Зөвшөөрөлгүй хоёр барилгыг нураана

Сүүлийн үед зөвшөөрөлгүй барилгын осол эндэгдэл их гарах болсон. Энэ асуудалд дорвитой арга хэмжээ авахаар нийслэлийн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнгөрсөн баасан гаригт болсон удирдах ажилтнуудын зөвлөлгөөнөөр нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр нийслэлийн хэмжээнд нийтдээ 545 барилга баригдаж байгаагаас 80 гаруй нь ямар нэг байдлаар хууль зөрчин зөвшөөрөлгүй баригдаж байгаа тухай танилцуулсан.

Харин зөрчилтэй баригдаж буй дээрх барилгуудаас Сүхбаатар дүүргийн V хороо зургадугаар сургуулийн дэргэдэх “Авзага трейд” ХХК-ийн барилга, Сонгинохайрхан дүүргийн Таван шард “Тэмүүлэнбаатар” гэх хоёр компаниийн барилга ямар ч зөвшөөрөлгүй баригдаж байсан аж. Газрын зөвшөөрөлгүй барьж байгаа энэ үйлдлийг нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой гэнэ. Төрийн өмчид барилга барьсан тохиолдолд газраа эргүүлэн авч, шаардлагатай гэж үзвэл цагдаагийн хүч хэрэгслийг дайчлан албадан буулгах, барилгыг төрийн мэдэлд шилжүүлэн авах хүртэл арга хэмжээ авах юм байна.

Манай сургуулийн газраас авсан юм байхгүй

Харин нураахаар болсон Сүхбаатар дүүргийн V хороонд байрлах 12 давхар орон сууцны зориулалтаар баригдаж буй “Авзага трейд” ХХК-ийн барилгыг зорилоо. Тус компанийн захирал нь Монгол Улсын гавьяат барилгачин П.Мэндбаяр юм байна. Ерөнхий боловсролын зургадугаар дунд сургуулийн урд модон хашаа тойруулаад барьчихсан байлаа. Шүүхээс үйл ажиллагааг нь зогсоохыг сануулсан тул “Авзага трейд” ХХК-ийн зөвшөөрөлгүй барилга ажлаа зогсоосон байв. “Орохыг хориглоно” гэсэн бичиг хашаагаа тойруулан наажээ. Тус барилгын суурийн ажил хийгдэж байгаа янзтай. Хашаан доторх харуултай уулзахад “Би өглөө энэ ажлыг авсан. Ямар зориулалтаар баригдаж байгааг нь мэдэхгүй. Одоогоор барилгын ажил нь зогссон байна. Өөр тодорхой мэдэх юм алга. Тэгж хоолноосоо салаад яахав” гэсээр харуулын байрлуугаа орчихов.

Зөвшөөрөлгүй барилгыг бариулахгүй байх хэрэгтэй гэсэн иргэд олон байлаа. Харин зургадугаар сургуулийн удирдлагатай уулзах гэсэн боловч ахмадын баярын арга хэмжээтэй гээд олдсонгүй. Тус сургуулийн нягтлан бодогч хэлэхдээ, “Намайг 2001 онд энэ сургуульд ирэхэд хашаа тойруулаад хатгачихсан барилга барьж байсан. Тэгээд 12 давхар орон сууц боссон юм. Харин дараа нь энэ барилга манай сургуулийн хашааг буулгаад өөр хашаа босгон ажлаа хийх болсон. Сургуулийн захирлыг очиж уулзахад барилгаа барьж дуусаад хашааг тань бариад өгнө гэж хэлсэн гэсэн. Өөр мэдэх юм алга” гэв. Харин нөгөөх нь таван шард байрлах Тэмүүлэнбаатар ХХК-ийн эмнэлгийн зориулалтаар баригдаж буй дөрвөн давхар барилга юм. Ямартай ч энэхүү зөвшөөрөлгүй барилгуудыг нураана. Харин хэзээ гэдэг нь тодорхойгүй байгаа аж. Үлдсэн 70 гаруй зөвшөөрөлгүй барилгын асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг иргэд харах үлдлээ.

Ж.ГАНЦЭЦЭГ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих