“Эмийн бизнес”-тэй танилцсан түүх
Эрүүл мэндийн даатгалд сар бүрийн цалингийнхаа зохих хэсгийг суутгуулсаар арав гаруй жил өнгөрөхөд нэг ч удаа тэр даатгалынхаа ач тусыг хүртэж үзсэнгүй.
Өвдөж үзээгүй гэсэн үг бол биш шүү. Эрүүл мэндийн даатгалын дэвтрээ бариад эмнэлэг домнолгоор орохоор нэг л болж өгөхгүй санагдаад байдаг юм. Улсын эмнэлгээр үйлчлүүлэх гэхээр оочер дараалал нь дийлдэхгүй хэцүү. Хэдэн өдөр гүйсний хүчинд нэг юм эмчийн бараа харахаар даатгалын дэвтрээр үйлчлэхдээ хойрго гэж жигтэйхэн. Харин бэлэн мөнгөө бариад хувийн эмнэлэгээр явбал бүтэмжтэй, шуурхай, үр дүнтэй ч байдаг. Даатгуулагчид ер нь энэ мэт асуудлаас болоод хоёр дахь замыг сонгочихдог болов уу. Ихэнхдээ тэгж сонсогддог юм.
Дээрээ “Монгол Улс, Нийгмийн даатгал. Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ” гэж бичсэн цэнхэр дэвтэрт хэдэн жил овоо их мөнгө зарцуулсныхаа ид шидийг үзчих санаатай амралтаа аваад дэвтрээ цүнхлэн эмнэлэг зорив.
Дүүргийнхээ эмнэлгээс эхлээд бараг тав, зургаан эмнэлгээр орсон доо. Явж явж эцэст нь олигтой ч үр дүн үзсэнгүй, халшраад хувийн эмнэлэг бараадахаар шийдсэн. Хувийн эмнэлэгт шинжилгээ өгч, хариуг нь гарахаар эмчтэйгээ зөвлөлдөн хэдэн эм, тариа бичүүлж авлаа.
Тэндээс нэг аятайхан мэдээ сонсов. Эмч “Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд хөнгөлөлттэй үнээр эм авч болдог. Тэндээс авбал хэдэн төгрөг хэмнэж магадгүй” гэв. /Хуульдаа тунхагласнаар бол харьяа дүүрэг, өрхийн эмнэлгийн эмч энэ тухай мэдээллийг иргэдэд өгөх үүрэгтэй/ Хувийн эмнэлгийн эмчээс сонссон эл мэдээ чихэнд чимэгтэй байсныг яана гэх вэ. “Бас болоо ш дээ. Эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлж болдоггүй юм гэхэд хөнгөлөлттэй үнээр эм авчихна гэдэг аз шүү” гэж бодон цэнхэр дэвтэртээ хайр хүрэн өрхийн эмнэлэгтээ сарвайлгаж очлоо. Очихоосоо өмнө бага зэрэг судалсан л даа. Олж мэдсэнээр онош тавьж, эмчилгээ бичиж өгсөн эмчийн эмийн жорыг аваад харьяа оршин суугаа хорооныхоо өрхийн эмнэлэгт очиход эмч батлагдсан маягт дээр хөнгөлөлттэй үнээр авч болох эмүүдийн нэрийг бичээд, “Энэ хүнд олгоно уу” гээд гарын үсгээ зурж, “виз” өгөх ёстой гэнэ. Уг “виз”-ийг даатгалын дэвтэртэйгээ цуг эмийн санд аваад очиход ерөнхийдөө болоод явчих дүр зураг буув. Өрхийн эмч дээрээ очлоо. Эмч ч сэтгэл гаргаж, “Энэ нь үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтад байдаггүй юм. Тиймээс хөнгөлөлттэй үнээр авч болдог адилхан үйлчилгээтэй өөр эм бичээд өгье” хэмээж авах шаардлагатай байсан таван эмээс хоёрынх нь нэрийг маягт дээр бичээд хувийн шифрээрээ баталгаажуулж өглөө. Бас “Манай дүүрэгт хөнгөлөлттэй үнээр эм олгодог эмийн сан хамгийн ойрхон нь тэнд байгаа” гэж зааж ч өгөв. Зааж өгсөн эмийн санд явж очлоо. Анх удаагаа цэнхэр дэвтрийнхээ ач тусыг хүртэх гэж байгаа болохоор сэтгэл хангалуун гэгч нь маягтаа, дэвтрээ гаргаж өгсөн. Эмийн санч бүсгүй “баримт”-уудыг нягталж үзээд хаана, хэдэн тоотод оршин суудаг, хэний хэн бэ гэдгийг минь бүртгэлийн дэвтэртээ тэмдэглэж авч байна. Энэ хооронд түүний янзгүй царайг ажин олигтой мэдээ дуулахгүй нь гэдгээ гадарласан. Бүсгүй маягтыг гүйлгэж хараад “Энэ витамин тасарчихсан ирэхгүй байгаа” /тархи, мэдрэлийн үйл ажиллагааг сэргээх үйлчилгээтэй витамин байсан, одоо нэрийг нь мартжээ/ гэв. Яаж дуугүй байх вэ. “Гүй яахаараа, тэгээд авч болохгүй юм уу, хэзээ ирэхийн” гэж хариу өчлөө. Бүсгүй “Байхгүй юмыг яаж авах юм. Хэзээ ирэхийг мэдэхгүй” гэнэ. “За тэгвэл үлдсэн ганц эмээ авья” гэтэл тав хоногоор ч бил үү уух хэмжээгээр өгөв. Тасарсан нэрээр цаагуураа танил талдаа өгдөг нөхцөл бүрдүүлсэн байхыг үгүйсгэх аргагүй гэж бодоод бас л хэдэрлэлээ.
-Энэ эмийг эмч намайг нэг сар уу гээд бичиж өгсөн. Яахаараа тавхан хоногийнхыг өгдөг юм бэ.
-Цаанаасаа тийм журамтай. Хэрвээ нэмж авъя гэвэл тэр үедээ дахин маягт бичүүлж ирээд авч болно.
-Яагаад вэ. Эмч нэгэнт бичээд өгч байхад нэг удаагийн явдлаар яагаад авчихаж болдоггүй юм бэ. Заавал дахин дахин явуулж, чирэгдэл учруулах ямар хэрэгтэй юм…
-Би яаж мэдэх юм. Ном журмаар нь л үйлчилж байна. Наад үгээ тэр яам, тамгын газарт нь очоод хэлэхгүй юу…
Нэг иймэрхүү яриа боллоо. Нэг л буруу санагдаад өөрийн эрхгүй хэл ам “загатнаад” “хэрэлдмээр” санагдсан. “Юун хөнгөлөлттэй үнэтэй эм, юун витамин, юун эрүүл мэндийн даатгал төлсний ашиг тус… гэх маягийн бодол толгойд эргэлдэж бухимдлаа эмийн санч бүсгүйд гаргасан даа. Нэг авууштай юм нь тав хоног уухаар бодож өгсөн эмийн үнэ гэж эмийн санч бүсгүй багахан мөнгөний тоо хэлсэн. Өмнө нь жоргүйгээр овоо өндөр үнээр авч ууж байсан эм хөнгөлөлтөд багтаж 10 ширхэг шахмал 500 төгрөг болж, нэлээн сайн хямдарчээ. Өмнө нь хөнгөлөлтөөр эм олгодоггүй эмийн сангаас 2000 хавьцаа үнээр авч байсан санагдана.
Өчигдөр хөнгөлөлттэй үнийн эм “олгодог” гэх эмийн сангаар дахин орлоо. Баруун дөрвөн замд нэлээн хайж байж нэг эмийн сан олсон. Эмийн санч эмэгтэйтэй хэдэн үг солилоо. Тэрбээр “Эрүүл мэндийн даатгалын сангаас 339 нэр төрлийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэхээр жагсаалт гаргасан байдаг. Тэр эмүүдийн дийлэнх нь манайд байгаа. Хөнгөлөлт эм бүрт харилцан адилгүй, хувиар авч үзвэл хамгийн өндөр нь 93 хувиар, мөнгөн дүнгээр авч үзвэл 18000 төгрөгөөр хямдрах бий. Тэгээд үүнээс доош хэмжээгээр хөнгөлнө” гэж ярив. Хууль журмандаа хөнгөлөлттэй үнэтэй эм зарах эрхтэй эмийн сан нь эмийн жагсаалтыг нүдэнд ил харагдах газраа иргэдэд нээлттэй байрлуулах ёстой аж. Гэвч энэ эмийн сан жагсаалтыг хавтсанд хийгээд цааш хийчихсэн байснаа гаргаж харуулсан. Бас эмийн сангууд гаднаа “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилж байна” гэсэн тодотгол, хаяг байрлуулах үүрэгтэй. Гэтэл ийм хаягтай эмийн сан нүдний гэм. Уг нь нийслэлд 60-аад эмийн сан хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг гэнэ билээ. Энэ эмийн сангуудад хөнгөлөлттэй үнэтэй эм зарах эрх яаж олддогийг сонирхоход “Үйлчилгээ сайтай, стандартад нийцсэн” учраас гэсэн. Эмийн сангууд хөнгөлөлттэй үнэтэй эм иргэдэд хүргэдэгийн хувьд ЭМД-аас жилд нэлээд их хэмжээний мөнгө авдаг. Гэвч гадуурхагдсан эмийн сангийнхан үүнийг буруутгаж, цаанаасаа танил тал, арын хаалгатай байдгаас энэ үйлчилгээг хүртэх эрх олж авдаг хэмээж байсан. Эцэст нь тэмдэглэхэд, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлттэй үнэтэй эмийг иргэд тэр бүр авч чаддаггүй. Даатгалаас хөнгөлөлттэй үнээр эм авдгийг ч мэддэггүй, эмийн сангууд нь хаана байдгийг ч мэдэхгүй сууж байна.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН”
URL: