МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛЖ ХЭЛСЭН ҮГ

Энд хүрэлцэн ирсэн ахмад дайчид, генерал, офицерууд, цэргийн албан хаагчид, мөн тэдний ар гэрийнхэн, иргэд, манай эрхэм зочдын энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол цэргийн өдрийн гал цогтой халуун мэндчилгээг та бүхэнд дэвшүүлье.

Монгол цэргийн баяр бол Монголын ард түмний баяр. Монгол цэргийн баяр бол Монголын төрийн баяр. Монголын ард түмэн, монголын төр, монгол цэрэг бүгдээрээ нэгдмэл эрх ашигтай, нэг эрх ашигт үйлчилдэг ариун нандин үүрэгтэйг та бүхэн бүгдээрээ мэднэ. Энэ эрх ашиг бол үндэсний эрх ашиг юм. Үндэсний эрх ашиг гэдэг ойлголтод Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөт, бие даасан байдал, ард иргэдийн амгалан тайван байдал, эрх, эрх чөлөө энэ бүхэн багтдагийг та бүхэн сайн мэдэж байгаа.

Монгол цэргийн түүх Монгол төрийн түүхтэй салшгүй холбоотой. Төр байсан цагт цэрэг байдаг түүхтэй юм. Энэ жил Монголын ард түмэнд мянганаар, зуунаар тоологдох их түүхэн ойн жил тохиож байна. Энэ түүхэн ойн жил Монгол цэргийн баяр давхцаж байгаа нь их бэлгэдэлтэй. Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ой, Үндэсний эрх чөлөө,  тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ой, эдгээр мянганаар, зуунаар тоологдох их түүхт тэгш ой өнөөдөр монгол цэргийн түүх, монголын төрийн түүх, монголын ард түмний түүхийн бахархалт хуудсыг бидэнд эргэж сануулж байгаа юм.

ХХ зуунд Монгол Улсын олсон ололт амжилттай Монголын зэвсэгт хүчний ололт амжилт салшгүй холбоотой байсан. XXI зууны хоёр дахь шинэ арван эхлээд удаагүй байна. Энэ шинэ арван, шинэ зуун өнөөдөр монгол цэргийн өмнө, Монгол Улсын зэвсэгт хүчний өмнө, манай нийт хүчний байгууллагуудын өмнө шинэ шаардлага, шинэ нөхцөл байдлыг бий болгож байна. Зэвсэгт хүчин, хүчний байгууллага гэдэгт арми, манай хилийн цэрэг, дотоодын цэрэг ордог. Мөн цагдаа, тагнуулын байгууллага, онцгой байдлын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гээд эх орондоо тангараг өргөж, мөрдөс зүүж, онцгой үүрэг биелүүлж хэрэгжүүлдэг эдгээр байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийнхнийг ч оруулж хэлж байгаа юм.

Тэгэхээр шинэ зуунд эдгээр байгууллагуудын өмнө тулгамдаж байгаа, гарч ирсэн шинэ нөхцөл байдал юу байна вэ гэдэг дээр би  товчхон  хоёр гурван зүйлийг хэлье.

Аюул гаднаас ирдэг биш дотроосоо гардаг нөхцөл бий болж байна. Хэрвээ төрийн байгууллага нь сайн ажиллаж чадахгүй, төрд тангараг өргөсөн хүмүүс нь ёс зүй, дэглэм журам, сахилга батаа сайн баримталж чадахгүй, тэр байгууллага нь үүргээ муу гүйцэтгэх юм бол тэр аюул дотроосоо бий болж байна гэсэн үг. Аливаа орон гаднаасаа эзлэгдэж дуусахаас илүүтэй, дотроосоо ялзарч мөхдөг  хандлага түүхэнд байсан. Ийм байдал өнөөдөр бидний өмнө шинэ нөхцөлийг нээж байгаа. Зөвхөн гаднаас аюул заналхийлдэг биш, байгалиас ч аюул заналхийлдэг болсон байна. Өнөөдөр зэвсэгт хүчин, онцгой байдлынхан гээд манай бүх тангараг өргөсөн иргэд энэ байгалийн аюулыг сөрж зогсох үйл ажиллагаанд хамгийн өмнө нь явж байна.

Дээрээс нь аливаа зүйлд бэлтгэлгүй, анхааралгүй, хайхрамжгүй, сахилга зохион байгуулалтгүй байх юм бол тэр нь эргээд аюул болдог байдал ажиглагдаж байна. Эдгээр шинэ нөхцөл байдалд Монгол Улс онцгой анхаарал хандуулж, 2010 оны долдугаар сард Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа бүрэн шинэчилсэн билээ.

Шилжилтийн үед бид эдийн засаг, санхүүгийн асуудалд илүүтэй анхаарал хандуулж, асуудлыг шийдэхдээ энэ шалгуурыг гол болгож хардаг үе байсан. Энэхүү Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлагдсанаар манай төрийн нийт байгууллага, түүний дотор тангараг өргөсөн цэргийн албан хаагчид, албан тушаалтнууд аливаа шийдвэр, үйл хөдлөлөө үндэсний аюулгүй байдлын шалгуураар, хэмжиж гаргах шаардлагатай болж байна. Бидний үндэсний эрх ашиг хаана байна, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь хаана байна гэдэг энэ шалгуурыг бүхний өмнө, бүх гаргаж байгаа шийдлийнхээ өмнө, үйл хөдлөлийнхөө өмнө тавьж байх шаардлагатай болсныг нэмж хэлье.

Монгол Улс өөрийнхөө аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хамгаалах уламжлалт бодлого үргэлжилж байгаа. Дипломатын арга гэж юу гэсэн үг вэ? Үүнд манай зэвсэгт хүчин, цэргийн зохион байгуулалт ч орно. Мөн бид бусадтай ухаанаараа, сахилга, зохион байгуулалтаараа, аливаа асуудлыг  шийдвэрлэх чадавхиараа уралдана гэсэн үг. Манай зэвсэгт хүчин, тангараг өргөсөн иргэд,  нийт алба хааж байгаа хүмүүс бусадтай, гадаад улс орнуудын ижил үүрэг бүхий албан хаагчидтай өөрийнхөө ухаанаар, өөртөө байгаа зохион байгуулалтаараа, ёс зүйгээрээ, чадавхиараа уралдах шаардлага өнөөдөр тавигдаж байна гэж би хэлж байгаа юм. Иймээс өнөөдөр манай Зэвсэгт хүчинд аливаа улс төржилт, талцал, гоморхол, ёс зүйгүй авир байх ёсгүй гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Яагаад гэвэл Зэвсэгт хүчин нэгдмэл эрх ашигтай. Нэгэнт өнөөдөр зэвсэгт хүчний эгнээнд алба хааж, цол, хүндэтгэлийг хүлээсэн бол цаашид бэлтгэл, энгийн болсон ч тэр цолоо бодож ёс зүйтэй дагаж явах ёстой. Өнөөдөр монголд ёс зүйгүй генерал байх ёсгүй. Өнөөдөр монголд талцал бий болгодог тийм бүлэглэл байх ёсгүй. Өнөөдөр нэгдсэн эрх ашигтаа нэгдэж чаддаг тийм хүмүүс зэвсэгт хүчинд байх ёстой. Зэвсэгт хүчнээс халагдсанд нь ч, өнөөдөр алба хааж байгаа хүмүүст ч энэ хамаатай гэж би цохон тэмдэглэмээр байна.

Ер нь муу үлгэрлэл монгол генералын, монгол цэргийн бахархал биш юм шүү гэдгийг хэлэх нь зүйтэй. Яагаад энэ зэвсэгт хүчнийхэн чөлөөндөө гараад ч бэлтгэл хурандаа, бэлтгэл генерал, бэлтгэл ахмад гэж хэлдэг вэ гэхээр тэр эрхэм нандин эрх ашгийг та насан туршдаа авч явах үүрэг хүлээсэнтэй холбоотой. Энэ өргөсөн тангараг чинь насан туршийн тангараг гэдгийг сануулж өгч байгаа юм.  Манай зэвсэгт хүчнийхэн дайчин нөхөрлөлөөрөө нийгэмдээ үлгэрлэж байх ёстой. Буурал болсон ч саарал шинельтэй нөхрөө санаж явдаг тийм сайхан дайчин нөхөрлөл зэвсэгт хүчинд байх ёстой. Хамт алба хааж байсан, бид хоёр нэг оных, бид хоёр нэг сургуулийнх, бид хоёр хамтдаа эрх орныхоо төлөө үүрэг биелүүлж явсан гэдэг энэ агуу нөхөрлөл бол насан туршийнх байдаг. Энэ нөхөрлөл бол аливаа зүйлийг гэтэлж, давж чаддаг, аливаа муу, сөрөг зүйлийг гэтэлж давж чаддаг гайхамшиг юм гэдгийг энд цохон хэлье.

Монгол Улс энх тайванч гадаад бодлоготой. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Монгол Улс бусдын эрх ашгийг ямагт хүндэтгэнэ, аливаа бодлого нь бусдын эсрэг чиглэхгүй гэсэн үг. Нөгөө талаар Монгол Улс үндэсний эрх ашгаа хамгаалах чадвартай байна, бусдад туслах энх тайванч зорилгод үйлчилнэ гэсэн үг. Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүсэлтээр энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй, нэр төртэй оролцоно гэсэн үг.

Манай зэвсэгт хүчин, цэргийнхний нэр, алдар өсч өнгөжиж байна. Оны ялгаа, харилцааны зөрчил гэдэг ужиг асуудал, тураалтай цэрэг гэдэг сонины нүүрнээс салдаггүй сэдэв, зэвсэгт хүчнийг үлдэгдлийн зарчмаар санхүүжүүлдэг  байдал өнөөдөр түүх болон үлдэж  байна.

Монголын ард түмэн бий болгож, бүтээн байгуулж байгаа, сайн сайхан зүйлээ зэвсэгт хүчинтэйгээ холбон харж байна. Өнөөдөр зэвсэгт хүчний, манай хууль хүчний байгууллагын хэмжээн дэх орон сууцны хангалтын асуудал, сургалтын асуудал, цалин, тэтгэвэр, нэмэгдэл гэх мэт асуудлууд шийдвэрлэгдэх боломжууд гарч байна. Энэ чиглэлд удирдах албан тушаалтнууд, төрийн байгууллагууд тодорхой бодитой алхмууд хийж, хэрэгжүүлж байгаад туйлын талархалтай байна.

Манай зэвсэгт хүчний зиндаа дэлхийн хэмжээнд хүрч байна. Саяхан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд Монгол Улсыг, Монгол Улсын зэвсэгт хүчнийг, түүний дотор Монгол Улсын зэвсэгт хүчнээс гадаад улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа манай цэрэг дайчдыг нэр заан цохож сайшаасан. Энэ бол монголын зэвсэгт хүчин өнөөдөр дэлхийн зиндаатай болсныг харуулж буйн нэг тодорхой үзүүлэлт юм.

Өнөөдөр бусад улс оронд, тухайлбал, Япон Улсад аюул тохиолдоход манай Онцгой байдлын албан хаагчид тэнд үүрэг гүйцэтгэхээр явж байна. Бусад албан хаагчид өнөөдөр үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байна. Зарим энгийн иргэд наашаа ирж байхад, манай тангараг өргөсөн хүмүүс  тийшээ зорин очиж байна. Зэвсэгт хүчин, үүрэг хүлээсэн хүмүүс ийм л байх ёстой. Япон Улсад өнөөдөр Онцгой байдлын 12 албан хаагч ажиллаж байгаа. Тэд бол манай  тангараг өргөсөн дайчид. Онцгой байдлын албан хаагчид ямар бахархалтай, ямар үлгэр дуурайлалтай ажиллаж болдгийг бид харж байна.

Монголын ард түмэн зэвсэгт хүчнийхээ амжилтаар бахархдаг, зэвсэгт хүчнийхээ өнгөнд татагддаг болсон байна. Саяхан хөдөө орон нутагт явж байхад манай аймагт цэргийн анги байгуулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг ард иргэд, төрийн байгууллагууд их тавьж байна. Сүүлийн жил манай орны гурван аймагт барилга инженерийн гурван анги байгуулагдсан. Ангиуд маань үйл ажиллагаагаа эхэлж, жанжин тугаа хүлээн авч, бие бүрэлдэхүүнээ бүрдүүлэн ажиллаж эхэлж байна. Ер нь энхийн цагт манай зэвсэгт хүчин бүтээн байгуулагч хүчин байх ёстой. Манай зэвсэгт хүчин эх оронч, шилдэг иргэдийг бэлтгэдэг газар байх ёстой. Цэрэгт алба хаана гэдэг бол бахархал. Цэрэгт алба хаасан, удаан  хугацаанд ажилласан хүнийг энгийн байгууллагууд хамгийн түрүүнд ажилд авдаг. Яагаад гэвэл цэрэгт алба хаасан, цэргийн газар ажиллаж байсан хүмүүс найдвартай, итгэлтэй байдаг юм. Энэ гайхамшигтай үүрэг, итгэл найдварыг алба хааж байгаа нь ч, халагдаад энгийнээр ажиллаж байгаа нь ч үргэлжлүүлж явах ёстой.

Цаашдаа Монголын томоохон аймгуудын төвд цэргийн инженерийн, барилгын инженерийн ангиудыг байгуулахыг дэмжих ёстой. Тэнд алба хаах цэргүүдийн хугацааг уртасгах шаардлага байж магадгүй. Үнэхээр тэнд ажилласан  цэргийн албан хаагчид, тэдний эзэмшсэн мэргэжил улс оронд хэрэгтэй гэдгийг ард түмэн ойлгож байна. Цэргээр  дамжсан хүмүүс хамгийн хөрвөх чадвартай, хамгийн өрсөлдөх чадвартай, найдвартай хүмүүс болж гарч ирдэг юм. Учир нь тэр хүмүүс Монгол Улсын төлөө зүтгэе гэдэг тэр эрхэм үгийн үнэ цэнийг мэдэрдэг.

Аминаас илүү эрх ашиг гэж монголын ард түмэнд байдаг. Үхээд боссон ч хамгаалах тийм эрх ашиг бий шүү гэдгийг цэргийн хүн хамгийн түрүүнд мэдэрсэн байдаг юм. Тийм учраас тийм эрх ашигт нэгдэж чаддаг, тийм эрх ашгийн төлөө зоригтой, дайчин явж чаддаг. Үүгээрээ манай цэргийнхэн цаашдаа ч үлгэрлэх ёстой гэж бодож байна.

Цэрэгт алба хаана гэдэг бас сэтгэлийн хатыг бий болгодог. Өнөөдөр манай зэвсэгт хүчинд бүсгүйчүүд маань хүртэл цэргийн алба хааж, сургуульд нь сурч байна. Эх орон дуудсан үед манай бүсгүйчүүд үсээ шуугаад босч байсан тийм гайхамшигтай түүх бий. Өнөөдөр тэр гайхамшгийг манай бүсгүйчүүд үргэлжлүүлж байгаад би гүн талархалтай байна. Манай нийт цэргийн албан хаагчдын 14 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ бол бусад орны цэргийн байгууллагуудтай харьцуулахад хангалттай сайнд тооцогдох тоо юм.

УИХ, Засгийн газраас баримталж буй төрийн албыг бэхжүүлэх бодлогыг би дэмжиж байгаа. Цэрэгт алба хаасан бол төрийн албанд хамгийн түрүүнд тэр хатуужилтай хүмүүсийг авч ажиллуулах ёстой гэсэн бодлогыг монголын төр барьж байна. Энэ бодлого үргэлжлэх ёстой гэж бодож байна. Ийм учраас иргэдэд цэргээр дамжуулан энэ эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, сэтгэлийн хат суулгах,  шилдэг иргэдээ бэлтгэх нь монголын төрийн чухал бодлого байх ёстой.

Монгол цэргийн баяр бол монголын ард түмний баяр гэж би үгийнхээ эхэнд хэлсэн. Яагаад гэвэл хэрэгтэй цагт бид бүгдээрээ цэрэг болох ёстой. Эх орон дуудсан цагт монголчууд хөгшин, залуугүй, эрэгтэй, эмэгтэйгүй бүгдээрээ цэрэг болох чадвартай хүмүүс. Ийм учраас Монгол цэргийн баяр бол өнөөдөр монголын ард түмний баяр юм. Монгол төрийн баяр юм.

Монгол төрийн өлмий бат оршиж, монгол түмний сүлд хийморь үргэлж өөдөө байж, монгол цэргийн суу алдар мөнхөд бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

2011 оны 3 дугаар сарын 17


URL:

Сэтгэгдэл бичих