Цагдаагийнхны халаа сэлгээ үргэлжилж байна

-АЖЛААС НЬ ХАЛАХ ЁСТОЙ БАЙСАН ХУРАНДАА НАРЫГ ӨӨР АЛБАНД ШИЛЖҮҮЛЭН ТОМИЛСОН БАЙЖ-

Цагдаагийн ерөнхий газрын зөвлөл хуралдаж хөрөнгө орлогоо мэдүүлэхээс татгалзсан, нуусан хурандаа нарыг ажлаас нь халах шийдвэр гаргасан. Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн тавдугаар сарын эхээр цагдаагийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогыг мэдээллийг нь шалгаж хянаж үзээд нэр бүхий арав орчим албан тушаалтанд арга хэмжээ авах тухай албан бичгийг ЦЕГ-ын дарга хүргүүлж байсан гэх. Тухайн үед ЦЕГ-аас хариу тайлбар өгөөгүй байсан бөгөөд ажлаас нь халах ёстой байсан хурандаа нарыг өөр албан тушаалд шилжүүлэн томилсон гэнэ. Тиймээс Авлигатай тэмцэх газраас арав хоногийн өмнө дахиад энэ шаардлагыг гарган тавьж зөрчлийг арилгаж, арга хэмжээ авахыг ЦЕГ-ын дарга Т.Билэгтэд албан бичиг хүргүүлжээ. Энэ шаардлагын дагуу ЦЕГ-ын даргын зөвлөлийнхөн ийнхүү хэд хоногийн өмнө хуралдаж, нэр бүхий цагдаагийн хурандаа нарыг ажлаас нь халсан тухай эх сурвалж өгүүлж байна. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Амарзаяа, Замын цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Мөнхтамга нарыг ажлаас нь халжээ. Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баттулгад Авлигын эсрэг хуулийн 13-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан бол Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Амгаланбаатарыг гадаадад сурах болсонтой нь холбоотойгоор ажлаас нь чөлөөлжээ. Хөрөнгө орлогоо худлаа мэдүүлсэн цагдаагийн албан тушаалтнууд 50-250 сая төгрөгийн хөрөнгөө нуун дарагдуулжээ. Тухайлбал, цагдаагийн хурандаа Н.Амарзаяа нь Баянгол дүүрэгт байрлах 39 дүгээр байрны автомашины зогсоол, тус байрны 0 тоот агуулах, эхнэрийн өмчлөл дээрх 39 дүгээр байрны орон сууц болон өөрийн эзэмшлийн орон сууцаа худалдсан 55 сая төгрөгийн орлогоо мэдүүлээгүй гэнэ. Мөн хадам аавынхаа Хан-Уул дүүргийн 1 хороонд байрлах орон сууцыг худалдсанаас эхнэрт орсон орлого 60 орчим сая таграгийг нуусан байсаг гэнэ. Харин С.Мөнхтамга хурандаа эхнэрийнх нь өмчлөлийн Баянзүрх дүүргийн III хороо XII хороолол “Зохиомж” дээд сургуулийн 19 айлын дугаар тоот орон сууц, Баянгол дүүргийн III хороонд байрлах мөрдөн байцаах газрын ажилчдын байрны дугаар тоот орон сууцыг худалдсан 38 сая төгрөгийн орлогоо нуусан байжээ. Гэвч хурандаа нарыг ажлаас нь халсан зарим нэг шийдвэрийг цагдаагийн байгууллагын ажилтнууд дотроо ихэд щүүмжлэлтэй хандаж байгаа аж. Цагтаа хамгийн хүнд хэцүү хэргийн араас явж байсан шилдэг ажилтнуудыг бүр дээрээс хойш шахан гаргах бодлого барьж буй нь цагдаад шилдэг боловсон хүчин дутагдахад хүргэж байгаа гэх.

Цагдаагийн байгууллагын халаа сэлгээ цаашид ч үргэлжлэх аж. Ойрын хугацаанд 30 гаруй албан тушаалтныг тэтгэвэрт нь гаргах жагсаалт гаргасан байна. Мөн хөдөө орон нутгийн цагдаагийн байгууллагын дарга нарын 70-80 хувь нь өөрчлөгдөж байгаа аж. Тухайлбал, өчигдөр гэхэд Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа н.Батбаярыг хотод дуудаж ирүүлээд байсан. Магадгүй ямар нэг албан тушаалд томилж болзошгүй гэсэн бор шувуу нисч байна. Харин Баян-Өлгийн цагдаагийн дарга хурандаа Бакитыг хотод дуудан ирүүлсэн байгаа аж. Ямартай ч түүний албан тушаалыг өөрчилж, оронд нь дэд хурандаа Женисгулийг тавьж байгаа юм байна.

Х.ЦЭНД-АЮУШ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих