Автобусанд явж байсан хүнийг чирч буулгаад дээрэмджээ
Өдөрт 3-5 хүн эд зүйлээ дээрэмдүүллээ хэмээн цагдаагийн байгууллагад хандах нь хэвийн үзэгдэл болжээ. Түүгээр ч зогсохгүй оройн цагаар дээрмийн хэрэг ихээр гардаг байсан бол сүүлийн өдрүүдэд өглөө, өдрийн цагаар эд зүйлсээ булаалгах, дээрэмдүүлэх болсон аж. Тиймээс иргэддээ сэрэмжүүлэг болгох үүднээс дээрмийн хэргийн талаар ЦЕГ- ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч Б.Саруултуяагаас тодрууллаа.
-Сүүлийн өдрүүдэд дээрмийн хэргийн гаралт ихэсч байгаа талаар нэлээд ярих боллоо?
-Намрын улиралд дээрэм, булаалтын гэмт хэргийн гаралт ихэсдэг. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан дээрмийн хэрэг үйлдэгдсэн байна. Эхнээсээ эзэн этгээд нь тогтоогдож байна. Дээрмийн хэрэг оройн цагаар биш, өдрөөр үйлдэгдэх болсон нь энэ төрлийн гэмт хэрэг хүрээгээ тэлж буйн тод жишээ юм. Автобусанд явж байсан хүнийг чирч гаргаад эд зүйлийг нь тоносон хэрэг ч өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн.
-Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч, үйлдэгч нь ямар хүмүүс байдаг вэ?
-Дээрмийн халдлагад өртөж буй хохирогчид ихэвчлэн согтуу хүн, эмэгтэйчүүд, сурагчид байдаг. Ер нь өөрийгөө хамгаалах чадвар муутай хүмүүс хохирогч болох нь цөөнгүй. Харин гэмт хэрэг үйлдэгч этгээд нь ихэвчлэн 18-25 хүртэлх насны залуус байдаг. Үүнээс гадна хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд энэ төрлийн хэрэгт холбогдох нь ихэссэн. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ хаана, юу хийж явна гэдгийг сайн мэдэж байх шаардлагатай байна. Залуус хэрэг үйлдэхдээ бусдын биед хүнд гэмтэл учруулж, зодож танхайрдаг нь эрүүгийн хариуцлага нэмэгдэхэд хүргэдэг. Ер нь дээрмийн хэргийг бүлэглэн үйлдэх нь элбэг. Тиймээс залуус ойворгон зангаар бие биеэ өөгшүүлж, хөөргөх нь гэмт хэрэг буурахгүй байгаагийн нэг шалтгаан юм.
-Дээрмийн хэрэг голдуу хаагуур үйлдэгдэж байна вэ?
-Сүүлийн үед орон сууцны ойролцоо оршин суугчдыг дээрэмдэх хэрэг ихээр гарч байна. Тиймээс иргэдийг өглөө, оройд гарч, орохдоо болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сануулж байна. Иргэдийн эд зүйлийг орц, цахилгаан шатан дотор булаах болсон. Гэр хороололд бол гэрэлтүүлэггүй гудамж, талбайд энэ төрлийн хэрэг үйлдэгдэж байна. Түүнчлэн үйлчилгээний байгууллагын ойролцоо бусдын худалдан авсан зүйлийг булааж зугтах хэрэг ч гарч байна. Өдрөөс өдөрт гэмт хэрэг үйлдэх, арга техник, байршлууд өөрчлөгдөж, хөгжиж байна. Иргэд гэртээ ч тайван орж чадахгүй болчихоод байна.
-Дээрмийн хэргийг таслан зогсоох талаар танай байгууллагаас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Цагдаагийн байгууллагад ирсэн гомдлын дагуу энэ төрлийн хэргийг илрүүлдэг. Иргэдийг анхаарал болгоомжтой байхыг хэвлэл мэдээллээр ч байнга сануулж байгаа. Хэрэв дээрмийн хэргийн хохирогч болсон бол яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Таны эд зүйлийг дээрэмдсэн хүмүүс маргааш нь дахиад өөр хүнийг хохирогч болгодог. Тиймээс дээрмийн гэмт хэргийг таслан зогсооход иргэдийн оролцоо чухал нөлөөтэй гэдгийг хэлье.
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж: unen.mn
URL: