрнөж байна. Хэдийгээр МАН экстэй гар барьснаар түүнийг наранд гаргаж чадахгүй ч нарсанд хатаахгүй байх хэмжээний арга ухаантай. Энэ нь Н.Энхбаярт хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа зүйл. Харин орон нутагт сөхрөхгүйн тулд МАХН-ын оролцоо МАН-д ус, агаар мэт үгүйлэгдэж буй. Энэ бүхэн МАН, МАХН хамтран тоглох гол нөхцөл, эрэлт хэрэгцээ нь.
Цагаа олсон энэхүү уулзалт шинэчлэлийн Засгийн газрыг баганыг ч савлуулаад эхэллээ. Хэрэв эвсэл бутарвал МҮАН үлдэж болох ч МАХН нүүх магадлал өндөр. Нэгэнт АН-тай ураг барилдлаа гээд эцгийг нь өршөөхгүйгээс хойш хамтарч ажиллах шалтаг, шалтгаан экт байхгүй. Харин ч намынхаа нөхдүүдийг МАН-тай санал нэгтгэж, АН-ын эсрэг довтолно. Мэдээж, МАХН-ын нөхдүүд албан тушаалаар “худалдагдчихгүй” бол. МҮАН гэрээгээ хадгалж үлдэхийг хамгийн ихээр хүсч буй. Тухайлбал, Г.Уянга “МҮАН-ын бодлогын төвшинд гаргасан шийдвэр бол бид дээрээ хамтарч Засаг байгуулсан тэр харьцааг доороо ч бас хадгалж авч үлдэх ёстой гэсэн байр суурь. Намын байгууллагууддаа ч энэ чиг үүргийг өгсөн. Тэгэхээр бид зарим газарт нь МАХН-тай, бас АН-тай, ИЗНН-тай хамтарч сонгуульд оролцож байгаа. Засгийн газрыг байгуулахад бий болгосон тэр харьцаа орон нутагт ч бас ач холбогдолтой” гэв. Гэвч тэдний энэ санааг МАХН-ынхан хүлээн зөвшөөрөхөд төвөгтэй. Нөгөөтэйгүүр, МАХН Засгаас гарах шийдвэр гаргавал гурав, дөрөвхөн гишүүнтэй МҮАН-тай АН гэрээ байгуулаад хол явахгүй. Улс төрийн амьдрал улам л хурцдах нь дээ…
Л.НИНЖСЭМЖИД
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: