Г.Занданшатар: МАН бол хамгийн нээлттэй нам
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус намынхан сар бүрийн эхний долоо хоногийн мягмар гаригийн 12.00 цагаас сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар тогтмол мэдээлэл хийж байх болсноо энэ үеэр мэдэгдэв.
МАН-ын генсек “Орон нутгийн сонгуулийг арваннэгдүгээр сарын 21-нд хийх нь цаг хугацааны хувьд оройтож байгаа. Цахим системээр сонгууль хийх нь эргэлзээ дагуулж болзошгүй” гэв.
Мөн “АН бүх асуудлыг хаах, боох үйлдэл гаргаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэсэн МАН-ын санал, санаачилгыг хүлээн зөвшөөрсөнгүй. Тиймээс МАН иргэдээсээ хэнийг нэр дэвшүүлэхийг санал асуулгаар авах алхмыг хийнэ. Ардын нам хүний төлөө ажиллах зарчмаа хэрэгжүүлнэ.
Улс орон даяар намын үүрүүд орон нутгийн сонгуулийн бодлогоо хэлэлцүүлж байна. Жирийн гишүүд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ ярилцаж гаргана.
Олон түмний санал асуулгаар нэр дэвшүүлнэ. Цаашид Ардын намын бодлого нээлттэй, буруу үйлдлийг илрүүлэхийн төлөө ажиллана.
УИХ-д МАН-ын бүлгийг өдий болтол байгуулахгүй байгаа. Сүүлийн үед манай гишүүд рүү, өмч рүү халдах явдал гарах болсон. Манай намынхан байшинтай байлдаж яваагүй.
МАН бол хамгийн нээлттэй нам. Орох, гарах нээлттэй байгаа. МАН-д элсэх гэж байгаа хүн олон бий. Үүнийг сүр дуулиантай зарлахгүй.
Намд гишүүнээр элсэхийг шоу болгохгүй. МАН-ыг дарангуйлж байгаа нэг хэлбэр нь Өвөрхангайн хоёр гишүүний тангаргийг өргүүлэхгүй, дахин сонгууль явуулахгүй байгаа явдал” гэв.
Э.Энх-Эрдэнэ
URL: