Цөмийн хаягдлыг эх нутагтаа булшилж л таарах вий

Монгол  нутагт цөмийн хаягдал  булшилж  магадгүй гэсэн хардлага одоо ч цээ­жинд минь хургаастай.  Энэ сэдэв  Монгол хүн бүрт  айдас дагуулж ирээдүйг  нь сааралтуулж   байгаа.

Эх сайхан  нутагт   минь цөмийн хаягдал  булшилж  үүнийхээ хариуд  гайхаж балмагдмаар  их мөнгө ха­лааслах  хийрхэл туссан  га­даад, дотоодын  хоёр хөл­тэй босоо ороолонгуудын бузар санаа амьдралд  биелэх ма­гад­лал тун ойрхон байгаа нь нууц биш ээ.

Хэсэг зуур  намжаад бай­сан энэ талаарх айдас  да­хин сэдэрсэн нь  Цөмийн энер­гийн газрын зөөлөн сэнтийд заларсан  нэгэн  эт­гээдээс болж буй хэрэг.

Саяхан даа.  “Монголд цөмийн хог хаягдал бул­шилна, булшлуулахгүй” гэж  хэсэгтээ л  шуугиж, мар­­галдаж, жагсацгаасан.  Ту­хайн үед нь “Төсөл бүрт хамаагүй  шунаж болохгүй юм байна” гэх хөгийн тайл­барыг  эрх баригчид  хийс­нээр  ард олны эсэр­гүүцэл тэмцэл намдсан ч   Цөмийн энергийн газрыг татан буул­гах тухай асуудал хүч­тэй яригдсаар л байсан.

Монголд  цөмийн хаягдал булшлах   аймшигт  төслийнх нь талаар цухасхан ч гэлээ  дурдахгүй бол болохгүй нь. Дэлхийн атомын эрчим хүчний үйлдвэрлэлд нөлөө бүхий Япон, Америк улс Монголын Засгийн газартай  “Олон улсын Цөмийн цогц хангамж” гэх төсөл хэрэг­жүүлэхээр яригдаж байсан. Энэ цогц хангамж гэдгийн  цаад утга  нь Монгол  нутагт минь бусад орнуудын цө­мийн хаягдлыг булшлах тухай хэлэлцээр байсан тө­дийгүй манай улстөрчид энэ талаар өөрсдийн  саналыг  ч  дэвшүүлсэн гэдэг.  Мөнгө ца­гаан, нүд улаан, сэтгэл нь хар  зарим улстөрчдийн цээжинд өдгөө ч энэ бодол нь дүүжлээстэй л байгаа.

Олны хардлага газар аваад ирэхээр  тэд “гүрийж” хэлцэл, хэлэлцээр хийгээгүй хэмээн тас мэлзэж байгаа  ч анх энэ асуудлыг дэлгэн тавьсан олон улсын сэт­гүүлчид, судлаачдын багтай зарга  үүсгэж  зүрхлээгүй.  Энэ нь тэдний “но”-той гэд­гийг  батлах хамгийн энгийн баримт.

Цөмийн хог хаягдлын асуудал зөвхөн монголчууд бидний бус олон жилийн өмнөөс  дэлхий нийтийн анхаарлыг татаж, сэтгэлийг зовоож байгаа  хамгийн  эмзэг асуудал гэдгийг их мөнгөний үнэрт  мансуурч, эх орноо худалдчих шахсан  цагаан захтнууд  одоо ч ойлгоогүй л яваа. Энэ нь бодит аюул арилаагүй байгаа  шүү гэдгийг бид бүхэнд өдөр болгон сануулж буй хэрэг.

Эх нутагтаа цөмийн хаяг­дал булшлахыг санаар­хагчид    атомын цахилгаан станцтай  болчихоод “цахилгааны хяз­гаарлалт” гэх зовлонгоос ангижирч  цаг үргэлжид гэ­рэлтэй сууна гэсэн  өөд­рөг бодлоор бүхнийг тооцоо­лоогүй нь тодорхой.

Өнөөдөр дэлхийн 30 орчим улс оронд 440 реак­торт цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэгээс АНУ, Франц, Япон, Герман, Өм­нөд Солонгос зэрэг ор­нууд хүчин чадлаараа тэр­гүүл­дэг. Дээрх  орнуудын  цө­мийн эрчим хүчний эзлэх жин харилцан адилгүй. Ту­хайлбал хамгийн олон буюу 104 цөмийн реактортой АНУ эрчим хүчнийхээ  20 хувийг үйлдвэрлэдэг байхад, АНУ-аас хоёр дахин цөөн реактортой ч  үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт  ордог Францын эрчим хүчний 75 хувийг цөмийн эрчим хүч эзэлдэг  байх жишээтэй.

Эдгээр орнуудын “шүд­ний өвчин” болсон асуудал нь  АЦС-аас гарсан  түлшээ   булшилж чадахгүй,  цө­мийн хаягдлын  хүндрэл бэрхшээлтэй алхам тутамдаа тулгарсаар  буй явдал юм.

Хэдийгээр “Монголд цөмийн хаягдал булш­лаг­дахгүй, энэ талаарх хууль эрхийн актад захирагдах ёстой” гэж хэчнээн хаш­хирлаа  ч цаашид эсрэгээр нь   шийдчихгүй байгаа  гэж хардаж  байна. Үүний нэг нь  ураны ашиглалт.

Өдгөө манай улс ураны нөөцөөрөө дэлхийд хоёр­дугаарт орж байгааг эх сур­валжууд баталдаг. Хэрэв бид ураны баялгаа  экспор­толж эхэлвэл “Олон Улсын гэрээ, дүрэм” ёсоор ашигласан ураныхаа хаягд­лын төлөө хариуцлага хү­лээх нь дамжиггүй. Магад­гүй  манайхаас уран  авахыг санаархагчид  ийм байдал үүсгэснийхээ дараа  “булшлуулах асуудлыг шийднэ” гэж тооцоолсныг ч үгүйсгэх аргагүй. Хэрэв ийм байдалд орвол  бид хүссэн, эс хүссэн ч бусад орнуудын цөмийн хаягдлыг Монголд булшлах  “гарцаагүй үүрэг” хүлээх нь ойлгомжтой.

Нөгөө нь атомын цахил­гаан станц. Хэдийгээр дэл­хийн олон орон АЦС хэрэг­лэхээс татгалзаж байгаа ч  Монголд барихыг дэмжиж туслах хүсэлтэй улс цөөнгүй  бий. Тэр ч бүү хэл зураг  төсөл нь ч аль хэдийнэ бэлэн болсон сураг сонсогддог.

Хэрэв АЦС байгуулан ашиглаж эхэлбэл, ашиг­лалтаас гарах цөмийн хаягд­лаа мөн л өөрийн газар нутагтаа булах хэрэгтэй болно.

Өөрөөр хэлбэл, цөмийн хаягдлыг Монголын нутагт булах асуудал нь, ураны ашиглалт, АЦС байгуулах асуудалтай заавал холбогдоно гэсэн үг.

Тэгэхээр энэ асуудал  өнөө, маргааш биш юм гэхэд ирээдүйд биеллээ олох вий хэмээн хардаж  байна.

Надад хардах эрх бий.

Эх сурвалж:”Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих