УИХ-ын сонгуулийн 26 тойрогт юу болоод байна вэ
Тойргийн хорооны тогтоолыг хуурамчаар үйлдсэн Л.Эрхэмбаярт хариуцлага хүлээлгэх үү, шүүгчид ээ
УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны маргаан Захиргааны хэргийн шүүхийн хэмжээнд хүртэл эрчимжиж эхэлжээ. Маргааны гол гогцоо нь тус тойргийн хорооны 43 дугаар тогтоол гэгч хуурамч баримт бичигтэй холбоотой аж. Нэр дэвшигч Л.Эрхэмбаяр заавал энэ тогтоолоор маргааныг шийдвэрлэх ёстой гэж үзээд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл 43 дугаар тогтоолд тус тойргийн хорооны даргам М.Баасандорж гарын үсэг зурахаас татгалзсан байна. Яагаад гарын үсэг зураагүй тухайгаа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Сайхантуяад тайлбарлахдаа “Л. Эрхэмбаярын нэхэмжлэлд хавсаргасан 43 дугаар тогтоол гэгчийг Тойргийн хорооны дарга М.Баасандорж миний бие энэ оны наймдугаар сарын 13-нд нэхэмжлэлийг гардан авахдаа анх удаа үзэж танилцсан. Уг тогтоолыг хуурамчаар үйлдэж сонгогчдын санал, хамтын шийдвэрийг харгалзан үзэхгүйгээр зохион байгуулалттайгаар тойргийн хорооны хэвлэмэл хуудас, тэмдэг ашигласан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 2-т “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно”, Монгол Улсын Их Хурлын 2008 оны “Сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай” 25 дугаар тогтоолын 2.1.3-т заасан “Сонгуулийн хороо, түүний гишүүдээс нийтэд өгөх мэдээлэл нь хоёрдмол утгагүй, товч тодорхой, эмх цэгцтэй, бодит баримтад тулгуурласан, хуулийн үндэслэлтэй байх” гэсэн заалтуудыг ноцтойгоор зөрчин Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 82.1-т заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будилаантуулсан…” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна” гэж тайлбарлаад 2012 оны наймдугаар сарын 29-нд 26/226 тоот албан бичгээ хүргүүлжээ.
Энд юуны өмнө Монгол Улсын төрийн сүлд бүхий Сонгуулийн тойргийн хорооны албан бланкийг хуурамчаар үйлдсэн ноцтой зөрчил харагдаж байна. Зэрэгцүүлээд харахад хуурамч 43 дугаар тогтоолыг үйлдсэн хуудсанд төрийн сүлд маань жинхэнэ төрийн сүлдээс тэс өөр, зүгээр л нэг бөөрөнхий хар тэмдэг болж гарчээ. Мөн уг тогтоолын толгойд “2012 оны” гэсэн үгийг нэмж оруулжээ. УИХ-ын гишүүн болохын тулд ийм чухал баримт бичгийг ингэж хуурамчаар үйлдэж буй хүн төрийн түшээ болж ард түмний төлөө үнэнч зүтгэж чадах уу. Л.Эрхэмбаярын итгэлт хүн буюу тус тойргийн хорооны нарийн бичгийн дарга, уг тогтоолыг баталгаажуулж гарын үсэг зурсан цорын ганц хүн болох Б.Ганцэцэг нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, тойргийн хорооны 2012 оны “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны бүрэлдэхүүний ажил үүргийн хуваарь батлах тухай дөрөвдүгээр тогтоолын дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Тойргийн хорооны тэмдэг, хэвлэмэл хуудас, бичиг хэргийн бүртгэлийг сэйфэнд цоожлон тойргийн хорооны үйл ажиллагааг хуулийн хугацаанд хэвийн явуулах нөхцөл бололцоог алдагдуулсан, тойргийн хорооны 14 дүгээр хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулсан хоёр өөр дүн гаргасан зэрэг асуудлыг М.Баасандорж дарга тодорхой тайлбарлан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн байх юм.
Тэгвэл УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны жинхэнэ тогтоол нь хаана байна вэ. Энэ бол тус тойргийн хорооны 48 дугаар тогтоол байх учиртай аж. Уг тогтоолд тойргийн хорооны дарга, нарийн бичгийн дарга хоёулаа гарын үсгээ зурж баталгаажуулсан байгаа. Яг энэ тогтоолоор л одоогийн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг нарыг сонгосон юм шүү дээ. Энэ талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Сайхантуяад ирүүлсэн2012 оны еспүгээр сарын 3-ны 716 тоот Нотлох баримт хүргүүлэх тухай бичигт тодорхой дурьджээ. Бүр жич гэж байгаад “Сонгуулийн ерөнхий хороонд 26 дугаар тойргийн хорооноос 2012 оны долдугаар сарын 1-ний өдрийн 43 дугаар тогтоолыг ирүүлээгүй болно” гээд СЕХ-ны дарга Н.Лувсанжав гарын үсгээ зураад тамга дарсан байна. СЕХ-ноос 2012 оны есдүгээр сарын 11-ний 722 тоот албан бичгээ нэр дэвшигч Д.Сумъяабазарт хүргүүлэхдээ “Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн 26 дугаар тойргийн 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 48 дугаар тогтоолыг үндэслэж УИХ-ын сонгуулийн дүнг гаргасан болно. Жич: Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн 26 дугаар тойргийн хороо санал хураалтын дүнгийн тухай 43 дугаар тогтоолыг тус Хороонд албан ёсоор ирүүлээгүй болно” хэмээгээд мөн л СЕХ-ны дарга Н.Лувсанжав гарын үсгээ зурж тамга дарсан байна. Тэгэхээр 43 дугаар тогтоол СЕХ-нд лав очоогүй байх нь. Гэтэл нэр дэвшигч Л.Эрхэмбаяр яагаад заавал 43 дугаар тогтоолыг л үндэслэж дүн гаргах ёстой гэж зүтгээд байна вэ.
Энд бас нэг сонирхол татсан зүйл бий. Юу гэвэл шүүх хурлыг тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт даргалах бүртээ Л.Эрхэмбаярын талд шийдвэр гаргаад байсан нь шууд анхаарал татдаг. Нарийн яривал хамаатан садны холбоотой нь ч үнэн бололтой юм. Тухайлбал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны есдүгээр сарын 20-нд гарсан 181 тоот тогтоолд “Санал хураалтын дүнгийн тухай 48 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн нэр дэвшигч бүрийн авсан саналын тоогоор дараалал тогтоосон жагсаалтын 3 дахь хэсгийн Л.Эрхэмбаярт холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй гэж өөрчлөн захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээх” гэж заажээ. Яагаад Л.Эрхэмбаярт холбогдох хэсгийг онцгойлон сугалж авч түдгэлзүүлэх болов. Бусад нэр дэвшигчдэд яагаад тэр заалт үйлчлэхгүй гэж гээд асуухаар хариулт олдохгүй байгаа юм.
Мөн тус тойргийн хорооны Тогтоол, тушаал, захирамжийн бүртгэлээс харахад 43 дугаар /жинхэнэ/ тогтоолд Санал хураалтын нэгдсэн дүн батлах тухай 16 хуудас баримт бичиг л бүртгэгджээ. Харин 48 дугаар тогтоолд Санал хураалтын дүнгийн тухай 27 хуудас баримт бичиг хэмээн бүртгэсэн байгаа юм. Тэгэхээр 43 дугаар тогтоолд Санал хураалтын дүнгийн тухай байсан, түүнийг СЕХ-нд явуулсан гэх Л.Эрхэмбаяр, Б.Ганцэцэг нарын л зүтгээд байгаа “үнэн” баримтаар няцаагдаад байна.
Ямартай ч энэ бүхнээс сонгуулийг Захиргааны хэргийн шүүхэд, шүүгчдэд хүртэл улстөржүүлж будилаантуулсан, тойргийн хорооны ажилтан аль нэг нэр дэвшигчийн талд үйлчлэн сонгуулийн үр дүнд холбогдох бичиг баримтыг үймүүлж нэг дор хэд хэдэн хуулийг зэрэг зөрчсөн, төрийн сүлдийг хүртэл өөрчиж тойргийн хорооны албан бланкийн толгойг дур мэдэн өөрчилж хуурамч тогтоол үйлдсэн зэрэг хууль бус үйлдлүүд ажиглагдаж байна.
URL: