Ховдын алим биш Хятад алим

Монголчуудын хувцас хэрэглэл, худалдаа наймааны бараа бүтээгдэхүүн тэр бүү хэл, хоол хүнсний бүтээгдэхүүний бүгдийг нь биш ч гэсэн дийлэнх хувийг БНХАУ-ын бүтээгдэхүүн эзэлдэг гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз. Дотроо брэнд шошготой ч гаднаас нь харахад л хятад бараа гэж харагдах барааг та бишгүй л олон удаа харсан биз. Эдгээр бараанууд хотын хаанаас харсан ч эрээн мяраанаараа алаглан худалдаалагдах болсон. Замын хажууд тоосондоо дарагдан худалдаалагдах хувцаснуудыг гөвөөд авдаг байлаа гэхэд тоос шороондоо холилдсон жимс жимсгэнийг худалдан авах нь хэр зохистой вэ? Бас бодох л асуудал. Гадуур зарагдаж байгаа жимс мөн ялгаагүй БНХАУ-д тариалагдсан жимс эзэлдэг. Тодруулбал: Химийн бордоогоор бордон ургалтыг хэт түргэсгэж, жил тойрон ургацаа хураадаг гэдэг. Ийм хурдан, богинохон хугацаанд ургасан жимснүүд эхнээсээ манай улсад экспортлогддог юм. Ингээд нөгөө ил худалдааг өргөжүүлэн дэмжигч, жижиглэн наймаачид урин дулааны улиралд агаарын бохирдол, тоосжилт дээд цэгтээ хүрсэн Улаанбаатар хотын гудамжаар нэг худалдах болсоор олон ч жилтэй золгож байна. Хууль хяналтын байгуулlага ч энэ тал дээр хяналт тавиад дийлдэггүй гэх юм байна лээ. Хагас дутуу халхавчин дор, ядаж л хальт уутаар бүтээгээд байдаг байсан сүүлийн үед бүүр больжээ.

 

 

Тодруулбал: Манай улс жимс, тэр дундаа алимны хэрэгцээгээ БНХАУ-аас хангадаг. Гэтэл саяхнаас шуудайлсан Монгол алим ил задгай зарагдаж эхэллээ. Амсар нь задгай шуудай дотор Ховдын гэх тодотголтой алим олны хөл хөдөлгөөн ихтэй газар гээд хаа сайгүй л худалдаалах болж. Магадгүй та ч таарч амталж үзсэн л байх. Амт нь гэж аятайхан үнэ нь ч бас боломжийн хэдий ч үнэндээ Ховдынх биш дахиад л Хятадынх. Манай улсад алимныхаа хэрэгцээг хангах дайны тариалалт хийдэг бол яах гэж гадны жимсээр ходоодоо дүүргэх ёстой гэж. Урьд нь манай улс ингэтлээ их алим тариалж, ургуулж байсан бол яагаад худалдаалагддаггүй байсан юм бол. Үнэхээр л эх орондоо тариалсан л алим нь үнэн бол өмнө нь сураг нь дуулдаж олон удаа худалдаанд гарах л байсан даа. Улсын хэмжээнд Баян-Өлгий, Говь-Алтай, Сэлэнгэ, Ховд зэрэг аймгийн цөөхөн хэдхэн газар том, жижиг, бэсрэг алим тариалдаг. Дунд зэргийн хэмжээтэй алимыг бэсрэг алим гэдэг юм. Том алимыг Сэлэнгэ болон Баян-Өлгий аймагт хоёр, гуравхан газар л тариалж байгаа гэнэ. Энэ нь зах зээлд борлогдохоор их хэмжээгээр тариалагддаггүй. Зөвхөн сум, орон нутгийнхаа хэмжээнд зарж, борлуулаад дуусдаг юм билээ. Үнийн хувьд ч үнэтэй байдаг гэсэн. Зах зээлээ хангаж чадахгүй байгаагийн учир нь нэгдүгээрт, заавал залгаадсаар ургадаг. Үүнийг эрдэм шинжилгээний байгууллагууд нарийн технологиор залгаж, эх суулгацыг гаргаж авдаг юм. Ингэж залгаж, ургуулаад дор хаяж таван жилийн дараа жимсээ хурааж эхэлнэ. Хоёрдугаарт, бэсрэг болон том алимны бутыг өвөл заавал газарт налуулж, шороогоор хучаад өвөлжүүлдэг. Хавар дахиад ухаж гаргана. Мод бүрийг булж, ухаж гаргана гэдэг маш их хөдөлмөр, хүн хүч шаардсан ажил. Өөрөөр хэлбэл манайх шиг эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ажиллагаа ихтэй, нарийн технологиор мэргэшсэн хүн ургуулах ажил гэнэ. Гуравдугаарт, тарьлаа гэхэд урт хугацааны дараа үр ашгаа өгдөг. Тэгэхээр эхлээд аж ахуйн нэгж, байгууллагууд маш их хөрөнгө зарцуулах шаардлагатай болж байгаа биз. Иймд жирийн иргэн, аж ахуйн нэгжүүдэд төмс тарьдаг шиг тухайн жилдээ ургацаа авна гэж хүлээдэггүй бөгөөд тийм амархан зүйл биш аж. Ингээд хэдэн муу сайн иргэдийнхээ халаасыг Ховдын Булганы алим гэж хошгируулан ухах хэрэг байсан гэж үү наймаачид аа. Цөөхөн хэдэн монголчууд чинь хайрцагнаас нь гарган шуудайнд хийсэн хятад алиманд дурлан халаасаа хоослуулан ходоодоороо хохирохыг харах нь сайхан байна гэж үү…

Нэмэлт мэдээ:

      Манай улсын  2011 онд 11 га талбайд алим тариалсан ба статистик бүртгэлээс үзэхэд 10,5 тонн л алим хураасан байгаа юм. Ингэж бодохоор хотын хаа сайгүй худалдаалагдаж байгаа Ховдын гэх тодотголтой алим  яагаад ч Монгол алим биш гэж яамны мэргэжилтэн хэлсэн. Үнэндээ зах зээлд яагаад ч хангах хэмжээнд хүрэхгүй. Гэтэл улсын хэмжээний жимс, жимсгэний хэрэгцээ маш их. Тухайлбал, жимс, жимсгэний физиологийн хангагдах хэмжээ нь нэг хүнд өдөрт 180 грамм, жилд 65,7 кг жимс идэж байх ёстой. Энэ хэмжээг хүн амдаа үржүүлбэл 160-170 мянган тонн жимс хэрэгцээтэй байгаа юм.

Ө.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих