Хүүхдийн урлан бүтээх төвийн газар зочид буудлын автомашины зогсоол болох нь
-Хүүхдэд зориулагдсан талбайг хувийн компанид өгсөн нь зөв үү, Э.Бат-Үүл дарга аа-
Хүүхдийн урлан бүтээх төв орчим аюултай бүс болжээ. Тус байгууллагын өмнөх талбайд хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан. Мөн хүүхдээ хүргэж өгсөн эцэг, эхчүүд автомашинаа Хүүхдийн урлан бүтээх төвийн зогсоолд тавьдаг байлаа. Харин одоо хүүхэд тоглох, чөлөөт цагаа өнгөрөөх талбайгүй, эцэг эхчүүд машинаа замын нэгдүгээр эгнээнд тавихаас өөр аргагүй болжээ.
Учир нь хүүхдэд зориулагдсан тус байгууллагын газрыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” групп авчихжээ. Улмаар тус группын охин компани болох “Бүти” нийслэлийн өмчийн газарт 16 давхар зочид буудал барьж буй. Бүр хүүхдэд зориулсан талбайг автомашины зогсоол болгож, зөвхөн зочид буудлаар үйлчлүүлэгчдийн машиныг нэвтрүүлдэг байхаар тохижуулж байна.
Нийслэлийн ИТХ саяхан хуралдаж хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх талбай бол яалт ч үгүй хүүхдийн гэх тодотголтой газар. Тиймээс хувийн компанийн ашгийн төлөөх увайгүй ажлыг нийслэлийн удирдлагуудын сонорт хүргэхээр сурвалжлагаа бэлтгэлээ.
“ХҮҮХДҮҮДЭД АЮУЛТАЙ БАЙДАЛ БИЙ БОЛЧИХЛОО”
“Бүти” компани Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн хэсэгт зочид буудал барихдаа ойр хавийн газрыг ухаж, ус зайлуулах систем барьж байлаа. Тиймээс хүүхдүүд сургалтдаа орохын тулд багагүй эрсдэл туулж байгааг эцэг, эхчүүд ярив.
Замын нэгдүгээр эгнээнд машинаа тавьчихаад хүүхдээ оруулж өгөхөөр явж байсан иргэн “Өмнө нь зогсоолд нь машинаа тавиад хүүхдээ тухтай сургалтад нь оруулдаг байсан. Одоо замын нэгдүгээр эгнээнд тавихаар ядаж л цагдаа машины дугаар авчих вий гэж болгоомжлох юм. УИХ-ын гишүүдийн хувийн компаниуд нийслэлийн, хүүхдийн гэх бүхнийг булааж байгаагийн жишээ энэ.
Зочид буудал бариад дуусахаар Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх талбайн ихэнх хэсэг зочид буудлын машины зогсоол болох сурагтай байна. Тэгэхээр хүүхдүүд хаана тоглож, бид машинаа хаана тавих юм бүү мэд” гэлээ.
Мөн тус төвийн хашааг буулгаж, барилгын ажил хийж байгаагаас хүүхдүүд зам руу гүйж осолд орох, гэмтэж бэртэхээр байдал бий болсон харагдана.
Хоёр жилийн өмнө Бага тойруугийн замыг засахдаа Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх замыг өргөсгөсөн билээ. Гэтэл зам засварын зураг төслийг “Бүти” компани дур мэдэн өөрчилж уулзвараас арав хүрэхгүй метр газарт гарц, орц гаргасан байна. Зам тээврийн осол гаргах нөхцлийг бүрдүүлж байгааг ч ярих иргэд олон байсан.
Т.БАТБОЛД: САЙХАН БОЛОХ ГЭЖ БАЙХАД БИТГИЙ ХАРЛУУЛ
Хүүхдийн урлан бүтээх төвийн газраас 0.13 га-г нь Б.Чойжилсүрэн гишүүний “Бүти” компани өөрийнх болгочихжээ. Зочид буудлынхаа дэд бүтцийг шийдэхийн тулд тус төвийн өмнөх талбайн хучлагыг бүгдийг нь хуулчихсан байгаа. Гэтэл нийслэлийн өмчийг хариуцаж буй Хүүхдийн урлан бүтээх төвийн удирдлагууд мэдээгүй царайлж байгаа нь сонин.
Тус байгууллагын дэд захирал М.Энхтуяа “Зогсоолыг ямар учраас өөрчилж байгааг мэдэхгүй. Энэ асуудлыг дэд захирал Т.Батболд мэдэж байгаа” гэв. Харин Т.Батболд “Газар нь одоо ч манайх хэвээрээ. Манай өмнөх талбайг сайхан тохижуулах гэж байгаа юм. Түүнээс зогсоолыг үгүй хийхгүй. Сайхан болох гэж байгаа зүйлийг битгий харлуул” гэж бухимдав.
Т.Батболд захирал Хүүхдийн урлан бүтээх төвийн газар тус байгууллагын эзэмшлийнх мөн гэж байгаа ч аль хэдийнэ “Хурд” группийн мэдэлд оржээ. Тодруулбал, одоогоос хоёр жилийн өмнө “Хурд интернэшнл” компани зочид буудал, үйлчилгээний зориулалтаар 0.13 га газрын зөвшөөрөл авсан байна.
Ямартай ч нийслэлийн удирдлагууд хүүхдийн газраас хумслаад хувийн компанид өгчихөж. Харин өнөөх компани нь Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх нийслэлийн өмчийн газрыг тэр чигт нь автомашины зогсоол болгож, хувьдаа ашиглахаар улайрч байгаа аж. Үүнийг нийслэлийн шинэ удирдлагууд анхааралдаа авч, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангана гэдэгт иргэд найдаж байгааг уламжилъя.
Б.Наран
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: