Асашёорюү Д.Дагвадорж МҮОНТ-ын захирал М.Наранбаатараас уучлал гуйжээ

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Японы үндэсний бөхийн их аварга Д.Дагвадорж МҮОНТ-ийн телевизийн захирал М.Наранбаатарыг зодож гэмтээсэн хэрэг гарсан. Д.Дагвадорж Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн баярт М.Наранбаатартай таарахдаа “Наранбаатараа чи энд байсан юм уу. Чи Сумъяабазар ахыг УИХ-ын сонгуульд дэмжсэнгүй. Танай телевизээр хэдэн минутын яриа өгч болохгүй юм уу” хэмээн согтуурхан гурав цохисон байдаг.
Тухайн үед М.Наранбаатар “Монгол түмний хайрлаж хүндэлж явдаг хүн ийм зохисгүй үйлдэл гаргаж байгаад үнэхээр их харамсч байна. Ерөнхийдөө уур омог ихтэй гээд л хүн бүхэн рүү ингэж дайрч болохгүй л дээ. Нутгийнхаа наадам дээр, тэр түмэн олны өмнө дүүдээ цохиулах эвгүй л юм билээ Тэр том биетэй хүн чинь хүн хорихын завдалгүй л гурван удаа дэлсчихдэг юм билээ. Бид хоёрт өс хонзон гээд байх юм байхгүй. Д.Сумъяабазарыг л УИХ-ын сонгуульд дэмжсэнгүй гэж уурласан байх. Ам жаахан урагдаж, хоёр шүд хөдөлсөн байна. Тэгэхдээ бас танагтай. Хөдөө өссөнийх шүд маань бөх юм билээ“ гэж байв.
Гэхдээ тэрээр цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаагүй. Харин цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг мөн олон нийтийн газар эмх замбаараагүй байдал үүсгэж, танхайрсан хэргийг заавал шалгах ёстой байдаг учраас Д.Дагвадоржид эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тодруулбал, Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтсээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм. Тус зүйл ангид “Албан байгууллагад орж иргэдийг зодож танхайрч, бусдын бие эрхтэн, эрүүл мэндэд халдсан, хуулийг үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг зөрчвөл 2-5 жил хорих ялаар шийтгэнэ” хэмээн заасан байдаг.
Харин өнгөрсөн амралтын өдрөөр их аварга Д.Дагвадорж өөрийн биеэр очиж, М.Наранбаатараас “Ийм хэрэг гарсанд харамсалтай байна” хэмээн албан ёсоор уучлал гуйж, цагдаагийн байгууллагад гомдолгүй хэмээн мэдүүлэхийг хүсчээ. Тиймээс Д.Дагвадоржид холбогдох хэрэг хаагдах нь гэж байв.
Гэвч албаны эх сурвалж “Танхайн хэрэг гэдэг бол хэн нэг нь уучлал гуйгаад, нэг нь гомдолгүй гэхээр хаагддаг хэрэг биш. Нэгэнт хуулиндаа албан байгууллагад орж иргэдийг зодож танхайрч, бусдын бие эрхтэн, эрүүл мэндэд халдсан, хуулийг үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг зөрчвөл 2-5 жил хорих ялаар шийтгэнэ гээд заасан байгаа. Тиймээс уучлал гуйснаар энэ хэрэг хаагдахгүй. Хуулийн дагуу шүүхээр шийдүүлэх ёстой” гэв. Тэгэхээр Д.Дагвадорж аварга М.Наранбаатараас албан ёсоор уучлал гуйсан ч хэрэг нь хуулийн дагуу шийдэгдэх нь.
Д.Дагвадорж аваргын танхайрлын хэргүүд зөвхөн М.Наранбаатараар зогсохгүй. МУ-ын арслан Х.Мөнхбаатарын толгойг хутгалсан, УИХ-ын гишүүн, “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн машиных нь дугуйг хутгаар сийчиж, хагалсан, ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдааг зодсон, жүжигчин П.Эрдэнэзааныг ухаан алдтал цохисон, Японы Элчин сайд Шимизуг сугандаа хавчуулан хоолойг нь боосон зэрэг хэрэг нь цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг юм байна.

Б.Чимэг 


URL:

Сэтгэгдэл бичих