“Мобиком” тэргүүтэй компаниуд секундээр төлбөр тооцох техникийн боломжгүй

Гар утасны төлбөрийг секундээр тооцдог болоход зургаан сараас нэг жилийн хугацаа шаардлагатай

“Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн гар утасны ярианы төлбөрийг секундээр тооцдог болно” гэсэн шум өнгөрсөн долоо хоногийн чихэнд чимэгтэй мэдээллүүдийн нэг байлаа. Гэвч албаны хүмүүс энэхүү мэдээллийг бодит байдлаас хэтэрхий хол зөрүүтэй гэдгийг баталж, сэтгэл гонсойлгов.

ШӨХТГ-ын зүгээс өнгөрсөн сарын 26-нд “Мобиком”, “Скайтел”, “Юнител”, “Жи мобайл”, “Цахил­гаан холбоо” компаниудад “Арван­нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ярианы төлбөрийг секундээр тооцдог болгоё. Санал хүсэлтээ ирүүл” хэмээн албан бичиг хүргүүлсэн. Харамсалтай нь, ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн энэ санаачилга заасан хугацаанд нь хэрэгжих боломжгүй аж.

Учир нь  манай улсад үйл ажил­лагаа явуулдаг үүрэн холбооны “Мобиком”, “Скайтел”, “Юнител”, “Жи мобайл”, “Цахилгаан хол­боо” ком­паниудад  секун­дээр төлбөр тоо­цох хэмжээ­ний өндөр хүчин чадалтай, техник, хэрэгсэл байхгүй гэдгийг албан хүмүүс баталж байна. Хэрэв заавал секундээр тооцдог болно гээд зүтгэх юм бол дор хаяж зургаан сарын дараа хэрэгжиж эхлэх боломжтой гэнэ.

Ярианы төлбөрийг се­кундээр тооцдог болох асуудлыг эцсийн байдлаар Харилцаа холбооны зохи­цуулах хороо шийдвэр­лэх ёстой. Тиймээс Харил­цаа хол­бооны зохицуу­лах хо­роо­ны дарга Б.Болд­баатараас тод­руулсан юм. Тэрбээр “Гар утас­ны төлбөрийг секундээр тооцдог болоход хамгийн багадаа зургаан сарын ху­гацаа шаард­лагатай. Тийм учраас арваннэгдүгээр са­рын 1 гэхэд секундээр төл­­бөр тооцох үнэхээр боломжгүй. Одоо энэ ажлыг судалж байна. Магадгүй, үүрэн холбооны компаниуд ярианыхаа төл­бөрийг се­кун­дээр тооцдог системд шилжихэд зургаан сараас илүү хугацаа шаар­дагдаж болно” гэсэн юм.

Албаны хүмүүсийн зүгээс энэ ажилд хамгийн багадаа зургаан сар шаардлагатай гэж байгаа. Харин “Моби­ком” зэрэг шулаач, шулж дуусдаггүй компаниуд элдэв асуудлаар шалтаглаж, се­кундээр тооцох ажлыг аль болох удаашруулах гэж зүтгэх нь мэдээж. Үүнийгээ ч илэрхийлээд буй.

“Мобиком” компанийн хувьд хэрэглэгчдээ боддог байсан бол өнгөрсөн 16 жилийн хугацаанд ярианы төлбөрийг секундээр хэмждэг болчих байсан. Бусад ком­паниудаа бодвол 10 гаруй жил үйл ажиллагаа явуулсан, монголчуудыг хангалттай шулж, хөрөнгөжсөн. Энэ шулааны мөнгөнийхөө нэ­гээхэн хэсгээр секундээр тооцох өндөр хүчин чадал­тай, техник хэрэгсэл авчих боломж, бололцоо байсан нь мэдээж.

Гэвч “Мобиком”-д сэтгэл дутсан. Дутсаар ч ирсэн. Секундын төлбөрийг мину­таар тооцож авах нь асар их ашиг өгдөг учраас 16 жил монголчуудыг ийм аргаар “саалаа”. “Мобиком” 1996-2004 оны хооронд нэг минутын ярианы төлбөр 500 төгрөг байсан. 59 секунд ярьсан ч, таван секунд ярьсан ч ялгаагүй 500 төгрөг. Гэвч өрсөлдөгч компаниуд бий болсноор үнэ нь багасч, одоогийн хэмжээнд хүрээд байгаа юм.

Мэдээллийн эрэн зуунд техник технологийн хөгжил секундээр хэмжигдэж бай­гаа энэ үед манайх шиг минутаар ярианы төлбөр тооцдог улс гэж бараг алга. Энэ бүдүүлэг, хоцрогдсон аргаар XX зуунд л мөнгө хүүлдэг байж. Харин одоо дэлхий нийтээр гар утсаар ярьсан секундээр л төлбөр тооцоогоо хийж байна.

Тэгэхээр харилцаа хол­­бооны салбарыг зохицуул­даг байгууллага үүрэн хол­бооны анхны оператор байгуулагдаж байхад нэг зүйл дээр алдаж дээ гэж одоо амаа барих хүмүүс ч бий. Тодруулбал, “Моби­ком” компани бай­гуулагдаж байхад ярианы төлбөрийг шууд секундээр тооцох ёстой байж. Хэрэв ингэсэн бол гар утас хэрэглэгчид 16 жил үү­­­­рэн холбооны операторуудад мөл­­­­­жүүлэхгүй байсан гэнэ. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг үүрэн холбооны анхдагч гэх “Мобиком” ийм хорон аргаар шулах ажил эхэлснээс харилцаа холбооны салбарт секундын төлбөрийг мину­таар тооцдог гажиг үүссэн гэхэд болно.

Одоогоор үүрэн телефоны операторууд эхний нэг минут бүрэн тооцогдож, дараагийн минутаас эхлэн секундээр төлбөр тооцогддог. Харин секундээр төлбөр тооцдог болбол хэрэглэгчдэд 30 ху­вийн хэмнэлт гарах ажээ.

Ямартай ч ШӨХТГ-аас гаргасан арваннэгдүгээр са­рын 1-нээс эхлэн секундээр төлбөр тооцох санаачилга ойрын үед хэрэгжих боломж­гүй гэдэг нь тодорхой болов. Гэхдээ энэ нь нэг талаараа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа үүрэн хол­бооны компаниуд ямар түвшний техник хэрэгсэл ашиг­лаж байдгийг харуул­сан үйл явдал боллоо.

Эх сурвалж:”Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих