“Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компаниуд 250 тэрбум төгрөгийн экологийн хохирол учруулжээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан болж, өндөрлөлөө.
Энэхүү хуралдаанд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Батхүү, МХЕГ-ын ГУУ-н хяналтын хэлтсийн дарга Д.Баатарцогт нарын дэд ажлын хэсгийн гишүүд оролцов.
Өнгөрөгч есдүгээр сард УИХ-ын БОХХАА-н байнгын хорооноос тогтоол гаргаж нэлээд чухал үүрэг бүхий энэхүү ажлын хэсгийг байгуулжээ.
Орхон аймгийн Баян-Өндөр сум, Архангай аймгийн Цэнхэр, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга сумдад Орхон, Хангал голын бохирдол, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдалд Байгаль орчныг хамгаалах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэгтэйгээр дээр дурдсан Ажлын хэсгийг байгуулан, УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан ахалж, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, О.Баасанхүү, Б.Наранхүү, Х.Болорчулуун нар гишүүнээр ажиллаж байгаа аж.
Харин Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун ахалж буй юм.
Төрийн ордны “А” танхимд нээлттэй болсон уг Ажлын хэсгийн анхны хуралдаанаар Гол мөрний урсац бүрэлдэх, эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн талаар холбогдох газруудын /МХЕГ/ хийсэн ажлын зарим мэдээллийг сонссон юм.
“Алтан Дорнод Монгол”, “Монгол газар” компаниуд Ашигт малтмалын болон татварын тухай хуулийг зөрчсөн гэрээг хуулийн этгээдүүдтэй байгуулсан гэж үзэж УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн нь эдүгээ прокурорт шилжээд буй юм байна.
Дээрх хоёр компани нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт олборлолтын лиценз эзэмшдэг. Тэд өөрсдийн лиценз эзэмшдэг газартаа 40 гаруй байгууллагатай 20-100 сая төгрөгийн нөхөн сэргээлтийн нэртэй гэрээ байгуулсан байна. Гэтэл сайхь аж ахуйн нэгжүүд дээрх газарт олборлолт явуулж, Орхон голын усыг ихээр бохирдуулж, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулжээ.
Архангай аймгийн хувьд нөхөн сэргээлт биш, олборлолт хийж байсан компаниудын үйл ажиллагааг МХЕГ-аас зогсоосон байна.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх 40 гаруй аж ахуйн нэгжийн 53 орчим сэжигтнийг Эрүүгийн хэрэгт татан шалгаж, хариуцлага оногдуулжээ.
Орхон голын эхэнд дээрх аж ахуйн нэгжүүд нийт 250 тэрбум төгрөгийн экологийн хохирол учруулсан нь шалгалтаар тогтоогдсон байна.
Э.Энх-Эрдэнэ
URL: