“Авзага трейд” гэлтгүй АТГ-ын дэд даргын барилгыг ч нураачих

Э.Бат-Үүлийн ээлжит шоу бол зөвшөөрөлгүй барилгуудтай тэмцэх ажил. АН сонгогдсон даруйдаа ийм асуудлыг шийдлээ гээд хэлэхийн тулд зөвшөөрөлгүй барилгуудыг овоо хараандаа аваад байгаа. Зөвшөөрөлгүй 80 барилгын нэрийг олон нийтэд зарлаад тэдгээрийн эрчим хүчийг тасаллаа гэх ойлголтыг олон түмэнд илгээгээд эхэлсэн. Яг үнэндээ энэ барилга дотор нь АН-ынхны барилга багтаагүй л байх.

Хууль бусаар баригдаж байгаа, зөвшөөрлөө аваагүй барилгын эрчим хүчийг тасалж нурааж болно л доо. Гэхдээ алагчлалгүй бүгдийг нь л хамруулах ёстой шүү дээ. Харамсалтай нь, ардчиллын үнэт зүйл болох тэгш эрхийн зарчим Ардчилсан намынханд хамаарахгүй болоод удаж байна. 80 барилгаас гэнэт 4-5 нь зөвшөөрөлтэй болоод хувирчихсан. Бүгдийх нь эрчим хүчийг тасаллаа гэж мэдэгдэж байсан ч заримынх нь эрчим хүчийг таслаагүй л байгаа. Өнгөрсөн долоо хоногт НИТХ хуралдаад хоёр барилгыг нураахаар болсон гэх.

Тэдний нэг нь “Авзага Трейд”-ийнх. “Авзага трейд” бол үндэсний цөөхөн сайн барилга үйлдвэрлэгчийн нэг. Үндэсний гэхээр “Үндэсний биш нь хаана байгаа юм бэ?” хэмээн маргалдах нэгэн гарах байх л даа. Адаглаад ганц я хятад барилгачин ажиллуулдаггүйгээс эхлээд чанартай сайн барилга барьдаг нь “Авзага трейд”-ийг аргагүйн үндэсний компани болгосон юм. Тэгээд Э.Бат-Үүл эднийхийг онилж аваад, хэрэлдээд, нураана буулгана гээд эхэлж байгаа нь хачирхалтай. Нөгөө үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй… гэсэн үг байдаг шиг үнэн үйлдвэрлэгч ганц орой болсон ганц барилгын компани руу дайрах далд эрх ашиг бас байгаа л хэрэг гэж хардахаас өөр арга алга. Аргаа барсан гавъяат П.Мэндбаяр бадар барьдаг зовлон жаргалаа өдөр тутмын сонинд хүртэл ярьсан байна. Түүний хэлэхээр “Авзага трейд”-ийнхэн нь барилга барих газрын захирамжаа аль 2004 онд гаргуулчихаад бусад зөвшөөрлөө хөөцөлдөхөөр холбогдох бичиг баримтаа гаргаж зөвшөөрөл хүссэн өргөдлөө өгсөн гэнэ. Харамсалтай нь, хотоос гаргасан захирамжийг дүүргийн байцаагч нар нь шийдвэрлэлгүй хэдэн жил дамнан хүлээгджээ.

Ийм байдал ганцхан “Авзага трейд”-д ч биш 80 барилгын ихэнхид нь тохиолдсон байх. Элдэв зөвшөөрлөө хүлээгээд хэдэн жил суух уу эсвэл хүнд сурталтай төрийн албан хаагчдийг хахуульдаж хэдэн төгрөгөөр шатах уу гэсэн сонголт тэдний өмнө байсан нь тодорхой. Хувийн байгууллага л юм хойно ашгаа бодоод зөвшөөрөл хүссэн хэдэн өргөдлөө холбогдох газруудад нь өгчихөөд цаг алдалгүй барилгын ажлаа ч эхлүүлчихсэн юм байлгүй. Гэхдээ тэдний хувийн мөнгөөрөө барьж босгож буй бүтээн байгуулалтыг шууд нураана гэдэг дэндүү хохиролтой. Э.Бат-Үүл бол лав л барилга байтугай жорлон ч барьж чадахгүй дээ. Үгүй ядаж барилгынхандаа ялгаваргүй хандах хэрэгтэй шүү дээ. Сүхбаатар дүүргийн IV хороо Чин ван Ханддоржийн гудамж буюу ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын зам дагуу орон сууцны аркийг тагласан “Сарнайх” хэмээх төвийн барилга бий. Энэ нь АТГ-ын дэд дарга Б.Хурцын эхнэрийн эзэмшил.

Бүхэл бүтэн арк таглаад байшин барьна гэдэг бодоожоор зөвшөөрөлгүй л байгаа даа. Барилга үйлдвэрлэлийн салбартаа баатар болчихсон П.Мэндбаярын “Авзага трейд” мэттэй ноцолдож худал дүр эсгэж байхаар хараажаар, хэн бүхний нүдний өмнө илхэн хууль бус, зөвшөөрөлгүй барилга болох нь тодорхой арк таглаж сүдэрлэсэн “Сарнайх” мэттэй асуудал ярьвал илүү үнэмшилтэй байна. Ер нь хууль дүрэм сахиулдаг дарга болж харагдах гээд л байгаа юм бол АТГ-ын дэд даргынх байна уу, “Авзага трейд”-ийнх ч байна уу ижилхэн л нураах хэрэгтэй шүү дээ, Э.Бат-Үүл баатар минь.

SONIN.MN Э.Мягмардорж


URL:

Сэтгэгдэл бичих