Хүний амь хөнөөж, толгойн үсийг нь мулзалсан ”Шайнинг” салон үйлчилгээ явуулах эрхтэй юу?

 ”Шайнинг” салоныхон анх удаа хүнийг үсгүй болгож байгаа юм биш гэнэ-
Баянгол дүүргийн нэгдүгээр хороо буюу “Шайнинг” салоноор нэгэн эмэгтэй үйлчлүүлээд толгойн үс нь унасан бөгөөд уг үйлчлүүлэгч бухимдлаа илэрхийлснийхээ хариуд хятад үсчингүүдэд зодуулан хэвлий дэх нэг сартай үрээ алдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Уг хэрэг энэ сарын 20-21-ний өдрүүдэд гарсан. Үүнээс хойш 10 хоног өнгөрсөн ч салоны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа нь олны эгдүүцлийг төрүүлж байна. Тус салоны үйл ажиллагааг өнгөрсөн баасан гаригт зогсоосон ч төд удалгүй эргээд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Өчигдрийн байдлаар салоноор хэд хэдэн эмэгтэй үсээ будуулаад сууж байв. Гэтэл дээрх хохирогч эмэгтэй тус газраар үйлчлүүлээд хохирсон анхны хохирогч биш болох нь тогтоогдлоо. Тодруулбал, одоогоос нэг жилийн өмнө бас нэгэн эмэгтэй “Шайнинг” салоноор үйлчлүүлээд толгойн үснээсээ бүр мөсөн хагацаж дахин үс ургах боломжгүй болсон гэнэ. Тухайн үед хохирогч эмэгтэй гоо сайхнаараа нөхөж баршгүй хохирсон, эцсээ хүртэл заргалдах болно гэж байсан ч төд удалгүй салоны удирдлагуудтай тохиролцон мөнгө аван салсан бөгөөд хэргийн талаар мэдээлэл өгөхөөс эрс татгалзжээ.

Харин сүүлийн хохирогч эмэгтэй одоог хүртэл эмнэлгийн орноос салж чадаагүй байна. Учир нь хятад үсчингүүдийн хэрэглэсэн үсний будаг эмэгтэйд их хэмжээний харшил өгч улмаар толгой болоод дотоод эрхтэнд нь нөлөөлжээ. Түүнчлэн салоны үсчингүүд түүнийг бүлэглэн зодсоноос зулбасан байсан ураг гүйцэд цэвэрлэгдээгүй, химийн хордлого нь бөөрөнд нөлөөлөн шээс нь гарахаа болиод байгаа аж.

ХЯТАД ҮСЧИНГҮҮДИЙГ ӨМГӨӨЛДӨГ ЭРҮҮГИЙН ЦАГДАА НАР ХЭН БЭ?
Баянгол дүүргийн цагдаагийн ажилтнууд тус салон дээр ирж байцаалт авч байх үед 40 орчим насны нэгэн хятад эрэгтэй өөрийн талын хоёр цагдааг дагуулан ирсэн талаар эх сурвалж хэлж байгаа. Тэд өөрсдийгөө Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд гэж танилцуулсан бөгөөд хэргийг хэн ахалж байна хэмээн цагдаа нараас байн байн асууж байсан гэнэ. Харин Баянгол дүүргийн цагдаа нар өөрсдийн хариуцаж байгаа хэргийнхээ өмнүүр гадны цагдаа нарыг оролцуулахгүй хэмээн тэднийг буцаасан гэх. Хятадуудын гар хөл болсон тэдгээр цагдаа нар хэн гээч эрхмүүд байсныг Баянгол дүүргийн цагдаа нараас ч хэлэх хүн алга байна.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ГАРАХГҮЙ УДААД БАЙГААГИЙН ЦААНА ЯМАР УЧИР БАЙНА
Хүний толгойн үсийг химийн хороор хордуулсан, бүлэглэн зодож хэвлий дэх үрийг нь зулбуулсан гээд хятад үсчингүүдийн хийсэн хэрэг уг нь Эрүүгийн хуулийн 172.1, 99.2 гээд хоёроос дээш зүйл ангиар зүйлчлэгдэх ёстой. Түүнчлэн хүний үсийг хуйхалсан тохиолдол дахин давтагдаад байгаа. Хүн амины хэргээр зүйлчлэгдэх ёстой эл хэрэг чухам юуны учир өдийг хүртэл эрүү үүсэхгүй байгаа болоод хятад үсчний газар хэвийн ажилласаар байгаад ямар учир байгаа нь тодорхой бус байна. Хэргийн талаар шинжээчийн дүгнэлт ажлын 3-5 хоногт гарах учиртай. Ингэсний дараа эрүү үүсэх ёстой. Гэтэл хэрэг гарснаас хойш 10 хоног өнгөрчихөөд байхад шинжээчийн дүгнэлт гарахгүй байгаагийн цаана ямар учир байгаад хариулт өгөх хүн мөн л алга байна. Уг нь бол буруутай этгээдийг тогтоотол үсчний газар үйл ажиллагаа явуулах эрхгүйн зэрэгцээ хэвлийдээ эндсэн алтан амийг тэднээс нэхэх учиртай.

Гэвч өнөөг хүртэл эрүү үүсгэхгүй байгааг хохирогч хэргийг хариуцсан байцаагчаасаа лавлатал “Хүлээж бай гэж хэлсэн биз дээ. Болоогүй байна” хэмээн зандарч, утсаа салгасан байна. Харин энэ талаар манай редакциас түүн рүү утас цохин хэргийн учрыг лавлахыг хүсвэл “Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанд дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн байгаа. Тэндээс лавла” хэмээн хурдан гэгч нь утсаа салгалаа. Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанд энэ талаар мэдээлэл ирээгүй бөгөөд хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа гэдгийг хэллээ.

ҮР ЗУЛБАСАН НЬ ҮНЭН, ГЭХДЭЭ ХӨНГӨН ГЭМТЭЛ
Шүүх эмнэлгийн дүгнэлтийг Мөнхбат гэгч эмч хариуцаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар “Үр зулбасан нь үнэн. Гэхдээ хөнгөн гэмтэл учирсан” гэж тодорхойлжээ. Хэрэг гарснаас хойш 10 хоног өнгөрсөн байхад хохирогч эмэгтэйн биеийн байдал дээрдээгүйн зэрэгцээ шээс гарахгүй өдөр болгон нэг шинжилгээ өгч хариу нь муу гарсаар байхад шүүх эмнэлэг ийнхүү тодорхойлсон нь хятад үсчингүүдийн ар тал бүх шатанд нөлөөлөөд байгааг үгүйсгэх аргагүй байна. Мөн хохирогчийн үс яагаад унасан, үс будахдаа хэрэглэсэн бодис ямар зүйл байсан, хоёр хүний гоо сайхнаар тоглосон хятад үсчний газар яагаад өдийг хүртэл хэвийн ажилласаар байгаа болон шинжилгээний хариу гарахгүй удаад буйг Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ганхүүгээс асуумаар байна.

“Шайнинг” үсчний салонтой залгаад хятад хоолны ресторан мөн ажиллаж байна. Эх сурвалжуудын хэлж байгаагаар үсчин болон хоолны газруудын аль алинаар нь цагдаагийн ажилтнууд байнга үйлчлүүлдэг түүгээр ч үл барам хятад эзэдтэй тун ойрын харилцаатай байдаг гэнэ. Богд-Ар хороолол баригдахаас өмнө үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн хятад эзэдтэй тус газрууд Монголын цагдаа нарыг үйлчилгээгээ үнэгүй үзүүлэн амыг нь таглах аргаа олсон байж мэдэхээр байна.

“Шайнинг” салоны хохирогч нэг биш хоёр гэдэг нь тогтоогдсон. Хохирсон эмэгтэй жирэмсэн байсан бөгөөд хэвлий дэх үр эндсэн, хятад ажилчид эмэгтэйг бүлэглэн зодсон гэдэг нь илэрхий. Хохирсон эмэгтэйн биеийн байдал ч өнөөг хүртэл дээрдэхгүй эмнэлэгт эмчлүүлж байна. Түүний дагзны ар хэсгээр ямар ч үс ургахгүй байгаа гэдгийг тэрээр хэлэв. Нөхцөл байдал ийм байхад Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Ганхүү, тус хэргийг мөрдөж байгаа Баянгол дүүргийн байцаагч Энх-Амгалан, болоод шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан Мөнхбат нар хэргийг хэрхэн шийдэх нь сонин байна. Хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.

С.Мөнх-Од

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих