Цацруулагчтай уутаар бизнес хийхээ зогсооч

Бага ангийнхан цүнхэндээ нэмэлт гоёлтой болжээ. Учир нь зам тээврийн ослоос хамгаалах үүднээс тод өнгөөр гэрэлтдэг тусгай материалтай даавуугаар цүнхэндээ уут хийх эсвэл тэмдэг тавих шаардлагыг Нийслэлийн боловсролын газраас тавьжээ. Гэхдээ ЕБС-ийн бага ангийн сурагчдын цүнхийг цацруулагч ууттай эсвэл тэмдэгтэй болгоход нийслэлээс төдөн төгрөг зарцуулна гэж тодорхой хэмжээний төсөв тусгаж өгөөгүй аж.

 

Энэ нь ашиг олох гэсэн хэн нэгэнд олз болжээ. 23 дугаар сургуулийн хүүхдүүд цүнхнийхээ хоёр талыг ногоон даавуугаар эмжсэн харагдсан. Гэвч энэ нь өдөр ялгарч харагдахад бэрх. Өдөр ийм байхад шөнө ч ялгарахгүй нь ойлгомжтой. Хүүхдүүдэд ангийн багш нь 50 см хүрэхгүй даавууг 600 төгрөгөөр заржээ. 24 дүгээр сургуулийн хүүхдүүдийн хувьд бүр ч асуудалтай.

 

Нэгдүгээр ангийн хүүхдүүд нь метр хүрэхгүй даавууг 5000 төгрөгөөр худалдаж авсан байхад гурав, дөрөвдүгээр ангийнхан 2500-3000 төгрөгөөр авснаа хэлж байсан. Тус сургуулийн гадна хар өнгийн суудлын машинтай хүмүүс ирж, цацруулагчтай туузны 3000 төгрөгөөр зарсан тухай 5Е, 4Ё ангийн сурагчид хэлсэн. Цацруулагчийн сургаар ашиг хонжоо хайгчид хөдөлж эхэлжээ.

 

Бид 24 дүгээр сургууль руу очиход бага ангийнхан хичээлдээ орж байлаа. Жижүүр багшаас цацруулагчтай уут, тэмдэгний талаар лавлавал “Сургуулиас нэгдсэн журмаар зарсан, тараасан зүйл байхгүй. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүдийнхээ цүнхэнд хадсан харагдсан. Нийслэлийн боловсролын газраас хүүхдүүдийг зам тээврийн ослоос хамгаалах цацруулагчтай уут эсвэл цүнхэн дээр нь тусгай тэмдэгтэй болгох үүрэг өгсөн болохоор үүнийг эцэг, эхчүүдэд дуулгасан” гэв.

 

Сургуулиуд үүнд төдийлөн ач холбогдол өгөхгүй ор мөр төдий зүйл хийж байна гэж эцэг, эхчүүд шүүмжилж байв. 24 дүгээр сургуулийн хүүхдүүд гэхэд гурван өөр үнээр худалдаж авсан байна. Тус сургуулийн тавдугаар ангийн сурагч Т.Жамцтай уулзахад “Хэд хоногийн өмнө манай сургуулийн гадаа машинтай хүмүүс цацруулагч даавууг 3000 төгрөгөөр зарсан.

 

Би авч чадалгүй хоцорчихсон юм. Тэгээд ангийнхаа багшаас 2500 төгрөгөөр худалдаж авсан” гэлээ. Хүүхдүүдийг үнэхээр осол аваараас хамгаалахад ач тустай юм бол ганц удаа үнэгүй тараах хэрэгтэй гэсэн саналыг эцэг, эхчүүд хэлж байв. Анх “Монголын хүүхэд өсвөр үеийг ивээх төв”-өөс санаачилж, Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Чингэлтэй дүүргийн тав, дөрөв, Сүхбаатар дүүргийн гуравдугаар сургуулиудад тод ногоон өнгийн даавуугаар хийсэн цүнхний уутыг үнэгүй тараасан байна.

 

Энэ арга хэмжээ үр дүнтэй байсан учир Замын цагдаагийн газраас хотын удирдлагуудад хүсэлт гаргаж, НИТХ- аар хэлэлцжээ. Тус хурлаар үр дүнтэй байгаа бол бүх сургуулийн хүүхдүүдийн цүнхийг цацруулагч ууттай болгох нь зөв гэсэн шийдвэр гаргаж, Нийслэлийн боловсролын газарт уг ажлыг даалгажээ. Гэвч тус газраас хяналт тавиагүй байна.

 

Тухайн сургуулийн удирдлагуудад үүрэг өгөөд л орхижээ. Зарим сурагчийн ээж нь “Нарантуул” захаас тод өнгийн даавуу худалдан авч цүнхэн дээр нь тусгай тэмдэг оёж өгсөн талаар ч хэлж байв. Улс хөрөнгө мөнгөний гачаалтай байлаа гэхэд гадаадын тусламжийн гараа сунгахад бэлэн байгаа газарт хандаж болдоггүй юм болов уу. Бээжинд суугаа Норвегийн Элчин сайдын яамнаас туслахад бэлэн байгаа тухай манай сониныхон сургууль цуглах үеэр мэдээлж байсан.

 

Тус Элчин сайдын яамнаас хүүхэд бүрт хүрэлцэхүйц орчин үеийн нанотехнологиор хийсэн бугуйндаа зүүдэг цацруулагчийг үнэгүй өгч болно. Гагцхүү хүүхэд бүрт хүрч ажиллаж чаддаг байгууллага бидэнтэй холбоо тогтоовол сайн байна гэдгийг ч онцолсон байдаг. Ийм бэлэн туслах байгууллага байхад чанарын шаардлага хангаж буй эсэх нь эргэлзээтэй даавууг өндөр үнээр хүүхдүүдэд шахаж, ашиг хонжоо хайсан нэгнийг нь даврааж байна.

 

“Монголын хүүхэд өсвөр үеийг ивээх төв”- ийн санаачлага нүдээ олсон ажил байсан хэдий ч эцэстээ бизнес болон хувирчээ. Цүнхэндээ угладаг цацруулагчтай уут, хувцсан дээрээ хаддаг цацруулагчтай тэмдгийг хэрэглээд хүүхэд зам тээврийн осолд өртөж амиа алдах нь буурсан тухай мэдээллийг Замын цагдаагийн газраас гаргасан байна.

 

Осолд өртсөн цагийг авч үзвэл ихэнхдээ өвлийн улиралд өглөөний 7:20-8:00 цаг, өдрийн 12:00-14:00 цаг, оройн 18:00-20:00 даг. Эдгээр хугацаа нь ЕБС-ийн хоёр, гуравдугаар ээлжийн сурагчид орой, бүрэнхий, харанхуй, агаарын бохирдол ихтэй, утаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал, машины гэрлийн гялбаанд зам хөндлөн гарч гэртээ харих цагуудтай давхцаж байгаа.

 

Иймд цацруулагчтай уут хамгийн хэрэгтэй эд гэдгийг ч чухалчилжээ. Чухал хэмээн онцолсон цацруулагчтай уут, тэмдэг хийх алгын чинээ даавууны үнэ эцэг эхчүүдийг бухимдуулж байна. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг бодож нэгэнт эхлүүлсэн ажлыг үр дүнтэй сайн хийвэл яасан юм бэ, Нийслэлийн боловсролын газрынхаан.

 

Төсөв хөрөнгө асуудал болоод байвал Норвегийн Элчин сайдын яаманд хандаад үзээч. Норвегичүүд туслахад бэлэн гэсэн шүү. Адаглаад чанартай, бас үнэгүй нэгэн жигд цацруулагчаар хүүхэд бүрийг хангачихаж болно шүү дээ. Эсвэл тендэр зарлаж болдоггүй юм уу.

 
Б.Ганаа
Эх сурвалж:”Өдрийн шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих