УИХ-ын гишүүн, Эдийн засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр: “ Монголбанк, Засгийн газар энэ жилээс нэг бодлоготой болсон

УИх-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж  Монгол банкнаас гаргаж байгаа мөнгөний бодлого Засгийн газраас гаргасан мөрийн хөтөлбөртэй хэр хийцэж байгааг хэлэлцлээ.
Тус байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар :  “ Өмнө нь Монгол Улс мөнгөний нийлүүлэлт бага,зээлийн хүү өндөр,  хатуу мөнгөний бодлоготой байсан. Энэ нь хувийн секторт хүндээр нөлөөлдөг. Тиймээс 2013 оны мөнгөний бодлого, Засгийн газрын бодлоготой нийцэж чадаж байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэлээ.

Харин Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Н.Батбаяр : “ Монголбанк, Засгийн газар энэ жилээс нэг бодлоготой болсон. Тиймээс дотоодын үйлдвэрлэл  эрхлэгчдэд чөлөөт боломжийг нээж өгөхийн тулд зээлийг урт хугацаатай, хүү багатай байлгах хэрэгтэй. Засгийн газраас зээлийн хүүг нэг оронтой тоо болгох зорилттой нэгдмэл байр суурьтай байна” хэмээв.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл  : “ Засгийн газрын зүгээс ард иргэдэд санхүүгийн таатай боломжийг бий болгох хэрэгтэй. Үүний тулд зээлийн хүүг нэг оронтой тоонд бууруулах биш, инфляцийг нэг оронтой тоонд барих хэрэгтэй. Үүн дээр зөвхөн Монголбанк биш арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагын бодлогыг сонсох хэрэгтэй” гэлээ.
Үүнд нь Монголбанкны ерөнхийлөгч  Н.Золжаргал  :  “ Яахав өмнө нь арилжааны банкуудын саналыг мөнгөний бодлогод оруулдаггүй байсан. Сүүлийн хоёр жилээс саналыг сонсдог болж шат дараалсан арга хэмжээг авч байгаа.Үүний нэг нь төлбөр тооцооны систем юм.Тиймээс сүүлийн хоёр жилд энэ тал дээр анхааран бүр арилжааны банкийг хоорондын харилцааг сайжруулан нэгдсэн сантай болгосон. Ингэснээр иргэд аль ч банкны харилцагч байсан хүссэн банкнаас өөрийн мөнгийг авдаг болоод байгаа.  Мөн удахгүй цахим картаар тооцоо хийдэг шинэ системтэй болгох зорилттой байгаа” гэж хариулав.
Цаашид Монголбанк, Засгийн газар, эдийн засгийн байнгын хорооны харилцаа холбоог сайжруулж,  улирал бүр тайлан гаргаж байх хэрэгтэй гэдэг  дээр байнгын хорооны гишүүд санал нэгдсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих