Иргэний мэдэлд бол хууль бус хотын мэдэлд бол хууль ёсных болох уу?

Сүүлийн үед нийс­лэлд хариуцлагын их да­вал­гаа өрнөж, дээр дор­гүй  бужигнаж байна. Ямар ч байсан алдаа эндүүг засч залруулах гэж байгаад хүмүүс нийтлэг олноороо талархалтай хандаж байгаа. Олон жи­лээр чиг шугам нь гажиж ирсэн бүгдийг гольдролд нь оруулахад амаргүй биз, шүүмжлэл ч их да­га­на, гомдол ч их хөврөх байх. Тэр тусам нь хут­ганы торгон ир дээр яваа мэт алдаа гажуудал гар­га­мааргүй байгаа юм.

Үнэндээ ойлгоход хэ­цүү тайлбарууд бас яваад байгаа учраас ир­гэд бухимдаж байгаа байх. Тухайлбал, зөв­шөө­рөлгүй баригдсан хууль бус барилгуудыг хотын мэдэлд авна гээд байгаа. Нөгөө нураана гээд айлгаад байгаа ба­рил­гууд байх л даа. Иргэн Батаагийн мэдэлд бай­хаа­раа уг барилга хууль ёсны бус харин хотын мэдэлд оччихоороо хууль ёсны болчихдог ямар хууль цааз байна аа. Энэ үнэндээ ойлгомжгүй бай­на. Хэн нэгэн иргэний мэдэлд байхаараа ну­раа­хаас аргагүй аюултай байр, харин төрийн мэдэлд оччихоороо тэр бүх эрсдэл нь алга болчихдог гэдэг нь шог тайлбар.  Ёстой л хотны гадна гарвал чоно, дотор нь орвол нохой гэж эерүүлж тайлбарлаж бай­гаатай адил. Гэтэл чоно чоноороо, нохой нохойгоороо л байна шүү дээ.

Э.ЭНЭРЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих