Ц.Нямдорж, Х.Баттулгын маргаан буюу Жигмэд, Тогмид хоёрын түүх өнөөдөр дуусах уу?

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Баттулга нарын маргааныг өнөөдөр Улсын дээд шүүхээс эцэслэн шийднэ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж АН хамтарсан Засгийн газраас гараад удаагүй байхад УИХ-ын гишүүн Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайд байхдаа солонгос, хятадуудтай төмөр зам барих тухай нууц гэрээ хийсэн хэмээн мэдэгдсэнээрээ шүүхэд дуудагдаж байв.
Тодруулбал “2011 оны гуравдугаар сарын 19-нд Х.Баттулга нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй байгуулсан “Төмөр зам барих нууц гэрээ”-г мэддэг хүн Монголд бараг байхгүй.  Ямар учиртай юм бэ гээд хууль зүйн талаас нь шалгах гэхээр ийм гэрээ байгуулаагүй гэж худлаа хэлээд материалыг нь өгөхгүй байна. Энэ улсуудтай уул уурхайн лицензийг барьцаалж гэрээ хийж байх үед Хятад улсын холбогдох яамны хүмүүс ирж санамж бичигт гарын үсэг зурсан. Хятадын салбарын дэд сайд нь Бээжингийн онгоцны буудал дээр буухад өчигдөр зурсан санамж бичиг  чинь хүчингүй шүү гэж Монголын талаас мэдэгдсэн. Энэ мэт хууль бус ажлаас нь болж, Таван толгой гацчихаад байна. Гэтэл сүүлд нь төмөр замын ажил Ц.Нямдоржоос болж гацаж байна гэж мэдэгдэж байгаа нь буруу” хэмээн олон нийтэд мэдээлж байсан юм.
Тиймээс Х.Баттулга сайд түүнийг нэр төрд нь халдсан хэмээн шүүхэд өгснөөр хэргийн анхан шатны шүүх хурал Хан-Уул дүүргийн шүүхэд болсон. Харин Хан-Уул дүүргийн шүүхээс Ц.Нямдорж гишүүнийг Х.Баттулга сайдын нэр төрд халдсан хэмээн үзэж, Х.Баттулга гишүүнээс уучлал гуйх шийдвэрийг гаргаж байв.
Гэвч Ц.Нямдорж гишүүн үүний хариуд “Харьяаллараа бол энэ хэрэг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэгдэх хэрэг биш. Би тэр үгийг Засгийн газрын ордонд хэлсэн. Тэгэхээр Х.Баттулга гишүүний хувьд Хан-Уул дүүргийн шүүх найдвартай байсан юм байлгүй” хэмээн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандаж байлаа. Гэвч давж заалдах шатны шүүхээс ч мөн түүнийг уучлал гуйх шийдвэрийг хэвээр баталсан билээ. Харин энэ үүнд Ц.Нямдорж гишүүн “Хуулийн хувьд их хөгийн юм болоод байна. Нийслэлийн шүүхэд давж заалдахад гурван сонингоор дамжуулж уучлал гуй гэсэн. Х.Баттулгаас уучлал гуйлаа гээд надаас юм уначихгүй. Гэхдээ төрийн дампуурал, шүүхийн дампуурал, захиалгат шүүх харагдаж байна. 1997 оны үед М.Энхсайхан Ерөнхий сайд байхад би гүтгүүлсэн гээд 100 мянган төгрөгийн заргаа авч байсан түүхтэй. Ерөнхийдөө Монголын төр, шүүхийн систем дампуураад дууслаа. Тиймээс би Улсын дээд шүүхээр шийдүүлнэ” хэмээж байв. Ингэснээр тэрээр Улсын дээд шүүхэд өргөдлөө хүргүүлсэн билээ.
Харин уг гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхийн Иргэний танхимд хэлэлцэх юм. Хуралд илтгэгч шүүгчээр Улсын дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг оролцоно. Хэрвээ Улсын дээд шүүхээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталвал Ц.Нямдорж гишүүн Х.Баттулга гишүүнээс уучлал гуйх юм байна. Гэвч Ц.Нямдорж гишүүн уучлал гуйх эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Учир нь тэрээр хэрэг анхнаасаа Хан-Уул дүүргийн шүүхээр шийдэгдэх ёсгүй. Хууль ёсны бус хэмээн үзэж байгаа билээ. Юутай ч Улсын дээд шүүхийн шийдвэр Ц.Нямдорж гишүүний талд гарах уу, Х.Баттулга гишүүний талд гарах уу гэдгийг хүлээх л үлдлээ.

Б.Чимэг

URL:

Сэтгэгдэл бичих