Э.Мөнх-Очир: Үнэндээ манай нам зарим нэг гудамжны хөдөлгөөнүүдээс долоон дор болчихжээ

МАН-ын орон тооны бус нариaн бичгийн дарга, УИХ-ын гишoүн асан Э.Мөнх-Очиртой ярилцлаа.

-Та сонгуулиас хойш нам гүм байлаа. Энэ хугацаанд юу хийв?

-Сонгуулиас хойш намын ажил хийлээ. Бага хурлаар орон тооны бус нарийн бичгийн даргын ажилтай болсон.

-Та ямар салбар хариуцсан нарийн бичгийн дарга билээ?

-Гишүүдийн эрх ашгийг хамгаалдаг нарийн бичгийн дарга щүү дээ. Тэгээд ер нь сонгуулиас хойш өрнөөд байгаа зүйлүүдийг ажиглах маягтай байлаа. Яахав МАХН руу яваад байгаа хүмүүстэй уулзлаа. Ямар учраас Хувьсгалт намын батлахыг сэргээгээд байгааг нь сонирхлоо.

-Сүүлийн үед танай намын гишүүд хэдэн зуугаараа МАХН руу явж байна шүү…

-Тоо нь 250-500-гийн хооронд хэлбэлзэж байгаа юм уу даа. Өчигдөр гэхэд Баянгол дүүргийн МАН-ынхан МАХН-д элссэн байна.

-Энэ байдлаараа яваад байвал Ардын нам бараг гишүүнгүй болох шинжтэй?

-150 мянган гишүүнээс 1000 хүнийг хасаад бод л доо. Яах ч үгүй шүү дээ.

-Гишүүд ийм олноороо МАХН руу яваад байгаагийн учир юунд байна вэ?

-Зарим залуучуудыг ойлгож байна. Тэдний дунд миний таньдаг үе тэнгийн хүмүүс байна лээ. Бид бүгдээрээ намын байгууллагад хамт ажиллаж явсан залуус. Тэдэнтэй уулзаад харж байхад одоогийн МАН-ын удирдлагын буруу үйл ажиллагаанд сэтгэл дундуур үлдсэн учраас ийм шийдвэр гаргаж гэж бодогдсон. Ийм шалтгаанаар гишүүнчлэлээ сэргээж байгаа хүмүүс байхад албан тушаалын бялуу горьдож яваа нь ч байна. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй юм билээ. Ер нь МАН, МАХН-ын алинд нь ч байлаа гэсэн нэг л угшилтай хүмүүс дээ.

-Энэ хоёр нам яваандаа нэгдэж магадгүй дүр зураг харагдаад эхэлсэн. Ер нь нэгдэх болов уу?

-Тэр нь ч өнгөрсөн биз дээ. Хамтарч ажиллахыг хэзээ ч үгүйсгэхгүй.

-Таны хувьд намаа сольж, МАХН руу явах тухай бодож байв уу?

-Би шал өөр хүн шүү дээ. Надад ямар ч тохиолдолд намаа солиод явах бодол байдаггүй. Болохгүй байгаа газар нь байж, асуудлыг шийдэх ёстой гэдэг үзэл надад бий. Үүнээс гадна сүүлийн үед төрийн албаныхныг бодоод сууж байна.

-Юун тухай…

-Юу гэж. Монголд төр байна уу, үгүй юу. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг хоморголон халж байна. МАН-ын угшлын хүмүүсийг бүгдийг нь ажлаас нь хална гэвэл төрийн албан хаагчдын 90 хувийг солино гэсэн үг биз дээ. Үнэхээр ийм үзэл бодлоор асуудалд хандаж байгаа бол өнөөдөр С.Баярцогт ч халагдах ёстой байхгүй юу.

-Танай нам ч сонгуульд ялагдсан учраас бүтцийн өөрчлөлт хийж, хүмүүсээ халж сольж байгаа гэж сонссон…

-Мэдээж шинэ нөхцөл байдалд яаж ажиллахаа бодож, бүтцийн өөрчлөлтүүд хийж байна.

-Төрийн албаны данхайсан бүтцийг хумих бодлого барьж байгаа нь үүнтэй адил юм гэж бодож үзсэн үү?

-Үгүй ээ. Яалаа гэж дээ. Төрийн алба гэдэг бол намын ажил биш. Нам бол сонгуульд бэлтгэх, ялбал ард түмэндээ үйлчлэх үүрэгтэй. Харин төрийн алба аль нэг намаас хамаарч хөдөлгөөнд ордог байж болохгүй. Энэ байдал 2004 оноос хойш алга болсон шүү дээ.

-МАН-ын одоогийн нөхцөл байдлын талаар та ямар бодолтой явна. Яаж өөрчилмөөр байгаа вэ?

-Жинхэнэ Ардын нам байгаасай гэж бодож байна. Ний нуугүй хэлэхэд бид Ард гэдэг нэрийг томъёо маягаар авч явсаар сурчихаж. Эх орон, ард түмэн гэж том ярьж явсаар жинхэнэ ардуудаа орхичихсон юм билээ. Ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлнэ, орлогыг нь нэмэгдүүлнэ гэж хий ярьсныхаа оронд зүгээр л иргэдийнхээ аюулгүй амьдрах орчныг бүрдүүлээд өгчих байжээ. Үнэндээ сонгуулиас хойш төр засаг хурдан эмхлэгдэлгүй удаж, хариуцлага алдсанаас болж барилгын кранд дарагдаж гэмгүй хүмүүс амиа алдлаа. Өмнө нь ийм зүйл байгаагүй шүү дээ.

-Төр засгийг хурдан хугацаанд эмхлэх ажлыг саатуулсны бурууг өөрийнхөө намд тохож бодож үзсэн үү?

-Яахав, Бидэнд алдсан юм бий. Зарим нэг хувь хүний харьцаанаас болоод ажил яваагүй тал байгаа. МАН-ыг төрийн эрх барьж байх хугацаанд ажил хийх ёстой местэн дээр байсан хүмүүс ажлаа хийгээгүйгээс өнөөдрийн энэ алдаанууд гарч байгааг үгүйсгэхгүй.

-Тиймээс УИХ-д бүлэггүй болчихсон байх шиг байна…

-Одоо яахав дээ. Тухай үед байсан хүмүүсийн алдаж, оносныг цаг хугацаа харуулах байлгүй. Гэхдээ одоогоор бол алдсан юм шиг л харагдаж байна.

-Хэн нь?

-Бүлэггүй сууж байгаа бид. Манай алдаа шүү дээ. Анхнаасаа тэр чуулганыг орхих ёсгүй байсан юм. Төрийг бүрдүүлж байгаа хүмүүс өөрсдөө төрийн ажлаа хаяад явчихсан байхгүй юу. Үүнийхээ хариуцлагыг бодох л ёстой.

-Намынхаа сонгуульд ялагдсан шалтгааныг та юу гэж үзэж байгаа вэ?

-100 хувь манай боловсон хүчний бодлогын алдаа.

-Удирдлагуудаа хэлж байна уу?

-Мэдээж. Удирдлагууд ямар байна, удирдлагад нь ажиллаж байсан хүмүүс яг адилхан болсон.

-Тиймээс удирдлагадаа хариуцлага тооцож, огцруулсан нь шинэчлэл авчрах байх л даа…

-Би намын удирдлагаа солигдчихлоо гэж харахгүй байгаа. Тиймээс намын их хурлыг хүлээж байна.

-Удирдлагуудаа дахиад өөрчилнө гэж ойлгож болох уу?

-Одоогийн дарга нар ажлаа хэр хийхээс шалтгаална. Үнэхээр ажлаа сайн хийгээд үйл ажиллагааг зангидах хүн гарч ирвэл бид дагана.

Ер нь тэгээд намыг шинэчилнэ гэдгийг даргаа солино гэж ойлгож болохгүй шүү дээ. Нам юу хийх гээд байна гэдэг нь чухал юм. Ардын гэдэг нэр яагаад хүмүүсийн сэтгэлд хүрэхгүй байна вэ. Үнэндээ манай нам гудамжны зарим нэг хөдөлгөөнүүдээс долоон дор болчихсон байна. Ийм дорой хэмжээнд сэтгэдэг нам болчихсон байна шүү дээ. Улсыг яаж хөгжүүлэх юм, түүний төлөө МАН яаж ажиллах юм, удахгүй болох сонгуулиудад яах вэ гэдгээ ярьж, стратегиэ боловсруулах ёстой байна. Харамсалтай нь өнөөдөр тийм зүйл алга. Сонгууль гэхээр л хэнийг дэвшүүлэх үү, яах уу гээд хүний тухай ярьж байна. Энэ намыг аваад явж чадах лидер хүн хэрэгтэй. Манай нам гэлтгүй Монгол Улс өөрөө лидергүй болчихоод байна. Энэ улсыг аваад явах хүн алга. Энэ улсыг аваад явах улс төрийн хүчин алга боллоо.

-МАН цаашид энэ улсыг авч явах чадваргүй болсон гэсэн үг үү?

-Үнэхээр сул байна. Боловсон хүчнээ зөв ашиглаж чадахгүй байна. Үүнийг ойрын хугацаанд өөрчилнө.

-Сая намын удирдлагаа солихдоо таны ярьж байгаа зарчмаар яваагүй юм уу?

-Олон нийтийн байгууллагад нэг зовлонтой юм бий. Олонхийн шийдвэр гэдэг төвөгтэй зүйл байдаг. Энэ шийдвэрийг гаргаж байгаа хэсгийг хэдэн үеэрээ бүрдүүлсэн байдаг. Тэгэхээр шинэ хүн, шинэ бодлого гарахад хэцүү.

-Намын удирдлагуудаа сольсон нь хариуцлага тооцох зөв арга боллоо гэдгийг тухайн үедээ бүгд ярьж байсан…

-Намын удирдлагаасаа буухаар хариуцлага тооцуулсан болчихдог юм уу.

-Жишээ нь УИХ-ын гишүүн байсан Ж.Сүхбаатарыг генсек болгосон бол МАН арай өөр өнгө төрхтэй болох байсан гэж зарим хүн ярьдаг юм билээ?

-Тэгвэл бүр замаа барах байсан. Онолын хүн онолын хүн байдаг юм. Би Сүхээд ч ингэж хэлсэн.

-Тэгвэл таныхаар хариуцлага хүлээнэ гэдэг нь юу байх ёстой вэ?

-Намаа сонгуульд ялуулж чадаагүй дарга яах ёстой байсан юм.

-УИХ-ын гишүүнээсээ татгалзах байсан гэж үү?

-Тэгэлгүй яах юм бэ. Намаа ялуулчихаад тийм хариуцлагагүй байж болохгүй шүү дээ.

-Та сонгуулиар намын жагсаалтын хэдэд бичигдсэн билээ?

-Хэдэд билээ. 15-д бил үү. Дунд хавиар л байсан.

-Намын удирдлагууд УИХ-ын гишүүнээсээ татгалзсан бол та оронд нь орох байжээ..

-Үгүй ээ. Үүний тулд ингэж яриад байгаа юм биш.

-Та бусдыг бодвол намаа ил тод шүүмжилдэг хүн. Тан шиг ийм бодолтой хүн одоогийн Удирдах зввлөлд хэд байгаа бол?

-Олон бий.

-Бодлоо тан шиг ил гаргаж байгаа нь…

-Удирдах зөвлөлийн хурал дээр юу болдгийг та нар мэдэхгүй шүү дээ. Өнөөдөр Удирдах зөвлөлийн мэдээлэл гадагшаа цацагдахгүй байгаа биз дээ. Гэтэл өмнө нь манай мэдээлэл ямар их задардаг байлаа. Тэр үед Удирдах зөвлөлд хэн байсан нь одоо харагдаж байгаа биз дээ.

-Та ойрын үед ямар ажил хийхээр төлөвлөсөн байгаа вэ?

-Хүлээсэн үүргийнхээ дагуу хуучин Хувьсгалт намын харьяалалтай байсан гэдэг шалтгаанаар төрийн албанаас халагдаж байгаа хүмүүсийн төлөө явна. Өмнө нь Цэцийн томилгоог ч юм уу, аль нэг томилгоог завхруулдаг зүйл манай намын үед байсан гэвэл байсан. Үүнийг арилгах ёстой болохоос биш хүмүүсийг төрийн албанаас халж болохгүй.

-Ардын намын сайхан болгосон бүхнийг АН нураагаад байна гэж та хэлэх гээд байна уу?

-Монгол төрийн сайхан явж байсан зүйлийг манай нам завхруулсан нь үнэн. Гэхдээ түүнийг АН бүр унтрааж байна. Төрийн боловсон хүчний бодлогод нам нөлөөлөх ёсгүй.

-Ардын нам төрийг завхруулсныхаа хариуцлагыг хэзээ хүлээх вэ?

-Хүлээж л байна шүү дээ. Бүгдээрээ гудманд гарчихсан байна. Манай нам сонгуульдаа сайн орсон бол улсыг шинэчлэх ажлаа үргэлжлүүлээд явах байсан. Түүнийг хийе гээд зорьж байсан манай намын сайнууд нь ч ажлаа өглөө, саарууд нь хоморгонд нь явлаа.

-Хэн хэнийг хэлээд байгаа билээ?

-Хүн ярьж яах гээд байгаа юм. Бүгдээрээ л адилхан ажилгүй болчихлоо.

-Ардын нам орон нутгийн сонгуульд яаж оролцохоор бэлтгэж байна вэ?

-Хүчтэй бэлтгэж байна. Орон нутгийн сонгуульд манай нам ялдаг номтой. Орон нутагт л бид иргэдтэйгээ жинхэнэ тулж ажилладаг байхгүй юу.

-Үнэхээр ард түмний төлөө байсан юм бол төрийн ажилдаа цаг хугацаанд нь орох байсан гэж боддог уу?

-Тэр яахав, би хэлсэн шүү дээ. Орон нутагт байгаа хүмүүс нь ард түмнээ боддог учраас сонгуульд ялдаг юм. Дээр байгаа нөхдүүд нь ард түмнээ бодохгүй, өөр юм хийсээр байгаад гудманд гарч байхгүй юу.

-Та гишүүн байсан хүмүүсийн байгуулсан холбоонд нэгдсэн үү?

-Уучлаарай санаачлагч нь би байна.

-Өө тийм үү?

-Гадуур бас бус хүмүүс ийм холбоо байгууллаа гэж яриад явна гэсэн. Албан ёсоор хэлчихье энэ холбоонд тэр хүмүүс байхгүй.

-Гишүүн асан Д.Очирбатыг хэлээд байна уу?

-Тэр хүмүүс одоохондоо манай холбоонд элсээгүй шүү. УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэн, Ш.Сайхансамбуу, Ц.Цэнгэл бид хэд байгаа. Удирдах зөвлөлдөө АН-аас Г.Батхүү, Д.Одхүү хоёрыг урьсан.

-Нээлттэй парламентын холбоо мөн биз дээ?

-Тийм. Ерөнхийлөгчөөр нь Х.Бадамсүрэн, дэд ерөнхийлөгчөөр Ш.Сайхансамбуу, гүйцэтгэх захирлаар нь би ажиллах саналтай байгаа. Тэр хүмүүсийн яриад байгаа шиг парламентыг хянахгүй. Парламентын үйл ажиллагаанд цэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой. Зарим хуульд саналаа хүргүүлж, зөвлөнө гэсэн үг.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих