Газны хэрэглээ “гамшиг” дагуулж мэдэхээр байна
Ахуйн хэрэглээний газ үнэрлэх, цацаж хордсон явдал хэрээс хэтэрлээ. Энэ төрлийн хэрэгт бага насны хүүхэд холбогдож буй нь аюулын харанга гэлтэй.
Өнгөрсөн хугацаанд 13-14 насны гурван хүүхэд газ үнэрлэсний улмаас хорвоог орхижээ. Мөн 50 гаруй хүүхэд газанд мансуурч байгаад баригдсан гэх. Хамгийн сүүлд гэхэд Дархан-Уул аймгийн дунд сургуулийн сурагч “Шок” нэртэй газыг ангидаа цацаж улмаар таван хүүхэд ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэв.
Уг газыг худалдаалаад байдаггүй тусгай хамгаалалттай байгууллагууд хэрэглэдэг аж. Гэтэл яаж яваад хүүхдүүдийн гарт очсон нь сонирхолтой. Мөн Налайх дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт 15 настай О нарын дөрвөн хүүхэд 0.5 литрийн савалгаатай ахуйн хэрэглээний хий үнэрлэн мансуурсан. Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэр, 30 дугаар сургуулийн ар талд Орос цэргийн хашаанд насанд хүрээгүй таван хүүхэд мансуурсан байдалтай цагдаагийн албан хаагчдад баригдсан байна.
Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутаг 92 дугаар цэцэрлэгийн шатан дээр долоон хүүхэд газ үнэрлэж, мансуурч байгаад баригдсан гээд дурьдаад байвал дуусахгүй. Энэ мэт газны замбараагүй хэрэглээ хүүхдүүдийг эрсдэлд хүргэж буй юм.
Улсын хэмжээнд 142 хүүхэд газ, цавуу, бензин үнэрлэж мансуурдаг болох нь тогтоогдсон судалгаа бий. Ахуйн хэрэглээний газны найрлагад пропан, бутан, хүхэр зэрэг хүний биед сөрөг нөлөөтэй химийн бодисууд багтсан байдаг.
Энэ хорт бодисуудыг ихээр хэрэглэснээр хүний тархи мэдрэлийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх, түлэх, амьсгал боогдуулах, цаашлаад амь насаа алдахад хүргэдэг аюултай. Үүнийг өсвөр насныхан төдийгүй багачууд тэр бүр мэддэггүйгээсээ хохирсоор байна. Үүнд эцэг эхчүүд нь хяналт тавих хэрэгтэй. Гэтэл хичээлдээ явж л байвал боллоо гэсэн шиг хаячихдаг. Хүүхдээ хаана, хэнтэй, юу хийж явааг нь анзаарахгүй сууж байх зуурт чинь нэг нэгнийгээ уруу татсан хүүхдүүд мансуурч, эрүүл мэндээрээ хохирч байна.
Түүнчлэн ахуйн хэрэглээний газ худалдаж, борлуулдаг үйлчилгээний газрууд бага насны хүүхдүүдэд зарахгүй байх хэрэгтэй. Ашиг олж л байвал ард нь хүний амь сүйднэ үү, байна уу хамаагүй хэрэг үү. Сүүлийн үед “хүч”-ээ аваад байгаа газ, мансууруулах төрлийн зүйлийг хумих үүднээс мэргэжлийнхэн янз бүрийн арга хэмжээ авч байгаа. Гэхдээ эл үүрэг зөвхөн цагдаа нарт тохогдож буй нь харамсалтай.
Мэргэжлийн хяналт, эцэг, эхчүүд гээд нэгдсэн журмаар ажиллахгүй бол хүүхдүүд газнаас татгалзахгүй, харин ч шохоорхож, сонирхох нь ихэсч мэднэ. Энэ үйл ажиллагаанд цохилт өгөх зорилгоор Нийгмийн хэв журам хамгаалах газраас “Газ” нэртэй нэг сарын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсантай холбогдуулан өнгөрсөн сарын 26-ны өдөр “Мансууруулах, донтох, сэтгэцэд нөлөөлөх эм, бодис түүний хор хөнөөл” сургалт зохион байгуулсан.
Сургалтад нийслэлийн дүүргүүдийн хэв журмын ахлах, олон нийттэй харилцах ахлах, хэсгийн болон хүүхдийн байцаагчид гээд 200 гаруй албан хаагч оролцжээ. Энэ үеэр мансуурах, донтох, сэтгэцэд нөлөөлөх эм, бодис, түүний хор хөнөөл, урьдчилан сэргийлэх ажлыг явуулах анхны мэдэгдэхүүнийг өгч ажилласан байна.
А.Лхагва
URL: