Олимпийн хошой алтан медаль биднийх болохгүй нь бололтой
Бээжингийн олимпоос авсан алтан медаль азынх байгаагүй гэдгээ баталж Лондонгийн олимпийн өнгийг тодорхойлсон тамирчин бол Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр. Түүнийг дахин олимпийн алтан медалийг өвөртөлж магадгүй болоод байна гэсэн мэдээ Лондонгийн олимп өндөрлөхтэй зэрэгцэн тархсан. Манай улсын жүдочийг ялсан ОХУ-ын бөх 2011 оны дэлхийн аварга, өдгөө 28 настай Тагир Хайбулаев допинг хэрэглэсэн талаарх яриа гадаадын хэвлэлүүдийн гол сэдэв болсон аж. Хэрвээ Тагир Хайбулаев сэргээш хэрэглэсэн нь нотлогдох юм бол аваргын алтан медаль Н.Түвшинбаярт ирэх юм.
Тиймээс ОУ-ын олимпийн хорооноос албан ёсоор мэдэгдэл хийхийг хүлээсэн хүн олон байсан. Монголчууд бидэнд Олимпийн хос алтан медаль ойрхон байна хэмээн цөс нь хөөрсөн хүмүүс ОХУ-ын бөхийг үнэхээр допин хэрэглэсэн байгаасай хэмээн бараг л залбирч байгаа. Саяхан энэ талаар Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн хамт олноос лавлахад “Тийм мэдээлэл гарсан байгаа. Гэхдээ бидэнд албан ёсны хариу ирээгүй. Иймээс бид Тагир Хайбулаевийг яг “сэргээш хэрэглэсэн нь үнэн гэсэн” гэж хэлж чадахгүй нь. Тэр бөх хэрвээ хэрэглэсэн нь үнэн бол Н.Түвшинбаяр олимпийн хошой алтан медаль хүртэж элэг нэгт түмнээ баярлуулна.
Бид ч өрсөлдөгч бөхийг нь сэргээш хэрэглэсэн байгаасай гэж бодож байна. Гэхдээ допингийн хариу олимп дуусаад гурван хоногийн дараа гардаг болохоор энэ мэдээлэл худлаа байлгүй дээ” хэмээж байсан аж. Эрэгтэйчүүдийн 100 кг-ийн жинд Монгол Улсын жүдоч Н.Түвшинбаяр, ОХУ-ын жүдоч Тагир Хайбулаев нарыг барилдахад ОХУ-ын ерөнхийлөгч өөрийн биеэр үзэж суусан. Манай бөх бэртэлтэй, барилдах боломжгүй байсан ч зориг гарган муугүй барилдсан юм.
Оросын бөх түүнийг ялж дэвжээнээс буухдаа хэвлэлд “Монголын бөх бид хоёр өмнө нь 2010 оны дэлхийн аваргад барилдаж байсан. Тэгэхэд би Түвшинбаярт ялагдсан юм. Харин энэ удаа даагаа нэхэж яллаа. Дасгалжуулагч Эцио Гамбо, Хасан Битаов нарынхаа зааж өгсөн тактикаар яллаа. Миний эхний дайралт амжилтгүй болсон. Дараа нь өрсөлдөгч маань намайг шидэх гэж дайрсан. Түвшинбаяр үнэхээр хүчтэй, дайчин, тэсвэр хатуужилтай бөх юм билээ. Доголчихсон хэрнээ бууж өгдөггүй тамирчин байна лээ” хэмээн манай бөхийн эр зоригийг бишрэн ярьжээ. Тагир Хайбулаев ийнхүү “азаар” алтан медалийн эзэн болсон юм. Харин түүнийг допин хэрэглэсэн хэмээн цуурах үед тэрбээр энэ мэдээллийг тун ч тайван хүлээж авсан. Оросын Sportbox.ru сайтад ярилцлага өгөхдөө тэрбээр “Би допин хэрэглээгүй юм чинь энэ мэдээ тэгж байгаад намжих байлгүй дээ” хэмээж байжээ. Үнэхээр ч түүнийг допин хэрэглэсэн гэх мэдээ тэгсхийгээд намжсан. Олимпийн хошой алттай болох нь хэмээн баярлаж суусан Монголчууд “өө ор үндэслэлгүй мэдээлэл байсан юм байна, за яахав дараагийн олимп манайх болж л таараа” гэцгээж сууна.
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: