Ашигт малтмалын газрын дархлагдсан “саальчид” хэрээс хэтэрлээ

Ашигт малтмалын газарт Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэс гэж чухал хэлтэс бий. Тэгвэл энэ хэлтсийн ажилтнууд болох Г.Мөнхзул, н.Ганболд нар Ашигт малтмалын газраа өөрсдийнхөө “саалийн үнээ” болгочихоод байгаа тухай яриа  тус газартай харилцдаг аж ахуй нэгж байгууллагуудаас гарах боллоо.

Г.Мөнхзул, н.Ганболд нар нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудын АМГ-т хандан өгсөн бичиг баримтыг өөрсдийн эрх ашгийн төлөө саатуулдаг гэх яриа  компаниудын зүгээс гарч байна.

н.Ганболд нь сунгах, цуцлах, дуусгавар болгох асуудал хариуцсан мэргэжилтэн байхдаа лицензийнх нь хугацаа дуусах дөхсөн аж ахуй нэгжүүд рүү утас цохиж, “Танай байгууллагын үйл ажиллагаа явуулах эрх, лицензийг цуцлах гэж байна. Надтай ирж уулз” гэдэг байсан байна. Ингэж хэлээд тухайн аж ахуй нэгжүүдээс мөнгө “саадаг” байж. Түүгээр ч үл барам Шүүхээс гаргасан шийдвэрийг буруутгаж, том толгой гаргадаг байх юм.

Харин Г.Мөнхзул нь өөрт хамаатай болон хамаагүй бүхий л бичиг баримтуудыг авч “дардаг”. Ашигт малтмалын газарт аж ахуй нэгж байгууллагаас ирсэн бичиг баримтыг авч хав дарчихаад, ёс журмаараа, хуулийн дагуу яваа аж ахуй нэгжүүдийн хүсэлт, албан бичгийг шийдвэрлэхээр холбогдох хүмүүс нь авах гэхээр тухайн хүнийг хардаж сэрдэж, “Чи энэ компанитай ямар холбоотой юм. Чи энэ компаниас мөнгө авсан юм уу” гэх мэтээр асууж шалгаан, дарамталдаг байна.

Тэдний  ажил удаашруулдаг энэхүү шалтаг шалтгааныг Ашигт малтмалын газар ажилладаг ажилчид нь “Асуудлыг хав дарж, удаашруулж байгаад, аж ахуй нэгж байгууллагаас авлига авдаг” гэж ярих боловч хууль хяналтын байгууллагад хэлж чаддаггүй. Учир нь хамт ажилладаг, өөрсдийнх нь дургүйг хүргэсэн хэнийг ч АТГ, эсвэл Тагнуулын байгууллагад өгдөг. Тиймээс хамт ажиллагчид нь элдэв асуудалд орооцолдож, амьдралдаа гай удахгүйн тулд аж ахуй нэгжээс ирсэн хүсэлт, асуудлыг шийдвэрлэхийн төлөө хойноос нь нээх хөөцөлдөлгүй орхидог.  Мөн Т.Мөнзул, н.Ганболд нарын хууль бус, уйваагүй үйлдлийнх нь талаарх мэдээллийг хууль хяналтын байгууллагад өгч чадахгүй, цэрвэж явдаг байна.

Ямартай ч Ашигт малтмалын газарт хамтран ажилладаг хүмүүсээ хардаж сэрдэж, хууль хяналтын байгууллагад матдаг, өөрсдөө ямар ч хууль бус үйлдэл хийсэн  хууль хяналтын байгууллага нүдэн балай чихэн дүлий өнгөрдөг дархлагдсан хоёр хүн байгаа гэх юм. Хамтран ажилладаг байгууллагууд нь “Саальчид” хэмээн нэрлэдэг Т.Мөнхзул, н.Ганболд гэх хоёр хүний сүүлийн үед хийж байгаа үйлдэл нь хэрээс хэтэрч байгаа сурагтай. Өөрсдөдөө хамаагүй ажилд оролцон, бусад байгууллагын бичиг баримтыг саатуулж, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхийн гаргасан шийдвэрийг хүртэл буруутгадаг гэх юм. Аль ч байгууллагад дарга цэргийн ёс гэж бий. Мэдээж шигшигдээд шалгараад томилогдсон дарга, албан хаагч нараасаа дор шийдвэр гаргана гэж байхгүй.

Ер нь сүүлийн үед Дарга нь дарга шиг байж, шийдвэр гаргаж чадахгүй, албан хаагчидаасаа асууж, иргэдийн санал бодлыг асууж шийдвэр гаргадаг жишиг Монголын нийгэмд тогтоод буй.  Энэ нь нэг талаасаа зөв ч байлаа. Нөгөө талаасаа буруу үр дагавар дагуулж байгаа юм. Хэрвээ тухайн хүн өөрөө шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол удирдах албан тушаал хашиж чадах хүн мөн гэж үү.

Төрийн албыг ганц нэгэн хүмүүс завхруулж байгаа юм биш үү. Ямар ч ажил итгэлцлийн зарчим дээр явагддаг. Хамтран ажиллагчидаа хардаж сэрдэж, бусдад матдаг, өөрсдөө энхийн цагаан тагтаа шиг аашилдаг ганц хоёр иймэрхүү хүмүүсээс болж улс орны ажил хойш татагдаж, хүнд суртал гэгч зүйл гарч ирж байгаа бус уу. Ямартай ч хууль хяналтын байгууллага энэхүү хууль бус үйлдэлд анхаарлаа хандуулж, шалгана гэдэгт итгэлтэй байна.

Н.Чинзориг


URL:

Сэтгэгдэл бичих