Оюутны талбайд оюутнууд биш автомашинууд цугларч байна
2002 оны гуравдугаар сар. Энэ бол оюутнууд өөрсдийн гэсэн нэрэмжит талбайтай болж байсан үе. Оюутнуудад зориулсан талбай МУИС-ын хоёрдугаар байрны урд байдаг гэдгийг мэдэх хүн тун ховор. Гагцхүү тэнд боссон жижиг гантиган хөшөө л баримт бодог байв. Гэтэл одоо хөшөө ч үгүй болжээ. Учир нь байнга л чих халууцуулж байдаг нөгөө эрх мэдэл бүхий хэдэн нөхдүүд чимээгүйхэн луйвардаж, энд “Blue mon” хэмээх өндөр шилэн барилгыг сүндэрлүүлсэн юм. Оюутнуудын хичээлийн амралттай зэрэгцэн хашаа татан барилгын ажил эхэлсэн болохоор хэн хүний анхаарлаас гадуур өнгөрчээ. Гэтэл намар нь тэнгэр баганадсан сүрлэг өндөр байшин боссон. Өмнө нь номын худалдаа, оюутны өдөрлөг зохогддог байсан талбай автомашины зогсоол болсон билээ. “Blue mon” цамхагийг барьсан “Түрэлт” компанийхан Тус компанийхан тус талбайн гуравны нэг хэсэгт барилга барих зөвшөөрөл авч, арван давхар барилга босгосон. Гэтэл автомашины зогсоолын асуудлаа шийдэхийн тулд зөвшөөрөлгүйгээр Оюутны талбайг бүрэн авч, зогсоол болгоод байгаа энэ.
Уг нь манай улсын хувьд ил зогсоол гэхээс илүүтэйгээр барилга доорхи граш барих нь чухал юм. Учир нь арай ядаж хээл хахуулийг өгч байж, авсан нөгөө жаахан газартаа хэдэн давхар барилга сүндэрлүүлэхээр автомашины зогсоол асуудал хурцаар хөндөгддөг. Иймд энэ байдлаа харгалзан үзэж, барилгын доод давхаруудад автомашины зогсоолоо барих нь хэн хэндээ ашигтай баймаар. Гэтэл эдийн засгаа хэмнэх гэж үзсэн нэгэн барьсан барилгынхаа эргэн тойрныг зөвшөөрөлгүйгээр автомашины зогсоол болгодог жишиг мэр сэр байна. Үүнийг тод жишээ бол “Blue mon”.
Анх энэ газар хичээлийн амралт эхлэхээр усан оргилуур нь оргилж, намар, хавартаа номын лангуунууд үүд хаалгаа нээдэг байсан. Гэтэл өнөөдөр угаасаа л автомашины зогсоол байсан юм шиг үүнийг оюутны талбай гэдгийг мэддэг оюутан ч цөөрч. Тиймдээ ч өдий хүртэл чимээгүйхэн явсан байх. Харин удахгүй болох Оюутны эрхийн өдрөөр энэ талбайгаа буцаан авахаар оюутнуудын төлөөлөл тэмцэхээр болсон мэдээ дуулдсан юм. Тэд талбайгаа эргүүлж авахын тулд жагсаал зохион байгуулахаар болжээ. МОХ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалаас энэ асуудлыг тодрууллаа.
Э.Батжаргал: Автомашины зогсоол болгон ашиглах зөвшөөрлийг Нийслэлийн захирагч асан Г.Мөнхбаяр өгч байсан
- Оюутны талбайг автомашины зогсоол болгон ашиглаж байна. Энэ талаар танайхаас ямар нэгэн арга хэмжээ авсан уу?
-Монгол Улсын Засгийн газраас 2002 оныг “Оюутны жил” болгон зарласан. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар МУИС-ийн урд талын талбай буюу “Blue mon” автомашины зогсоолыг Оюутны нэрэмжит талбай болгосон. Гэтэл “Түрэлт” компанийнхан “Blue mon” цогцолборыг барьж, нөгөө Оюутны нэрэмжит талбайг зөвшөөрөлгүйгээр автомашиныхаа зогсоол болгоод байна. Иймд манай байгууллагаас тус компанийн удирдлагуудад албан бичиг явуулсан. Мөн Нийслэлийн захирагчийн албанд бас бичиг явуулсан. Гэтэл аль алинаас нь хариу ирүүлээгүй. Иймд маргааш оюутнуудынхаа хамт жагсаал зохион байгуулж, талбайгаа эргүүлж авахаар шийдээд байна.
-Өмнө нь энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй юм уу?
-Тус талбайг тохижуулахаар манай байгууллагаас гурван жилийн өмнөөс зураг төслийг гаргаад байсан юм. Даанч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод өдий хүрсэн. Харин энэ жил манай байгууллагын 70 жилийн ой тохиож байгаа тул үүнийг тохижуулахаар болсон юм. Тэгээд талбайгаа авах гэтэл ийм асуудалтай тулгараад байна.
-Нийслэлийн газрын албанаас энэ талбай нь зөвшөөрөлтэй автомашины зогсоол эсэх талаар асуусан уу?
-Асуусан. Өнгөрсөн долдугаар сард албан бичигт ирүүлсэн. Уг албан бичигт энэхүү автомашины зогсоол нь зөвшөөрөлгүй хэмээн дүгнэгдсэн байсан. Харин автомашины зогсоол болгон ашиглах зөвшөөрлийг Нийслэлийн захирагч асан Г.Мөнхбаяр өгч байсан юм байна лээ. Харин одоо бол үүнийг цуцалсан гэсэн.
-Жагсаалыг хэрхэн зохион байгуулах гэж байна вэ?
-Оюутнууд өөрсдийн эрх ашгийнхаа талаар нэгдэх байх гэж бодож байна. Бид тус талбайн автомашин орж ирдэг хэсгийг нь цементээр хаах гэж байгаа.
Монголын оюутны холбооноос ийм тайлбарыг өгч байна. Харин “Түрэлт” компанийн удирдлагууд холбогдох гэсэн боловч “байхгүй байна” гэсэн хариултыг өгсөн юм.
Үүнд оюутнууд гэсэн нэгдэх хэрэгтэй. Монголын оюутны холбооныхон саяхан Сүхбаатар дүүрэг дэх өөрсдийн газраа буцаан авч чадсан. Уг нь сэтгэл хүч нэг байвал юуг ч бүтээж болдгийг мэдсэн байх. Иймдээ ч тэд ийнхүү өөрсдийн талбайгаа тэмцэж байгаа байх.
URL: