Д.Энхбат гишүүн Иргэний эвслийн 72 сая төгрөгийг “залгисан” уу

УИХ-ын 2008 оны сонгуульд Монголын  Ногоон нам, Иргэний хөдөлгөөний  нам, Социал демократ намууд нэгдэн Иргэний эвсэл болж орсон. Эвсэл болж өрсөлдөөд ганц суудал авсан нь Д.Энхбат гишүүн. Улс төрийн намын тухай хуульд УИХ-д суудалтай намуудын үйл ажиллагаанд  зориулан төрөөс дэмжлэг үзүүлнэ гэсэн заалт байдаг.  Энэ  дагуу Иргэний эвсэлд 144 сая төгрөг төрөөс өгчээ.  Түүний 50 хувь болох 72 сая төгрөгийг аль өнгөрсөн 2009 оны гуравдугаар сард эвсэлд багтсан намууд авчээ. Ингэхдээ Монголын ногоон нам, Иргэний хөдөлгөөний нам тус бүртээ 31 саяыг авч Социал демократ намд 10 саяыг нь  гэхчилэн төрөөс өгсөн мөнгийг хэл ам хэрүүл шуугиангүй хуваасан гэнэ. Харин үлдсэн 72 сая төгрөгийг Иргэний эвслийн үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрт зарцуулахаар тохирцгоосон  юм байна. Гэтэл энэ мөнгө Д.Энхбат гишүүний халаасанд ороод алга болсон бололтой. Иргэний эвсэлд нэгдсэн намууд нь төрөөс өгсөн мөнгөнийхөө зарцуулалтыг тайлагнахыг шаардахаар эрхэм гишүүн ийм ч ажилд зарцуулсан, тэр ч хүнд зээлүүлчихсэн гэсээр өнөөдрийг хүрсэн талаар нөхөд нь ярьж сууна. Дүрэм ёсоор бол Д.Энхбат гишүүн жил бүр аудитын шалгалт оруулан санхүүгийн зарцуулалтаа тайлагнаж байх ёстой аж. Харамсалтай гурван жил болоход нэг ч удаа  тайлан тавилгүй өнөөдрийг хүрчээ. Гэтэл хаана, юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй байгаа 72 сая төгрөгний учир одоо л нэг юм тайлагдаж байгаа бололтой гэнэ. Д.Энхбат гишүүний баруун гар гэгддэг Ногоон намын гадаад харилцааны асуудал хариуцсан дарга М.Зоригт нь “Тэнгис” кино театр дотор байрлах ресторан тохижуулахад энэ мөнгөнөөс нь зарцуулсан аж. Түүнд зээлүүлсэн мөнгөний хүүгээр Ногоон намын байрлаж буй албан өрөөний түрээсийг төлдөг талаар намынхан нь ярьж байна билээ. Сонин тогтолцоо байгаа биз.  Төрөөс мөнгө авна, түүгээр нь ресторан ажиллуулна, олсон мөнгөөр нь намынхаа байрны түрээсийг төлнө. Нөгөө гахай эрхмээс хялгас гуйж түүгээрээ дээс томоод найзыгаа аварна гэдэг үлгэр шиг. Гэтэл Улс төрийн намын тухай хуулийн 16 дугаар зүйл, Намын орлогын зориулалт гэсэн заалтад “Төрөөс өгсөн мөнгийг зөвхөн  нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажилд зарцуулна. Өөр зүйлд зарцуулах болон ноогдол ашиг болгон хуваарилахыг хориглоно” гэсэн байдаг. Тэгэхээр УИХ-ын гишүүн Д.Энхбат намын нөхрийнхөө хувийн ресторанд хөрөнгө оруулалт хийснээрээ хууль зөрчсөн байгаа биз. Эсвэл Иргэний эвслийн мөрийн хөтөлбөрт баар ресторанд хөрөнгө оруулалт хийж, бусдад мөнгө зээлдүүлж аж амьдралыг нь дээшлүүлнэ гээд тусгачихсан юм болов уу. Эвсэлд нэгдсэний буянд “гэдэс гарсан” улстөрчдийн тоо ганцаар тогтохгүй. Иргэний хөдөлгөөний намын дарга  асан Ж.Батзандан Иргэний эвсэл парламентад нэг суудал авсны урамшуулал болгож төрөөс өгсөн мөнгөнөөс 31 саяыг аваад л намаа хаяж, Ардчилсан намд урвачихсан. Түүнийг мөнгө авсан гэдгийг өдгөө Ногоон намын даргаар тодроод байгаа С.Бум-Ялагч нотолдог. Гэхдээ авсан байлаа ч өдгөө хэрүүл тариад байгаа  Д.Энхбат эвслийн мөнгийг “залгиж” орхисон уу, үгүй юу гэдэг  түүнд ямар ч хамаагүй.  Бялуунаас хүртсэн  амны хишигтээ баярлаад л явж байгаа байлгүй.
Төр засаг татвар төлөгчдийн мөнгийг нийгэмд, нийт ард түмэнд зарцуул хэмээн намуудад парламентад авсан суудлынх нь тоогоор бодож өгдөг. Гэтэл түүнийг нь түмэнд биш төрсөн биедээ зарцуулж, хэтэвчээ зузаалах хэрэгсэл болгоод байвал яаж ч ард түмний амьдрал өөдлөх билээ дээ хэмээн энэ тухай сонссон хүн бүр халагладаг.
Мөнгө идсэн хэрэгт унаад байгаа эрхэм гишүүн Д.Энхбат болохоор “Тэр мөнгө байгаа. Наадуул чинь юугаа мэддэг юм. Банкинд очоод үз” гэх юм билээ. Харин нөгөөдүүл нь байхгүй ээ, тэр залгичихсан хэмээн мэтгэх. Зөрүүтэй энэ мэдээллийн аль нь үнэн хийгээд намаар талцсан эрхмүүдийн хэн нь худлаа ярьж буйг шуудхан хэлэхэд хэцүү юм. Тиймээс тухайн үед Иргэний эвсэлд багтаж байсан Монголын Социал демократ намын дарга А.Ганбаатар болон УИХ-ын гишүүн, Ногоон намын дарга асан Д.Энхбат хоёртой хоёулантай нь уулзлаа. Уулзахдаа өнөөх л хэрүүлийн алим болон нам намаар өнхөрч яваа 72 сая төгрөгний талаар тодруулсан юм.

А.Ганбаатар: Тэр мөнгийг чинь хоолны газар тохижуулахад зарцуулчихсан
-Иргэний эвсэлд төрөөс 144 сая төгрөг өгсөн. 72 саяыг нь  гурван нам хувааж аваад үлдсэн нь хаачсан бэ гэсэн хэрүүл дэгдээд буй юм билээ. Чухам хаачсаныг нь та мэдэх үү?
-Эвслийн удирдах зөвлөл 2009 онд хуралдаж  72 сая төгрөгийг намуудын үйл ажиллагаанд зориулахаар хуваасан. Үлдсэн мөнгийг УИХ-ын гишүүн Д.Энхбат Иргэний эвслийн мөрийн хөтөлбөрт зарцуулах ёстой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл УИХ-д Иргэний эвслийн үйл ажиллагаа гэж харагдах байтугай халтихан дуулдсан үйл ажиллагаа ч явагдаагүй. Мөнгө нь юунд зарцуулагдаж байгаа нь огт тодорхой бус байгаа.
-Мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангахад биш зоогийн газрын засварт зориулаад хөрөнгө оруулалт хийсэн гэж зарим хүн ярих юм. Та энэ талаар дуулсан уу?
-Монголын Ногоон намын Зоригт гэдэг нөхөр чинь “Тэнгис” кино театрын босс юм гэсэн. Иргэний эвслийн мөнгийг тэнд байдаг хоолны газрыг тохижуулахад зарцуулчихсан тухай би ч сонссон. Энэ нь Улс төрийн намын тухай хуулийг зөрчиж байгаа юм.
-Танайх эвслийн албан ёсны нэг гишүүн. Тэгэхээр Д.Энхбат гишүүнээс мөрйин хөтөлбөрт зарцуулах мөнгийг яасан бэ гэж асуусан уу?
-Намын нөхөд нь ресторанд хөрөнгө оруулалт хийж, хүнд зээлүүлсэн гэдгийг нь хэлдэг. Улс төрийн нам бол зээл олгодог банк, ломбард, хадгаламж зээлийн хоршоо биш шүү дээ. Тиймээс Д.Энхбат гишүүн энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой.
-Төрөөс өгөх мөнгийг олгохдоо авсан саналаар нь тооцож өгдөг бил үү?
-Тийм. Нэг саналыг мянган төгрөгөөр бодож сонгуулийн дараах гурван сард багтаан олгоно гэсэн хуулийн заалттай. Иргэний эвсэл 144 мянган хүний санал авсан гэсэн үг.
-Хэрэв Д.Энхбат гишүүн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан нь үнэн бол түүнд ямар хариуцлага хүлээлгэх ёстой  вэ. Танай эвсэлд Хяналтын зөвлөл гэж байдаг уу?
-Уг нь Хяналтын зөвлөл гэж байгуулах ёстой. Д.Энхбат гишүүн тамгаа атгачихаад хурал хийлгэхгүй байна.
-Танай намд 10 сая төгрөг өгсөн мөртлөө нөгөө хоёр  чинь тус бүрдээ 31 саяыг авсан нь ямар учиртай юм бэ. Тэгш бус хуваарилалт биш үү?
-Энэ бол Иргэний эвслийн дотоод асуудал. Аль намд хэдэн төгрөг өгөх нь хурлаар тогтооно. Хурлын шийдвэрээр манай намд 10 сая төгрөг гэж гарсан.  Тэгээд л тэр.

Д.Энхбат: Иргэний эвслийн мөнгө банкинд байгаа
-Таныг төрөөс Иргэний эвсэлд өгсөн 144 сая төгрөгний 72 саяыг нь хувьдаа завшсан гэж яриад байна, үнэн юм уу?
-УИХ-д сууж байгаа гэдгээрээ Монголын Ногоон нам суудлын 10 сая, Сонгуульд авсан саналынхаа тоогоор 134 сая төгрөг гээд нийтдээ 144 сая төгрөг төрөөс өгсөн. Манай тойрогт үүссэн сонгуулийн маргааны улмаас би УИХ-д жилийн дараа орж ирсэн шүү дээ. Энэ хооронд Иргэний хөдөлгөөний намын дарга удирдлага нь ч солигдсон. Ж.Батзандан, О.Магнай нар АН, М.Ичинноров Ардын намд орж, Даваа нь хэрэг түвэгт орооцолдоод явсан учраас  өнгөрсөн хугацаанд Иргэний эвсэл үйл ажиллагаа явуулаагүй нь үнэн.
-Социал демократ нам байгаа биз дээ?
-Үндсэндээ ганцхан хүнтэй нам шүү дээ.  Манай нам л өнгөрсөн хугацаанд ажилласан.
-72 төгрөгийг эвсэл болж сонгуульд оролцсон намуудад хуваарилсан гэдэг. Үлдсэнийгг нь яасан юм бэ?
-Байгаа. Итгэхгүй байвал банкинд очоод үз.
-Танай эвслийн нөхөд таныг банкинд байгаа гэх мөнгөө үзүүлэхгүй байна, санхүүгийн тайлангаа гаргахгүй байна гэх юм билээ?
-Би тэгээд хөтөлж аваачиж үзүүлэх ёстой юм уу. Тайланг манай туслахаас ирээд үзэж болно хэнд ч нээлттэй.
-Таныг Зоригт даргадаа зээлүүлсэн. Зоригт нь тэр мөнгөөр “Тэнгис” кино театрт ресторан  тохижуулсан гээд байсан?
-Зоригт ресторан байгуулах эсэх нь надад хамаагүй. Би ямар түүнд мөнгө өгсөн биш.
-Зоригтод зээлүүлсэн мөнгөнийхөө хүүгээр Ногоон намын байрны түрээсийг төлдөг гэх юм?
-Зоригт намын даргын хувьд тодорхой хэмжээний үйл ажиллагааны зардал гаргаж байгаа. Иргэний эвслийн мөнгө банкинд байгаа. Очоод үзээч ээ.
-Аудитын шалгалт хийлгэх ёстой биш үү?
-Хоёр удаа шалгалт хийлгэсэн. Бичиг нь байгаа.
-Социал демократ намын дарга А.Ганбаатар шалгалт огт ороогүй гэж байсан?
-Хоёр удаа согтуу орж ирээд мөнгө нэхсэн. Аргаа бараад гурван сая төгрөг өгсөн гэдгийг гэрчлэх хүн бий. Иргэний эвсэл 134 мянган хүний санал авахад Социал демократ нам нэг хувийн ч санал аваагүй. Гэтэл ганцхан хүнтэй тэр намд бид сэтгэл санаагаар дэмжсэнийг нь бодоод 13 сая төгрөг өгсөн.
-Тодорхой хэмжээгээр сонгуульд мөнгө зарцуулсан л байлгүй дээ?
-Үгүй. Туг далбаанаас аваад бүх зүйлийг хэдхэн хүний нуруун дээр байсан. А.Ганбаатар ганц ч төгрөг гаргаагүй. Очоод асуугаарай. Бараг л Иргэний эвслийн мөнгөнөөс өгөх ёсгүй байсан юм. Саяхан хэсэг нөхөд Онц их хурал хийгээд дарга болсныг чи мэдэж байгаа. Тэд хурлын маргааш нь банкин дээр очиж мөнгө нэхсэн байгаа юм. Энэ мэтийн мэргэжлийн шантаажчингууд нийгмээр дүүрэн байна шүү дээ.
-Одоо тэр мөнгөө юунд зарцуулах гэж байна?
-Иргэний хөдөлгөөний  нам алга болсон. Гэхдээ татан буулгаагүй болохоор бид тэр мөнгийг дур мэдэн зарцуулах эрхгүй.  Хуралдаж хэлэлцье гэхээр Иргэний эвслийн удирдлага бүрэлдэхгүй байна.

Л.Цэрэнжаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих