Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргизийн парламентын гишүүн Ч.Турсунбеков тэргүүтэй төлөөлөгчдтэй уулзлаа
Ерөнхийлөгч Монгол УлсынИх Хурлын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахаар манай орондайлчилж буй Киргизийн парламентын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлээд хоёр тал Засгийн газар хоорондын комиссын хоёр дахь хуралдааныг ойрын үед хийх шаардлагатай байгааг онцлон дурдав. Мөн Киргизийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг Монгол Улсад айлчлахыг урьсан байгаа гэдгийг дуулгав.
2004 онд Засгийн газар хоорондын комисс анхны хуралдаанаа хийснээс хойш дахин хуралдаагүй. Тиймээс комиссын хуралдааныг ойрын үед хийж, Киргизийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын айлчлал хэрэгжвэл хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэж бодож байна.
Бид киргиз нөхөддөө туслахаар сан бий болгосон. Ер нь бидэнд заагаад байх зүйл бол байхгүй. Харин хуваалцах туршлага бий гэдгийг өмнө нь хэлж байсан. Бидний ололт амжилтыг судлахаас гадна алдаа онооноос сургамж авах нь чухал байх гэж Ерөнхийлөгч хэллээ.
Киргизийн парламентын төлөөлөгчид хэлэхдээ “Таны Киргизид хийсэн айлчлал, парламентад хэлсэн үг бидэнд сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Өнөөдөр тантай эргэн уулзаж байгаадаа баяртай байна” гээд Монгол Улсын Их Хурал, боловсролын систем, гадаадын хөрөнгө оруулалтын талаар асууж сонирхов.
Ерөнхийлөгч тэдний асуултад хариулахдаа УИХ-ын сонгууль явуулахад ямар бэрхшээл учирдаг, өнөө жил анх удаа иргэдийн саналыг цахим төхөөрөмжөөр авч тоолсон, одоо орон нутгийн сонгуульд энэ төхөөрөмжийг дахин ашиглах гэж байгаа, гадаадын хөрөнгө оруулалт нээлттэй байх ёстой, харин холбогдох хуулиудыг сайжруулах шаардлагатай байгаа талаар тодорхой мэдээлэл өглөө.
URL: